Дэлхийн ихэнх орнуудад иргэд нийтийн бие засах газрыг хэрэглэх үедээ мөнгө төлдөг. Тэгвэл Энэтхэгийн нэгэн хотын иргэд эсрэгээр нийтийн бие засах газар хэрэглээд мөнгө авахаар болжээ. Тодруулбал, Энэтхэгийн баруун этгээдийн Гужарат мужийн хамгийн том хот болох Ахмедабадын эрх баригчид хаа хамаагүй бие засч явдаг “хариуцлагагүй” иргэдээсээ ангижрах мэргэн санаа олсон гэнэ.
Нэг үеэ бодвол хүмүүсийн хүмүүжил, хандлага сайжирч байгаа ч, олон нийтийн газрууд, гудамж талбайд бие засах, хүндрэх иргэд тасрахгүй байгаа нь тус хотын эрх баригчдын толгойны өвчин болжээ. Улмаар энэ байдлаас ангижрах мэргэн санааг хотын удирдлагууд гаргаж, нийтийн бие засах газрыг хэрэглэсэн иргэдэд шагналыг мөнгө олгох “нууц төлөвлөгөө”-г боловруулаад байгаа аж.
Ахмедабад хотод 300 гаруй нийтийн бие засах газар байдаг ч, байшингийн гадна, гудамж талбайн буланд хэнэг ч үгүй хүндрэх иргэд тасрахгүй байгаа гэнэ. Тиймээс иргэд нийтийн бие засах газрыг нэг удаа хэрэглэхэд нэг рупигаар шагнахаар хотын удирдлагууд шийдвэрлэжээ. Эхний ээлжинд хотын төвийн 67 бие засах газарт туршилтын журмаар хэрэгжүүлэх юм байна. Ингэхдээ хотын төрийн алба хаагчид бие засах газрын өмнө зогсож, нэг рупигийн шагналыг нь олгох аж.