Хүчтэй газар хөдлөлтийн дараах цочирдлоос гарч амжаагүй байсан Непальчууд дахин гамшигт өртлөө. Тус улсын баруун нутагт голын урсгалыг хаасан хөрсний нуралтын улмаас олон мянган хүн нутгаасаа дүрвэхэд хүрчээ. Нийслэл Катманду хотоос баруун хойд зүгт 140 км-ийн зайд орших Мяагди дүүрэг дэх Кали Гандаки гол нь ердийн үеийнхээс гүнзгий болж, шинэ нуур үүсгэх хэмжээнд хүрсэн байна. Одоогоор хүний амь нас эрдсэн тохиолдол хараахан гараагүй аж. Гамшгийн бүст тусламж үзүүлэхээр армийн цэргүүдийг дайчилжээ. Өнгөрөгч 4 дүгээр сарын 25-нд 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт болсноос хойш Непаль улсад 8,000 гаруй хүн нас барж, түүнээс ч олон тооны хүн гэмтэж бэртсэн юм. Түүнчлэн 5 дугаар сарын 12-ны өдөр дахин 7.3 баллын хүчтэй газар хөдлөлт болж, хэд хэдэн хүчтэй доргилт болсон байна.
Ням гаригийн шөнө дундын үед тус улсад болсон хөрсний нуралт нь усны түвшинг ойролцоогоор 200 метрээр нэмэгдүүлжээ. Тиймээс иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс нүүлгэн шилжүүлж байгаа гэдгийг Дотоод хэргийн сайд Лаксми Прасад Дакал мэдэгдсэн юм.
Гамшгийн улмаас Непалийн хамгийн том усан цахилгаан станцад аюул нүүрлэж болзошгүйг албаны хүмүүс анхааруулсан байна.