Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн сонгогчдод хандаж үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.
Эрхэм хүндэт иргэд, сонгогчид оо!
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийн санал авах ажиллагаа 6 дугаар сарын 26-ны Лхагва гаригт улс орон даяар өглөөний 7 цагаас үдшийн 22 цагийн хооронд явагдах бөгөөд сонгогч Таны Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ эдлэх хариуцлагатай бөгөөд хүндтэй түүхэн цаг мөч тохиох гэж байна.
Энэ удаагийн сонгуулийг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах үүрэг бүхий аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, сум, дүүргийн 339 сонгуулийн хороо, 1896 хэсгийн хороо байгуулагдаж, тэдгээрт төрийн жинхэнэ болон үйлчилгээний нийт 15863 албан хаагч сонгуулийн бэлтгэлийг ханган ажиллаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль, УИХ-ын 69 дүгээр тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг автоматжуулсан системээр зохион байгуулж явуулахаар заасан. Хууль тогтоомжид заасны дагуу сонгуулийн автоматжуулсан системийн бэлтгэл ажлыг ханган аймаг, нийслэл, дүүргийн сонгуулийн хорооны дэргэд Мэдээллийн технологийн 31 баг, 2271 мэдээллийн технологийн даамал, 2501 иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан сонгуулийн техник хэрэгслийн хэвийн үйл ажиллагааг ханган ажиллаж байна. Мөн цагдаа /2673/, тагнуулын байгууллагын алба хаагчид сонгуулийн үеийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд 1.856.190 сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн байна. Сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэх, нягтлан шалгах, давхардлыг арилгах ажлыг улсын хэмжээнд Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хуулиар хүлээсэн үүргийн дагуу зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж байна.
Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд заасны дагуу сонгуулийн нийт хэсэгт ашиглагдах 3754 бүртгэлийн техник хэрэгсэл, 2500 ширхэг санал тоолох төхөөрөмжийг Тагнуулын ерөнхий газар, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, тус Хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн хамтарсан Ажлын хэсэг шалган туршиж, баталгаажуулсан. Санал авах, тоолох энэхүү төхөөрмжийг 2012 оны УИХ-ын болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулиудаар амжилттай хэрэглэсэн билээ. Иймд сонгогч Та бүхэн сонгуульд хэрэглэж буй автомат техник хэрэгсэлд итгэлтэй байж болно.
Сонгуулийн санал авах байруудыг тэргэнцэртэй сонгогч орох боломжоор хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж тусгайлан тоноглосон санал бэлтгэх бүхээг болон харааны бэрхшээлтэй сонгогч саналаа өгөхөд зориулан саналын хуудсыг унших, саналаа тэмдэглэх тусгай зориулалтын брайль үсэг бүхий хавтас бэлтгэж бэлэн болгоод байна.
Гадаад улсад ажиллаж амьдарч байгаа иргэдийн санал авах ажлыг 6 дугаар сарын 14, 15, 16-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж явууллаа. Хилийн чанд дахь 39 Дипломат төлөөлөгчийн газарт нийт 169 хүний бүрэлдэхүүнтэй сонгуулийн 39 салбар комисс байгуулагдан ажилласан бөгөөд саналаа өгөхөөр бүртгүүлсэн нийт 6233 иргэнээс 4248 иргэн буюу 68.2 хувь нь саналаа өгсөн байна.
Хуулийн дагуу зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх ажиллагаа 6 дугаар сарын 25-ны өдрийн 09.00-20.00 цагийн хооронд явагдаж дуусч байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуульд Улсын Их Хуралд суудал бүхий 3 нам нэр дэвшүүлж улс орон даяар сонгуулийнхаа сурталчилгаагаа хуулийн хугацаанд явуулж дуусгалаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийг ажиглахаар гадаад, дотоодын өргөн бүрэлдэхүүнтэй ажиглагчдын баг бүртгүүлэн эрхээ авч ажиллаж байна. Гадаад ертөнц Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг анхааралтай ажиглаж байна. Тухайлбал, АНУ, Швед, Канад, ОХУ, ХБНГУ, БНСУ, Австрали, БНФУ, Дани, Норвеги, Швейцар зэрэг 35 улс орноос болон Олон улсын байгууллагаас 400 гаруй ажиглагч Сонгуулийн Ерөнхий Хороонд бүртгүүлж, ажиглагчийн үнэмлэх аваад байна. Гадаадын 30 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг сурвалжлахаар ирээд байна.
Түүнчлэн сонгуульд оролцож буй улс төрийн намуудаас томилогдсон 20 гаруй мянган ажиглагчид санал авах байруудад ажиллаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар энэ өдөр бүх нийтээр амарна. Сонгогч Та санал өгөх байранд иргэний үнэмлэхтэйгээ ирж саналаа өгнө. Санал өгөхөд иргэний үнэмлэхээс өөр бичиг баримт шаардахгүй ээ. Сонгогч Та зөвхөн нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх эрхтэй. Харин нэгээс илүү нэр дэвшигчийн төлөө санал өгвөл Таны санал хүчингүй болохоор хуульд заасныг анхаарахыг хүсье. Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын захиргаа чөлөө олгож, түүнийг саналаа өгөх боломжоор хангах үүрэгтэй.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульдаа бүгдээрээ идэвхитэй оролцохыг Сонгуулийн Ерөнхий Хорооны нэрийн өмнөөс сонгогч Та бүхэндээ хандан уриалж байна.
Төрийн сонгууль түвшин, түмний оролцоо өргөн байх болтугай!
Сонгогч түмэндээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе!