УИХ-аас баталсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд зааснаар Засгийн газар энэ онд улсын өрийг ДНБ-ий 58.3 хувиас хэтрүүлэхгүй байх үүрэг хүлээлээ.
Өрийн таазыг нэмэх нь хөрөнгө оруулалтыг өсгөх боломж байв. Энэ нь ганцаардсан бодлогын хүүд хань болж валютын ханш, инфляцийн төвшинд нөлөөлөх байлаа. Гэвч санасандаа хүрч чадсангүй. ДНБ-ий 40 хувиас хэтрүүлэхгүй хэмээн хуульдаа заасан хэдий ч аль хэдийнэ давсан гэдгийг албаныхан хүлээн зөвшөөрсөн. Ийнхүү дээврээ цөмлөн ургасан “тааз”-ыг 70 хувьд хүргэх хөг нь өнгөрөв. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд оруулсан өөрчлөлтийн хүрээнд төсвийн алдагдлыг хасах таван хувьд барихыг зөвшөөрсөн ч зээлийн хязгаарыг 58.3 хувиар тогтоосон юм. Ингэснээр бодит секторыг дэмжих бололцоо хумигдаж байна хэмээн бизнесийнхэн халаглаж байна. Учир нь зардлаа танаж, алдагдлыг бууруулахгүй хэрнээ эдийн засгийг сэлбэх мөнгөний урсгалыг хязгаарлахаар аж ахуйн нэгжүүд хүнд байдалд орох нь дамжиггүй хэмээн бизнесийнхэн учирлалаа. Энэ нь эдийн засгийг сэргээх биш ард түмнийг элгээр нь хэвтүүлэх гаргалгаа бололтой. Яагаад гэвэл ийнхүү хямарсан эдийн засгийг хүчирхэгжиж буй хувийн хэвшлийхэн нуруундаа үүрнэ хэмээн эдийн засагчид хэлж байсан юм. Энэ нь еэвэнгийн нэг тал нь.
Нөгөө тал нь гэвэл, та 500 мянган төгрөгийн цалинтай бол 200 мянгаас дээш өр тавиад хэрэггүй. Хэрэв хэтрүүлээд 400 мянга хүргэвэл нэг сар хоосон ходоодтой, явган гүйнэ гэсэн үг. Тиймээс өрийн хязгаарыг хуульчилсан биз.
Нэгэнтээ хуулийн заалтаас давж өрийн дээд хязгаар хэтэрсэн тул зөрчлийг арилгахын тулд хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг зөв шийдэл хэмээн улстөрчид үзэв. Харин ийн өссөн өрийн хязгаарыг жил дараалан бууруулах бодлого баримтлахаар тохиролцсон нь энэ. Уг нь иргэд хөнжлийнхээ хэрээр хөлөө жийх хэрэгтэй хэмээн сануулсаар байсан. Хэтэвч нь хоосорч, ходоод нь хонхолзсон иргэдийнхээ сиймхийг ашиглан ийнхүү өрийн таазаа нэмчих вээ хөөрхий.
Д.ОЮУНЧИМЭГ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин