Арьсны үзэлт цагдаа нарын хэргийг шалгаж байна

3t74oejlooo9vssu89ge7m2th0АНУ-д цагдаа нарын дунд арьсны үзэл гаргах явдал даамжирч тэдний үйлдсэн хэргийг тусгай комисс шалгаж эхэлжээ. Энэ комисс цагдаагийнхны сүүлийн 10 жилд баривчилсан 3000 хүний асуудлыг сөхөн үзэж дүн шинжилгээ хийх юм байна. Эндээс тэд иргэдийг арьс өнгөөр ялгаварлан хэтэрхий бүдүүлэг, тэвчмээргүй хандсан нь харагдаж эхэлж байна гэнэ.
Сан-Францискогийн тойргийн прокурор Жорж Гаскон ийм байдалд энэ хотын цагдаагийн удирдах газар бүхэлдээ автсан гэж хэлсэн байна.
Америкийн цагдаагийн байгууллагад бугшсан арьсны үзэл, бэлгийн дарамт үзүүлэх явдлын сэдэв  өнгөрсөн оны наймдугаар сард цагдаагийн эргүүл Даррен Уилсон хар арьст 18 настай Майкл Брауныг гэм зэмгүй байхад нь буудан хөнөөснөөс эхлэн ил болж олны анхаарлыг татсан юм.
Сан-Францискод цагдаагийн түрүүч Иэн Фармингерыг шүүхэд татсан нь үүн дээр бүр гал нэмэн хэрэг болсон. Тэр болоод цагдаагийн бусад офицерууд хар тамхины наймаачдыг баривчлаад тэднээс мөнгө, хар тамхийг нь өөрсдөө авдаг байсан нь илэрч  Фармингерыг шүүх энэ оны хоёрдугаар сард гурван жилийн хорих ялаар шийтгэсэн.
Түүнийг баривчилсны дараа мөрдөн байцаагчид гар утас, электрон шууданг шалгаж үзэхэдп энэ хүн өөрийн арьсны үзэлтэн, бэлгийн дарамт үзүүлдэг гэдгээ нуудагүй байсан нь илэрчээ.
Фармингер арьсны үзлээ илэрхийлсэн шоглолыг гэртээ байнаг зочилдог найзуудынхаа нөхөр, эхнэрт хандуулж бичдэг байсан нь илэрсэн байна. “Түүний нөхөр хар, тэр нь прокурор байвал яах бол” гэсэн байхад эхнэрийнхээ найз хар арьст залууд хандаж “Загалмай шатааж цусны даралтаа буулгадаг юм билүү” гэсэн нь Ку-клукс-кланы шийтгэлийг санагдуулж байгаа хэрэг.
Түүний найз цагдаа нар ч гэсэн “Негрүүдийг ариутгах хэрэгтэй” гэж нэг нь бичсэн байхад Фармингер хариуд нь “Обамагийн тухай юу боддогийг нь миний зургаан настай хүүгээс асуу л даа” гэж хариулсан байх жишээтэй. Бас нэг нь “Танай сургууль дээр кванзу тэмдэглэдэг үү /америкийн, африк гаралтай  хар арьстнуудын шинэ жил/” гэж асуухад Фармингер мөн л өнөө Ку-клукс-кланы тухай сануулж “Тэгэлгүй яахав. Талд загалмай шатаагаад дараа нь цагаан баг өмсдөг” гэжээ.

Үүний дараанаас л Сан-Францискогийн цагдаагийн газарт өргөн хэмжээний шалгалт оруулж бужигнуулснаар цагдаагийн хэд хэдэн офицер хар арьстнуудыг ялгаварлан үздэг,  дарамт үзүүлэн мэдүүлэг авдаг, тэр бүү хэл хоригдлуудын дунд зодооны нууц тэмцээн явуулдаг болох нь илэрчээ.
Фармингер бол Сан-Францискогийн цагдаа нараас арьсны үзэл гаргадаг, сэжигтнүүдийг дарамталж бэлгийн дарамт үзүүлдэг олон арван цагдаагийн зөвхөн нэг нь гэж прокурор Жорж Гаскон хэлж байна. Ийм хүмүүс хотын бүхий л цагдаагийн ажилтны сүүдэрт нуугдаад байж байгаа болохоор нэн даруй цэвэрлэх ёстой гэжээ. “Цагдаагийн газраас  ганц хүн л  хууль бусаар ажиллаж байгаа бол тэр нь нэг биш хэд хэдэн хүн байна гэсэн үг” гэж прокурор хэлжээ.
Сүүлийн үест АНУ-ын  цагдаа нараас хар арьст хүнийг буудан хөнөөсөн хэд хэдэн удаагийн хэрэг дараалан гарсан нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч, америкийн хотуудад жагсаал цуглаан үргэжллэн эсэргүүцэл өрнөж байгаагаас эрх баригчид энэ асуудлыг ийнхүү анхааралдаа аваад байгаа юм.

эх сурвалж: everyday.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …