Тамхи бол ганцаардсан хүнд хань, гутарсан нэгэнд тайтгарал, заримд нь чамирхал ч болдог гэсэн яриа бий. Хэдийгээр хүний биед муу хорт зуршил гэдгийг хүн бүр цээжээр мэддэг хэрнээ түүнээс салж чаддаггүй. Харин өөрийн хорт зуршлаа зориглон хаяж, түүгээр зогсохгүй бусдад үлгэрлэн шүлэг зохиож, ном бичсэн зохиогч О.Эрдэнэбүрэнгийн цоо шинэ халаасны ном хэвлэлтээс гарчээ. Зохиогч “Тамхинаас гарахад хүндэтгэх шалтгаан хэрэгтэй” гэсэн аавынхаа нийтлэлийг уншаад тамхинд зориулан шүлэг бичиж, түүнийгээ хүмүүст хүргэсэн байна. Мөн тамхинаас гарснаа зарлан тунхаглаж, өөрийнх нь хэлсэнчлэн “ичсэн нүүрэндээ” хорт утаанаас салж чаджээ. Тэрээр өөрийнхөө түүхээс гадна тамхинаас гарч чадсан олны танил шигшмэл есөн хүний түүхийг номондоо оруулсан байна. Тухайлбал, гавьяат жүжигчин Л.Чаминчулуун, ард түмэнд “90 саяын” хэмээн алдаршсан Б.Гансүх, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин М.Дорждагва, “3 бүдүүн” хамтлагийн дуучин П.Эрдэнэ, Говь-Алтай нутгаараа овоглодог дуучин Н.Энхбат, УИХ-ын гишүүн Ц.Дашдорж, “Болор цом”-ын эзэн, модернист яруу найрагч Б.Галсансүх нарын эрхмүүдийн тамхитай хэрхэн нөхөрлөсөн хийгээд түүнээс хэрхэн салсан талаах зузаан түүхээс уншигчдад хүргэсэн нь тун сонирхолтой өвөрмөц халаасны ном болжээ. Сэтгүүлч, яруу найрагч О.Эрдэнэбүрэн номынхоо нээлтийг дэлхийн нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг тамхигүй өдөр буюу тавдугаар сарын 31-нд бөхийн өргөөний ард талын гадаах талбайд хийх ажээ. Тамхигүй өдрийг угтан тухайн өдөр өглөө 10-19 цагийн хооронд номыг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр буюу 2500 төгрөгөөр тамхинаас гарахаар төлөвлөж яваа болон гарах шалтгаанаа олохгүй яваа хүмүүст зориулан зохиогч өөрийн гарын үсэгтэй номоо дурсгах гэнэ. Номын нээлтийн талаар зохиогч хэлэхдээ “Би тамхийг найман жил татсан хүн. Татаж байх хугацаандаа тамхийг хаях гэж олон янзаар үзэж байсан. Гэвч тамхинаас гарч чаддаггүй байлаа. Гэтэл тамхинаас гарна гэдэг бол сэтгэлзүйн асуудал байдаг юм билээ. Тамхинаас шууд гарахаар уушги цоордог гэдэг дэл сул яриа байдаг. Зарим хүмүүс энэ худал үгээр бүр бизнес хийгээд утаагүй тамхи гэгч зүйлийг хэрэглэвэл тамхинаас гарна. Шууд гарах аюултай. Орчин үед хортой тамхинаас залуус татгалзаж хоргүй шингэн тамхийг залуус янз бүрийн амттайгаар нь төлхүү хэрэглэнэ гэх мэтийн залуусийг хоргүй тамхи гэж рекламдуулж аманд нь зуулгуулж байгаад эцэстээ нэг л өдөр жинхэнэ тамхи татаж үзэх сонирхолыг нь төрүүлэх далд оролдлогыг хийж байна. Тийм учраас өөрийн биеээр тамхийг хаяж шууд гарч болдогийг нь мэдэрсэн учраас олны танил бусдад үлгэр жишээ болчихоор эрхэм хүмүүстэй уулзаж тамхинаас хэрхэн ангижрах талаарх бодит амьдралынх нь түүхээс хуваалцаж, хөрөг нийтлэл бичиж тамхинаас гарахаар өдрийн бодол шөнийн зүүд болон яваа хүмүүст халаасны ном болгон хүмүүсийг тамхинаас ангижрахад нь туслах гол зорилгыг өвөртлөн явж байна. Номын нээлтийг бөхийн өргөөний гадна талбайд хийх болсон шалтгаан нь хүчтэй бяртай бөхчүүдийн өргөөний ойролцоо тамхийг ялж барилдаанаар бол дэвжээнд гарч тамхийг дал нураагаар нь унагаж чадсан эрхэм хүмүүс номын нээлтэнд оролцох учраас бэлгэдэж тухайн байршлыг сонгосон юм. Харин дараа жилийн энэ өдөр ялалтын талбайд Тамхийг ялсан эрхэм хүмүүс номыг биедээ авч явж уншиж тухайн номноос тамхийг ялан дийлэх хүч энергийг авч тамхинаас гарсан хүмүүсийн цугларалтыг хийх болно” гэв.