АНУ-ын Засгийн газар Аль-Каида бүлэглэлийн толгойлогч асан Осама Бин Ладентай холбоотой бичиг баримтуудыг лхагва гарагт олон нийтэд дэлгэсэн байна. Үүнд нийтдээ 103 цаасан материал болон дүрс бичлэг байсан бөгөөд түүний зарим хувийн захидлыг англи хэл дээр орчуулжээ. Бичиг баримтуудын олонх нь араб хэл дээр байгаа гэнэ.
Түүнчлэн Осама Бин Ладен англи хэл дээр эдийн засаг, цэрэг армитай холбоотой олон ном уншиж байжээ. Тэрээр зэвсэг нэгт ахан дүүстээ бичсэн нэгэн захидалдаа, Америкчуудтай тэмцсэн хэвээр байхыг сануулсан байна.
Террорист байгууллагын удирдагчийг 2011 оны тавдугаар сард Пакистаны Абботтабад хотод болсон тусгай ажиллагааны үеэр хороосон юм. Осама Бин Ладены гэр бүлийнхэндээ бичиж байсан захидлуудын хэсгээс хүргэж байна.
Бин Ладены гэр бүлдээ бичсэн захидал бүрэн эхээр
Эхнэртээ бичсэн захидалдаа:
-Хайрт гэргий минь, өнгөрсөнд үлдээсэн бидний сайхан дурсамж намайг тайтгаруулж байна. Чамаас холдон одсоноо бодоход нүдэнд минь өөрийн эрхгүй нулимс цийлэгнэдэг… Хэрэв намайг алагдвал, төрхөмдөө буцаж очоорой. Харин хүүхдүүдийг минь сайн өсгөж, хүмүүжүүлээрэй гэж чамаас хүсье. Ялангуяа охиддоо илүү анхаарал тавьдаг юм шүү… Гэргий минь чи миний хувьд харах нүдний цөцгий, надад байгаа хамгийн үнэтэй зүйл юм шүү. Хэрэв надаас хойш өөр эртэй гэрлэхийг хүсвэл миний хувьд татгалзах зүйл үгүй. Харин хойд насандаа дахин эхнэр минь болоосой хэмээн чин сэтгэлээсээ хүсч байна.
Эцэгтээ бичсэн захидалдаа:
-Эрхэм эцэг минь, эхнэр, хүүхдүүдэд минь анхаарал хандуулж, тэдний амьдрал ахуйн талаар асууж байгаарай гэж хүсэх байна. Мөн тэдний гэрлэлтийг зохион байгуулж, адислалаа өгөөрэй… Надад юу ч тохиолдсон хүүгээ уучилж, өршөөхийг танаас хүсье.
Охиндоо:
-Чи минь сайн сууж байна уу? Хайртай охиноо ихэд санаж байна. Тиймээ би элбэрэлт охиноо санаж байна. Сэтгэлийг чинь зовоосон зүйл байнга хийж байгаад уучлаарай.
эх сурвалж: eagle.mn