ОХУ-ын Батлан хамгаалахын яам 12 мянган алба хаагч, 250 агаарын хөлгийг оролцуулсан томоохон хэмжээний цэргийн сургуулилтыг эхлүүллээ. Энэхүү сургуулилт нь дөрөв хоног үргэлжлэх бөгөөд агаарын хүчний бэлэн байдлыг шалгах “гэнэтийн шалгалт” болж байгаагаараа онцлогтой гэж албаныхан тэмдэглээд байна.
Умард Атлантын цэргийн эвсэл болон түүний холбоотнууд ч гэсэн энэ өдрүүдэд цэргийн сургуулилтаа эхлүүлээд байгаа юм. Интерфакс агентлагийн мэдээлсэнээр агаарын дайралтаас хамгаалах хүчин болон агаарын хүчний хийж буй сургуулилтад ойролцоогоор 700 орчим зэвсэг, техник хэрэглэл ашиглагдах гэнэ. Түүнчлэн, Бүгд найрамдах Коми улсын нутаг дэвсгэр далавчит пуужингийн довтолгооны туршилтыг хийх юм байна. Би Би Си агентлагийн сурвалжлагч Кэролайны Москва хотоос дамжуулсан мэдээллээс үзвэл агаарын хүчний бэлэн байдлыг шалгах энэ удаагийн цэргийн сургуулилт хэдхэн сарын дараа зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд буй “Center-2015” гэж нэрлэгддэг томоохон хэмжээний сургуулилтын бэлтгэл болж байгаа аж.
Харин нөгөө талаар, Европт есөн орны нисэх хүчин оролцсон агаарын цэргийн сургуулилт эхэлжээ. Швед, Финланд, Норвеги, АНУ, Их Британи, Голланд, Швейцарь, Герман, Францын нисэх хүчнүүд энэ өдрүүдэд Скандинавын гурван улсын нутаг дэвсгэрт сургуулилт хийж байгаа бөгөөд сургуулилт ирэх сарын 5-ны өдөр хүртэл үргэлжлэх юм байна.
Сургуулилтад F-16 болон F-18, Hawk T1, Tornado GR4, Mirage 2000, Eurofighter Typhoon, Jas 39 Gripen нэр төрлийн 115 сөнөөгч онгоц оролцож байгаагийн зэрэгцээ НАТО-ийн тагнуулын Awacs онгоц, нисэх онгоц цэнэглэгч, тээврийн DA-20 Jet Falcons зэрэг онгоц ашиглагдах аж. Уг сургуулилтад нийт 4000 цэргийн албан хаагч оролцож буй гэнэ.
Энэ удаагийн сургуулилт дууссаны дараа Шведэд илүү том буюу 17 улс орон оролцсон тэнгисийн цэргийн “Baltops 2015” сургуулилт эхлэх ажээ. Украины дотоодын тэмцэл, мөргөлдөөнтэй холбоотойгоор ОХУ болон Барууны орнуудын харилцаа муудсаар байна. Украины босогчдод ОХУ цэрэг, зэр зэвсэгийн тусламж үзүүлж байгаа гэж барууныхан харддаг бол ОХУ-ын тал эрс үгүйсгэдэг билээ.