Мексикийн хилийн бүст орших Сиудад Акуна хотод хар шуурга дэгдсэний улмаас 13 хүн амиа алджээ. Дел Риогоос Техас хүртэл үргэлжлэх Коахуйла мужид байрлах тус хотод хүчтэй хар шуурганаас болж олон зуун айл өрх гэр оронгүй болсон байна. Харин АНУ-ын мужид үер усны аюул нүүрлэж, одоогийн байдлаар гурван хүн нас барж, 12 хүн ор сураггүй алга болоод байгаа аж. Мексикийн гамшиг тохиосон бүс нутагт сүйдэж, эвдэрч хэмхэрсэн автомашин, байшин барилгын дүр зураг хэвлэлийнхний дамжуулсан дүрс бичлэгээс тодорхой харагдаж байгаа юм. Гэвч цаашид амиа алдсан болон гэмтэж бэртсэн иргэдийн тоо нэмэгдэж болзошгүйг албаны хүмүүс анхааруулж байна.
Коахуйла мужийн амбан захирагч Рубен Морейра гамшигт өртсөн бүст хүрэлцэн ирж, нөхцөл байдалтай өөрийн биеэр танилцсан аж. Энд насанд хүрсэн 10 хүн, гурван хүүхэд нас барсан бол нэг нярай хүүхэд алга болсон юм. Түүнчлэн 150 орчим хүн эмнэлэгт хүргэгдсэн байна. Шуурганд 1,000 гаруй айлын орон гэр сүйджээ.