Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслийг Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нар өнөөдөр (2023.06.08) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Монгол Улсын Их Хурлын 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг анх баталж, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар уг хуульд өөрчлөлт оруулсан. Одоогийн хүчин төгөлдөр хуулиар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 19,049.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 34.9 хувь, нийт зарлагын дээд хэмжээг 20,475.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 37.6 хувь, нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ 5,359.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 9.8 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -1,425.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 2.6 хувийн алдагдалтай байхаар заасан.
Дэлхий нийтийг хамарсан цар тахал, геополитикийн хурцадмал байдлаас улбаатай инфляцын дарамт, урд хөршид тогтоосон хөл хорио, улс орнуудын төв банкнуудын хэрэгжүүлсэн мөнгөний эрс хатуу бодлогоос шалтгаалсан сорилт, тодорхой бус байдал үргэлжилсэн хэвээр байна. Олон улсын валютын сангийн тооцооллоор дэлхийн эдийн засаг 2023 онд 2.8 хувиар, 2024 онд 3.0 хувиар өсөж, ирэх 5 жилийн өсөлт 3 орчим хувь буюу сүүлийн 20 жилийн дундаж болох 3.8 хувиас бага байх төлөвтэй байна.
Монгол Улсын Засгийн газраас экспортын голлох бүтээгдэхүүн болох нүүрсний олборлолт, тээвэрлэлт, хилээр нэвтрүүлэх үйл ажиллагаанд үүсээд байсан хүндрэл, бэрхшээлийг арилгах чиглэлд “уурхайн ам” нөхцөлөөр хямд зарагдаж байсан нүүрсээ БНХАУ-ын талтай хамтран ажиллаж, биржээр дамжуулан “хил” нөхцөлөөр ил тод, нээлттэй борлуулж эхэлсэн. Үүний үр дүнд Монгол Улс 2023 оны эхний 4 сард экспортолсон нүүрсний нийт хэмжээ өнгөрсөн оны эхний 9 сарын хэмжээтэй дүйцсэн нь 2023 оны эдийн засгийн өсөлтийг 6.0 хувьд хүргэж, цаашид эдийн засгийн үзүүлэлтэд эергээр нөлөөлөхөөр байна.
Хэдийгээр эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдэд эерэг өөрчлөлтүүд гарч эхэлсэн боловч гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр сүүлийн 20 сар дараалан Монгол Улсын инфляц 10 хувиас дээш түвшинд байгаа тул Засгийн газраас инфляцын сөрөг нөлөөллийг бууруулах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагыг бий болгож байна. Дээр дурдсан эдийн засаг, нийгмийн нөхцөл байдлаас шалтгаалан Монгол Улсын Засгийн газраас хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, төрийн албан хаагчдын орлогын баталгааг сайжруулах, иргэдийн амьдрах орчныг дээшлүүлэх, хотын түгжрэлийг бууруулах багц арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлага үүссэн байна.
Тухайлбал, Нийгмийн даатгалын сангаас олгож буй тэтгэвэр болон цэргийн алба хаасны тэтгэврийг ижил хувь, хэмжээгээр нэмэгдүүлж ирсэн нь тэтгэврийн зөрүү үүсэх үндсэн шалтгаан болсон. Тиймээс тэтгэврийн зөрүүг арилгах цалингийн итгэлцүүрийг шинэчилж, 164.6 мянган хүний тэтгэврийг нэмэгдүүлэхээр төсөл тусгасан байна. Итгэлцүүр ашиглан тэтгэврийн зөрүүг арилгасны дараах сууриас тооцож тэтгэврийн зардлыг 10 хувиар нэмэгдүүлснээр 496.3 мянган хүний тэтгэврийн хэмжээ нэмэгдэх юм байна.
Мөн төрийн албан хаагчийн цалин хөлсний бүтцийг 2022 оноос хойш үе шаттай шинэчлэх арга хэмжээг эхлүүлсэн бөгөөд энэ хүрээнд төрийн албан хаагчийн “14 сүлжээний 566 ялгаатай цалин”-г нэг шатлал бүхий “12 сүлжээний 109 суурь цалин”-тай болгож цэгцэлсэн байна. Энэхүү бодлогын арга хэмжээг үргэлжлүүлж “4 сүлжээний 42 суурь цалин”-тай болгохоор зорьж, төрийн албан тушаалын ангилал хоорондын цалингийн зөрүүг арилгах, цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэх, босоо болон хэвтээ удирдлагатай орон нутгийн бүх байгууллагад ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид орон нутгийн нэмэгдлийг ижил хувиар тооцож олгох зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Иймд эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчийн цалин хөлсний зардлыг нэмэгдүүлж, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт олгож буй тусламж, үйлчилгээний өртөг, тарифт тохируулга хийх шаардлага бий болжээ.