МАНИЛА. /Xinhua/. Филиппиний төвийн нутгийн Ормок хотын ойролцоо “M/B Nivrana-B” гатлага онгоц живсний улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 61-д хүрлээ гэж тус улсын эргийн хамгаалалтын алба мэдэгдэв.
Уг онгоцны багтаамж 178 бөгөөд онгоц живэх үед зорчигчдын тоо хэтэрсэн байсан учраас хэчнээн хүн сураггүй болсныг эргийн хамгаалалтын албаны хүмүүс хэлэх боломжгүй байна.
Нийт 145 хүнийг аварчээ. Усан онгоц боомтоос хөдлөөд 200 орчим метр явсныхаа дараа өндөр давлагаанд цохигдож хөмөрчээ. Цагдаа нар гатлага онгоцны эзэн болон багийн 19 гишүүнд хүн амины хэрэг үүсгэн, ослын шалтгааныг шалгаж байна.
Д.Нямтулга
эх сурвалж: МОНЦАМЭ