ОХУ-ын Челябинск хотын захын ойгоос төрөөд дөнгөж гурав хонож буй нярай хүүхэд олджээ. Ажлаасаа хоцорч, замаа дөтлөн явж байсан нэгэн эр модон дундаас хүүхдийн уйлах чимээ сонсчээ. Тэрээр навчин дундаас шоргоолжинд хазуулж, гэмтсэн нярай хүүхэд байхыг олж улмаар тусламж дуудсан байна.
“Намайг очиход ойр хавьд хэн ч байгаагүй. Бяцхан охин хаягдсан байсан учраас түүнийг авч түргэн тусламж дуудсан” хэмээн тэрээр ярьжээ. Цагдаагийн ажилтны хэлснээр охиныг жаахан л оройтож олсон бол амьд гарах боломжгүй байсан гэнэ.
Нярайг Челябинск хотын эмнэлэгт эмчилж байгаа бөгөөд эмч нар түүнийг бүрэн эдгэрэх боломжтой гэжээ. Харин цагдаа нар хүүхэд орхисон эцэг эхийг эрэн сурвалжилж эхлээд байна.
эх сурвалж: eagle.mn