Умард Солонгос улсад ган гачиг тохиосноос болж хүнсний хомсдолд орж болзошгүй байгаа талаар эх сурвалжууд дамжуулж байна. Энэ нь тус улсад сүүлийн 100 жилд тохиосон хамгийн их хор хохирол учруулж буй ган гачиг болж байгааг мэргэжилтнүүд онцолжээ. Умард Солонгосын KCNA мэдээллийн агентлагийн дамжуулснаар цагаан будааны тариалангийн бүс нутгууд ихэвчлэн ган гачигт өртсөн байна. Нийт цагаан будааны тариалангийн 30 хувьд нь ган нөлөөлж, хохирол амсаж байгаа аж. Хамгийн сүүлд 1990-ээд оны үед Умард Солонгост тохиосон өлсгөлөнгийн улмаас олон зуун мянган хүн нас барсан гэх албан бус таамгийг ажиглагчид дэвшүүлдэг билээ. Гэсэн ч сүүлд хийгдсэн хөдөө аж ахуйн шинэчлэлийн бодлогын ачаар одоогийн энэ ган гачгаас болж үхэл зовлон тохиолдохгүй байх гэж албаныхан үзэж байгаа аж. НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр байгууллагаас, Умард Солонгос улсад хүнсний хомсдол тохиолдсон төдийгүй одоогоор хүүхдүүдийн гуравны нэг нь тураалтай байгаа гэдгийг мэдэгдсэн юм.
эх сурвалж: undesten.mn