Холливудын алдарт хос болох Бен Аффлек, Женнифер Гарнер нарын салалтын шалтгааныг олохоор барууны шар хэвлэлүүд улайрсан хэвээр л байна. Энэ удаад тэд шаргал үст сайхан бүсгүй Маргот Роббиг бай болгох гэж үзжээ. Бен Аффлекийн хувьд өнөөг хүртэл дэлгэцийн бүтээлүүдэд тоглохдоо олон арван сайхан бүсгүйчүүдтэй хамтарсан. Гэвч жүжигчин Маргот Роббитой хамтран ажиллах үед Женнифер Гарнер салах мэдэгдэл хийсэн нь ийнхүү олны анхаарлыг татаад байгаа аж. Харин Маргот өдийг хүртэл удаан хугацааны турш үерхсэн найз залуу Том Эйкерлигийн хамт аз жаргалтай амьдарсаар байгаа нь хэвлэлийнхний таамаг ташаа ойлголт байсан гэдгийг баталж байж ч болох юм. Юутай ч Daily Mail сонинд Бен Аффлек энэ бүх яриа худал цуурхал гэдгийг мэдэгдлээ. Түүний энэ мэдэгдлийн дараа хэвлэлийнхэн дараагийн бай болгож ямар сайхан бүсгүйг онилох бол гэдэг нь харин одоохондоо тодорхойгүй байна.
Б.Болормаа