Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.07.09/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийг баталсантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Р.Амаржаргал сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
Тэрээр, эдийн засгийг зохицуулдаг гол хуулиудын нэг нь татварын багц хууль байдаг. 2014 оны 5 дугаар сард энэхүү хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд өнөөдөр анхнаасаа батлагдан гарч байна. Татварын багц хуулиудын төслөөс хамгийн түрүүнд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн төслийг өргөн барьж, хэлэлцүүлэн батлан гаргаж байгаа нь хоёр учир шалтгаантай. Нэгдүгээрт, бид цоо шинэ систем буюу цахим хэлбэрт шилжүүлж байгаа. Үүнтэй уялдаа холбоотойгоор Монгол Улсын мөнгөн урсгалын хяналтын системийг цоо шинээр бий болгох ажлыг зохион байгуулж байгаа юм. Өмнө нь бэлэн мөнгөөр арилжаа хийдэг, бэлэн бус тооцоо хийгддэг, мөнгөний урсгал хаанаа байна, аль нь татвараар дамжиж байна, аль нь татварын гадуур явж байна гэдэг асуудал байсан.
Энэ хууль батлагдсанаар арилжаа хийж байгаа бүх мэдээлэл нь Татварын газар, Сангийн яаман дээр төвлөрч байгаа тохиолдолд хэн нэгэн хүн ямар нэгэн арилжаа хийх юм бол тэнд автоматаар бүх арилжаа нь бүртгэгдэнэ гэсэн үг. Ингэснээр тухайн хүн дараа нь хүрч ирээд өчнөөн төгрөгийн орлого олсон, төчнөөн төгрөгийн зардал гаргасан гэдэг дээр нэг их маргаан гарахгүй. Яагаад гэвэл автоматаар бүртгэгдсэн байгаа учраас татвараас зайлсхийх, зугтах ойлголт үндсэндээ жигдрэх ач холбогдолтой. Энэ нь өөрөө техникийн чанартай ажиллагаа их шаарддаг учир энэ хуулийн төслийг түрүүлж гаргах шаардлага байсан. Энэ хууль 2016 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжих учир үлдэж байгаа хугацаанд техникийн чанартай бэлтгэл ажил, холбогдох бусад баримт бичгүүд, заавруудаа гаргах бололцоог нь гаргаж өгөх үүднээс татварын багц хуулиуд дотроос хамгийн түрүүнд хэлэлцэн баталлаа. Түүнчлэн хуулийн төслүүдийг боловсруулах явцад давхардсан зүйлүүдийг цэгцэлж өгсөн. Мөнгөний урсгалыг хяналтын тогтолцоонд оруулж өгч байгаа нь ач холбогдолтой. Мөн үүнийг дагаад бүртгэлийн тогтолцоо эрс сайжрах учиртай. Эдийн засаг бүртгэл дээр тулгуурладаг. Иймээс энэ системийг сайжруулж байж үр ашгийн тухай ойлголтууд гарч ирнэ. Өртөг бүтээх, баялаг бүтээх процесс гинжин урвалаар явж байгаа. Энэ процессын явцад аль шатанд, ямар хэмжээний өртөг шинээр бий болж байна гэдэг тогтолцоо хяналтанд орох, үүнийг урамшуулах зохицуулалт бүрдэж байгаа юм. Түүнчлэн иргэд өөрсдөө татвар төлөгч байхаас гадна татварын процесст хянагчаар оролцох бололцоо бий болж байна. Энэ утгаар нэг хэсэг нь татвараас зугтаадаг байсан бол одоо иргэн бүр өөрсдөдөө хяналт тавих боломжтой болж байгаа гэв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.