“Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ

Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2024.04.16) Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд 11 цаг 19 минутад эхэлж, “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Хуралдааны эхэнд тус Байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр гишүүдийн ирцийг танилцууллаа.

Харин тогтоолын төслийн танилцуулгыг Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс илтгэсэн юм.

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг 2023 оны 05 дугаар сард баталж, хэрэгжүүлж эхэлсэн тул Монгол Улсын Их Хурлын даргын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 209 дүгээр захирамжаар “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр ахлуулан байгуулсан. Уг Ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх ажлын дэд хэсгийг Ёс зүйн хороо, Төрийн албаны зөвлөл, Улсын Их Хурлын Тамгын газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Эдийн засаг, хөгжлийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Монгол Улсын Их Сургууль, Удирдлагын академи, Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэн зэрэг байгууллагын төлөөллийн бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллаж байна.

Ажлын дэд хэсгээс боловсруулсан төслийг Төрийн албаны зөвлөлийн цахим хуудас, d.parliament.mn цахим талбарт байршуулж, олон нийтээс санал авч, Төрийн албаны зөвлөлийн цахим хэлэлцүүлэгт 2800 гаруй төрийн албан хаагчийг оролцуулан төслийг хэлэлцүүлж, мөн танхимын уулзалт, хэлэлцүүлгийг 7 удаа зохион байгуулсан хэмээн Ажлын дэд хэсэг танилцуулгадаа дурдлаа. Үндэсний хөтөлбөрийн төсөлд нийт 45 төрийн болон төрийн бус байгууллага, иргэнээс 520 гаруй санал ирүүлснийг нэгтгэн тусгаж, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн үндсэн зорилго, зарчмын хүрээнд зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг төлөвлөж, цахим мэдээллийн сан үүсгэх, тайлагнах, иргэдэд ил тод мэдээлдэг байх, Ёс зүйн дэд хороодын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зэргийг багтаан боловсруулжээ.

Үндэсний хууль тогтоомж, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, бусад холбогдох эрх зүйн баримт бичгийг үндэслэн хөтөлбөрийг боловсруулахдаа Австрали, Англи, Хонконг, Сингапур, Солонгос, Япон, Швед, Норвеги, Дани, Америк, Канад зэрэг улсаас туршлага судалсан. Төрийн албаны үнэт зүйл, тулгамдаж байгаа асуудал, хариуцлагын тогтолцоог үр дүнтэй хэрэгжүүлэх, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээ зэрэг дотоодын судлаачдын судалгааны үр дүнд тулгуурлан ёс зүйн зөрчилд тооцох хариуцлагын механизм сул байна хэмээн Ажлын дэд хэсэг дүгнэснийг танилцууллаа.

Түүнчлэн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэрэгсэл нь зөвхөн сургалт төдийхнөөр хязгаарлагдах ёсгүй. Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийг мэдээлэх, хянан шийдвэрлэх, зөрчлөөс сэргийлэх тогтолцоог бүрэн төлөвшүүлж, ажлын гүйцэтгэлийг үнэлэхдээ ёс зүйн хэм хэмжээг мөрдөн ажилласан эсэхийг харгалзан үздэг байх, албан тушаалд дэвшүүлэх, шагнаж урамшуулахдаа “Чадахуйн зарчим”-ыг мөрдөх механизмыг бүрдүүлэх шаардлагатай гэж үзжээ.

2023 оны байдлаар нийтдээ 2961 ёс зүйн зөвлөл байгуулагдсан. Шинэ хуулийн хүрээнд Ёс зүйн дэд хороодыг ч байгуулах ёстой. 2024 оны эхний хоёр сарын байдлаар 2040 байгууллагын дэргэд дэд хороог байгуулж, 8600 орчим төрийн албан хаагчийг ажиллуулж эхэлсэн. Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийн төслийг 4 үндсэн зорилгын хүрээнд 11 зорилт, 57 үйл ажиллагаатайгаар боловсруулжээ. Тухайлбал ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг удирдамж заавраар хангаж, зохион байгуулалтыг сайжруулах; ёс зүйн зөрчлийг үл тэвчих сэтгэлгээ, шударга байдлыг эрхэмлэж чиглэсэн соён гэгээрүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх; удирдлага зохион байгуулалттай холбоотой буюу ёс зүйн хэм хэмжээг сахиулах зөрчлийг хянан шийдвэрлэх менежментийг сайжруулах; ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэхэд төр-иргэний нийгэм, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоог хангахад чиглэн зорьсон байна.

Үндэсний хөтөлбөрийг батлах Улсын Их Хурлын тогтоолын төсөлд бүх шатны төрийн байгууллага, Ёс зүйн хороо, дэд хороо, үндэсний хөтөлбөрийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэхдээ салбар, нэгжийн онцлогт нийцүүлэн жил бүр төсөв, төлөвлөгөөндөө тусгаж, хөгжлийн бодлогын дунд болон богино хугацааны хөтөлбөр, үндсэн чиглэлээ болгохоор заажээ.

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр төрийн албан дахь хүний нөөцийг ёс зүйтэй иргэдээр бүрдүүлж, эрсдлийн үнэлгээг тогтмолжуулах, зөрчил, хариуцлагын мэдээллийн бүртгэлийг хэвшүүлэх, төрийн өндөр албан тушаалтан болон томилох эрх бүхий албан тушаалтнуудын ёс зүйн манлайллыг төлөвшүүлэх, олон нийтийн хяналтыг нэмэгдүүлэх, ёс зүйтэй төрийн албыг бэхжүүлэх зэрэг олон  талын ач холбогдолтой гэв.

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 9.2-т заасныг үндэслэн Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийн төслийг батлах Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Үндэсний хөтөлбөрийн төсөл, үзэл баримтлал, танилцуулгыг Ажлын хэсгийн зөвлөмж, саналыг тусган эцэслэн боловсруулсан хэмээн Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, төрийн үйлчилгээг цахимжуулах үйл явц хэр гүйцэтгэлтэй явааг асуухад, өнөөдрийн байдлаар төрийн албаны хүний нөөцийн цахим мэдээллийн санд 4 239 байгууллагын 226 496 албан хаагч бүртгэлтэй байгаа. Албан хаагч тус бүрийн хөдөлмөр эрхлэлтийн түүх, шагнал, урамшуулал, шийтгэлийн талаарх мэдээллийг модуль тус бүрээр хөгжүүлж, өдөр тутмын үйл ажиллагаанд нэвтрүүлсэн хэмээн Ажлын дэд хэсгийн төлөөлөл хариуллаа.

Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр төрийн албан хаагч хэмээх ойлголтод улс төрийн албан тушаалтныг багтаасан эсэх, сайн дураар төрийн албанаас чөлөөлөгдсөн тохиолдолд дахин томилохгүй байх гэсэн заалт хүний эрхийг зөрчиж байна гэв. Тэрбээр, Сонгуулийн ерөнхий хороо бүх нэр дэвшигчийг мэднэ гээд сууж байх юм уу, ёс зүйтэй эсэхийг тодорхойлдог байгууллага нь Сонгуулийн ерөнхий хороо биш, ард түмэн юм. Нэр дэвших эсэхийг шийддэг байгууллага нь Сонгуулийн ерөнхий хороо, Төрийн албан зөвлөл биш гэв.

Ажлын дэд хэсгээс, “Алсын хараа-2050”-д ёс зүйн зөрчил үүсгэсэн бол сайн дураараа ажлаасаа чөлөөлөгддөг байх ёс зүйн соёлыг төлөвшүүлнэ гэж тунхагласан тул тогтоолын төсөлд тусгасан. Ёс зүйн алдаа ихэнх тохиолдолд санамсаргүй үүсдэггүй, дахин давтагдах шинжтэй байдаг тул цаашид томилохгүй байх бодлого баримталж, авлигын гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд төрийн албанд дахин ажиллуулахгүй гэсэн хатуу байр суурь баримтална. Ингэж гэмээнэ ёс зүйн хэм хэмжээ жинхэнэ утгаараа хэрэгжинэ гэсэн хариултыг өгсөн юм.

Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Улсын Их Хурлын тогтоол нь хуульд нийцэж, хуулийн хүрээнд батлагдах ёстой. Өөрийнхөө хүсэлтээр төрийн албанаас чөлөөлөгдсөн хүнийг төрийн албанд дахин ажиллуулахгүй гэдгийг тогтоолоор шийдэж болохгүй. Энд гэмт хэргийн тухай яриагүй. Өөрөөр хэлбэл, ажлын байранд зохисгүй хувцасласан, нэг цаг хоцорсон хүний тухай ярьж байгаа юм. Ёс зүйгүй дарга буруугаар ашиглах нөхцөл үүсгэж болохгүй. Дарга нарынхаа асуудлыг шийдэж чадаагүй байж, дарга нарт зэвсэг атгуулж болохгүй. Тиймээс энэ заалтыг хасах саналтай байна гэснийг Ёс зүй, сахилга, хариуцлагын байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, дэмжиж байна гээд тогтоолын төслийн 1.4 дэх заалтыг хасах саналтайгаа хэлсэн, дахиад оруулаад ирсэн байна хэмээв.

Харин Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, ёс зүйн зөрчил гаргаж байсан эсэх мэдээллийг нээлттэй үлдээж, ажилд дахин авах, авахгүйг тухайн үед нь байгууллагын удирдлага шийддэг байхаар нээлттэй үлдээх саналтай байна гэсэн юм.

Ийнхүү хэлэлцээд тогтоолын төслийн 1.2.4-д “Ёс зүйн зөрчил гаргаж халагдсан хүнийг төрийн албанд ажиллуулах”, 1.2.6-д “сонгуулийн төв байгууллага бүх шатны сонгуульд нэр дэвших ёс зүйн мэдүүлэг гаргах асуудлыг судалж шийдэх” гэснийг хасъя гэсэн саналын томъёоллоор санал хураахад, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 66,7 хувь нь дэмжлээ.

Үүний дараа уг тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, хэлэлцүүлэхийг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад 66,7 хувь нь дэмжсэн тул Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр санал, дүгнэлтийг танилцуулахаар тогтлоо.

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …