“Хөх цэрэг” аялалын удирдагч С.Зоригтбаатартай ярилцлаа.
-Хүүхэд байхад зуны амралт гэдэг баярт үйл явдал болдог байлаа. Аймгийн төвийн хүүхдүүд голдуу хөдөө явдагсан?
-Үнэхээр сайхан. Эртнээсээ монголчууд урин дулаан цаг ирэнгүүт суурин газрынхан ч ялгаагүй хөдөөлөх, зусландаа гардаг байлаа шүү дээ. Адуу малын араас давхиж, хонь мал усалж эр бие чангардаг байлаа. Хоормог таргаар ходоодоо борлуулж, хүрэн тугал шиг хүүхдүүд бороон дундуур гүйж явдагсан. Малын бэлчээрт уран зохиолын ном уншиж, үеийнхэнтэйгээ барилдаж, гол усанд сэлдэг байж. Зундаа ингэж амарч байсны хүчээр хамрын ханиадгүй өвлийг давж, эрүүл шүдтэй, илүү дутуу мах мариагүй өсч байсан юм.
-Өнөөгийн амьдралын хэв маягаас тэс өөр байжээ?
-Яг үнэндээ бол суурин амьдрал, цахим ертөнц хүүхдүүдийг мааь сул дорой болгож байна. Сургуульд ороод хараарай. Ихэнх хүүхэд харааны шилтэй, аахилж уухилсан бандайсан жаалууд гар утсаараа тоглож байгаа. Ядахдаа зуны амралтаараа эрүүл агаарт хэд хоног амараасай, комьютерээс хол байлгаасай гэсэндээ “Хөх цэрэг” аялалыг зохион байгуулдаг болсон.
-Хүүхүүдийг хөдөө аялуулна гэсэн үг үү?
-Хөдөө аялна гэж байгаа маань учир утгагүй хад чулуу үзүүлэх, агаарт гарган унтуулахын нэр биш юм. Бүгд утга төгөлдөр, агуулгатай, зохион байгуулалттай, тайлбар бүхий аялал хийх болно. Нөгөөтэйгүүр хүүхдүүдэд харгана түүгээд ил гал дээр цай чанах, тэнгэр ажиглаад бороо орохыг мэддэг болоосой гэсэндээ танин мэдэхүйн, амьдрах ухааны аялал зохион байгууулах юм. Тэгээд ч суурин амьдрал биднийг төрөлх байгалиас ямар их холдуулна вэ. Хавар цагт хотон дотор хонь яраглахад сэрдэг байлаа. Ийм сонор соргог. Тэнгэрт үүлгүй шахам байхад “Бороо үнэртээд” гэх хөгшчүүд яасан мундаг юм бэ. Би бол хөдөөний амьдралын зах зухаас л мэднэ. Хүүхүүдийг би мал малла гэж байгаа биш. Гэхдээ байгаль, эцэг өвгөдөөс дамжин ирсэн харах, амтлах, сонсох, хүрэх, хүртэх гэсэн таван мэдэрхүйгээ онгойлгох хэрэгтэй. Монголчуудыг зураа дахь мэдэрхүйтэй гэж ярьдаг. Тэр нь зөн совин, алсаас мэдрэх чадварууд шүү дээ. Энэ гайхамшигтай чадварууд байгаль дээрээ сэрж онгойдог юм. “Хөх цэрэг” аялал бол хотын ойролцоо байдаг шиг зурагт үздэг, комьютер тоглуулдаг цаг нөгцөөх амралт биш.
-“Хөх цэрэг” болохын ач холбогдол юм юм бэ?
– Хүүхдүүд паркийн, зуслангийн гялгар тоглоомоос уйдаад хөдөө аялах дуртай болсон. Нэгд уул усны нэр тогтоож, үнээ мал хэрхэн саадаг, гэр барих, домог яриаг хүртэл сонсох болно. Аян замдаа нөхөрлөл зохиож, хамт олонч болдог юм. Америкт скаут гэж бий. Оросод Төмөр ба түүний нөхөд гэж бий. Монгол хүүхдүүд “Хөх цэрэг” болдог юм. Хүүхдүүдийг эх оронч хүмүүжилтэй, байгаль дэлхийгээ хайрладаг болгох зорилгоор 2004 онд одоогийн УИХ-ын эрхэм гишүүн С.Ганбаатар “Хөх цэрэг” төслийг санаачилсан.Энэ бол Монгол Улсын үндэсний хөтөлбөр юм.
-Скаутын тэмдэг, малгай, хувцас, зангиа гээд байдаг даа. Тийм зүйл бий юу?
-Хөх цэргүүдэд зориулсан хувцас, зангиа яригдаад л байна. Яг ямар хувцасаар жигдрэх вэ гэдэг бодолцох асуудал. Хэд хэдэн оёдлын компанитай яриад л байна даа.
-Энэ жил хаашаа явах бэ?
-12-16 насны ангилалынхан маань Хөвсгөл аймаг руу арав хоног явна. Зам дагуу аймгууд, түүхийн дурсгалт газар, ховор үзмэрүүдтэй танилцана. Хоргын тогоо, Тайхар хад, Чулуутын гол, гол мөрөн, Заг байдрагийн гол, Эрдэнэ зуу, Амарбаясгалант хийд, рашаан булгууд, Хөвсгөл далай гээд үзэх зүйл бий. Очих газар болгон түүхтэй, домогтой, он цагийн гэрч юм. Бүрэнхаан уулын энгэр Ивэнгийн голын эхэнд байрлах Амарбаясгалант хийд л гэхэд 1737 баригдаж дууссан барилга. Үлгэр домог шиг цаг үеийг туулж ирсэн бүтээл шүү дээ. Тэр газраар очиход л хүүхдүүд түүх болоод Монголын урчуудын ур чадварыг үзэх боломжтой юм.Үндэсний цөөнх гэгдэж 200 гаруй цаатан, 2000 мянган цаа буга Хөвсгөлийн тайгад үлдчихээд байна. Тэдгээр уйгар хэлтэй, түрэг угсааны үндэстэнг хайрлах, хамгаалах, тэдний мөн чанарыг хүүхдүүд ойлгох цаг болсон. Яг үнэндээ бол цаатан битгий хэл цаа буга үзээгүй хүн олон байгаа шүү дээ.
-“Хөх цэрэг” аялалд эцэг эхчүүд хүүхдээ явуулах дуртай байдаг юм билээ?
-Бас нэг хэлэх асуудал суурин газрын хүүхдүүдэд илүүдэл жинтэй болчихлоо. Энэ зовлонгоос салах арга бол хөдөлгөөн юм. Ний нуугүй хэлэхэд “Хөх цэрэг”-т явсан хүүхэд жингээ багасгасан тохиолдол бий. Өглөө эрт босоод гүйх, ачаа бараагаа янзлах, хоол цайгаа бэлтгэх гээд хөдөлгөөнтэй байлгана. “Хөх цэрэг”-т бие даах чадвар, өөрийгөө илэрхийлэх байдал сайжирч нойрмоглоод байдаггүй л болчихдог юм. Тэд нар чинь “Хөх цэргүүд” шүү дээ.
-Хүүхдийн АХА нэвтрүүлгээр тугалыг ботго гэж нэрлэж байгаа харагдах юм?
-Тэр хүүхдийн буруу биш шүү дээ. Ихэнх сургуулийн хөтөлбөр дэлхийтэй хөл нийлүүлэх гээд мал аж ахуйн талаарх хичээл орохоо байсан. Намайг дунд сургуульд байхад адууны тамга, малын зүс, чөдөр зангидахыг заадаг байлаа.”Хөх цэрэг” аялалд яваад ирсэн хүүхэд малын зүс, нас, уул усныхаа нэрийг тогтоосноос гадна байгаль дэлхийгээ хайрлах үзэлтэй болох ёстой. Эх орноо гэсэн үзэл төлөвшсөн хүүхэд ээж ааваа хайрладаг юм.
-Дуу бүжиг заах уу?
-Дуу бүжиг, галын наадам, гитарын аялгуугүй аялал гэж юу байх бэ. Өөрийгөө илэрхийлэх буюу бүрэг байдлыг халах зорилго ч бий.
-Ямар хүмүүс хүүхдүүдийг хариуцаж явах юм бэ?
-Төслийн санаачлагч УИХ-ын гишүүн С.Ганбааатар хүүхдүүдтэй маань нэг өдрийг хамт өнгөрөөхөөр төлөвлөгөө боловсруулсан. Мөн Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч Ц.Баатархүү, Ой тогтоолтын мастер Х.Хатанбаатар, Мисс Батцэцэг, дуучин А Сооl, ТВ коктайль хамтлагийнхан болон миний бие хүүхдүүдтэй хамт явна. Үүнээс гадна олон улсын болон үндэсний сургагч багш нар байнга хамт байна.
-Бүртгүүлэхийг хүсвэл хаана хандах вэ. Бүртгэл хэзээ хүртэл явагдах вэ. Хэрхэн холбоо барих уу?
-Энэ сарын 25-ыг хүртэл Лектор төвд бүртгүүлэх боломжтой. Аялалын баг маань энэ сарын 29-нд Чингисийн талбай дээр нээлтээ хийж, ирэх сарын 8-нд “Монголын Лектор төв”-ийн гадаа хаалтаа хийснээр өндөрлөх юм. Бидэнтэй 70101839 гэсэн утсаар холбогдож илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Эх сурвалж: www.24tsag.mn