Ховд аймгийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдөр болж Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан мал амьтны халдварт өвчин шүлхий гарсантай холбогдуулан А/73 тоот захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосныг мэдэгдлээ.
2015 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн байдлаар Булган, Үенч сумын нутагт шүлхий өвчний голомт бүхий газар нийт 839 мал өвчилж, нэг бяруу үхсэн. Өдөрт 4-5 мал нэмж өвчлөөд байна.Улсын мал эмнэлгийн лаборатори, аймгийн мал эмнэлгийн газрын малын эмч нарын түргэн оношлуурын шинжилгээгээр шүлхий өвчин мөн болохыг тогтоосон. Голомт бүхий сумдын 289.0 мянган толгой малд 160.2 тун вакцин, хамгаалалтын бүсэд 58.0 мянган тун нөөцөлсөн. Ариутгал халдваргүйтлийн хувцас 350, тарилгын зүү тариур, бусад зардалд 12.7 сая төгрөг зарцуулаад байна. Булган, Үенч сумын голомт бүхий 6 газар 7000 хүн, 8000 гаруй мал байна.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан 73 хүн хээрийн штабуудад ажиллаж, постуудыг гэртэй болгох, тэнд ажиллаж байгаа хүмүүсийг хоол хүнс, орон байраар хангаж ажиллахыг Булган, Алтай, Үенч сумдын Засаг дарга нарт үүрэг өгөн ажиллаж байна.
Улсын хилийн нэвтрэлтийг тодорхой хэмжээгээр хязгаарлаж, Хятадын талаас хил хаахгүй, ариутгал хийх,тодорхой хязгаарлалт хийж том оврын нүүрс тээвэрлэх машинууд зорчино гэнэ. Хил боомтыг бүрэн хаах талаар одоогоор санал гараагүй улсын хил, Цоохор нуур, Улаан үзүүр зэрэг газруудад ариутгал хийж, нүүрс, барилгын материал тээвэрлэж болно гэж үзжээ.
Шүлхий өвчний халдвар тархаахгүй байх, иргэд хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах нөхцөл бүрдүүлж байна гэдийг аймгийн Засаг дарга шуурхай зөвлөгөөн дээр хэллээ.