Энэ сарын 30-ны оройн 23.46 цагийн орчим Жүнгбүк аймгийн Асан хотын Ёнгинмёнг тосгоны (충남 아산시 영인면 토정로) дэргэдэх нэгэн зам дээр Аванте маркийн суудлын автомашин, замын хажуугийн шонгийн модыг хүчтэй мөргөсөн осол гарсан билээ.
Тосгоны дэргэдэх замаар хурд хэтрүүлэн давхиж байсан уг машин бага зэрэг уруудах хэсэг дээр ирээд хурдаа дийлэлгүй эсрэг урсгалд орон,замын цаана байсан шонгийн цементэн баганыг мөргөн зогссон ба уг ослоос болж машин дотор сууж байсан 6 Монгол залуугийн 4 нь амиа алдаж, 2 нь эмнэлэгт хүргэгдсэн байна. Одоогоор амьд үлдсэн 2 залуугийн нэг нь эмнэлгээс гарсан бол нөгөөх нь дунд зэргийн гэмтэлтэйгээр хэвтэж эмчлүүлж байгаа ажээ.
Уг машинийг жолоодож байсан Монгол улсын иргэн А (36) нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодсон болон бусдын машинийг мөргөж хэргийн газраас зугатаасан хэргээр 2013 оны 5 сарын 20-ны өдрөөс хойш Чонан хотын цагдаагийн газраас эрэн сурвалжлагдаж байсан нэгэн юм байна. Тэрээр бусдын нэр дээрх Аванте маркийн суудлын автомашинийг зээлдэн унадаг байсан ба энэ удаа ихээхэн хэмжээний согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолооны ард сууж, осол гаргасан гэж үзэж байгаа ажээ.
Сүүлийн үед Солонгос улсад хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, албан ёсны баримт бичигтэй бусдын нэр дээрх автомашинийг зээлдэн унах явдал их байгаа бөгөөд ялангуяа хөдөө орон нутагт амьдардаг гадаадын иргэд ийм байдлаар машин жолоодож яваад хэрэг гаргасан тохиолдолд, хэргийн газраас шууд зугатаах явдал түгээмэл болжээ.
Тиймээс автомашин жолоодож буй гадаадын иргэдэд тавих хяналт шалгалтыг идэвхжүүлэх болно гэж Цагдаагийн газраас мэдээлэллээ.
эх сурвалж: mglradio.com