Сүүлийн үед төрийн албаны танхайрал нийгэмд нэлээдгүй шүүмжлэлийг дагуулаад байна. Хамгийн саяхны жишээ гэхэд Төв аймгийн Баянчандмань сумын удирдлагуудад зодуулсан гэх бүсгүй ГССҮТ-т хэвтэн эмчлүүлж буй. Мөн цагдаагийн албан хаагч нар архины халуунд нэгнийхээ алтан аминд хүрсэн гэх харуусам мэдээ нийгмийг цочруулсан. Тэгвэл Архангай аймгийн ЗДТГ-ын холбогдох удирдах албан тушаалтнууд ажилтнаа зодож гэмтээсэн талаар “Архангайн мэдээ” фэйсбүүк хуудсанд тавигдсан байна.
Тус мэдээлэлд “Өнгөрсөн баасан гарагаас бямба гараг руу шилжих шөнө буюу 2015.10.09-2015.10.10-д Архангай аймгийн ЗДТГ-ынхан Их тамир сумын “Тайхар чулуу” амралтын баазад салхинд гарсан. Уусан архиндаа халмар аядсан хурган дарга нар буюу УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б. Болорын Архангай аймаг дахь итгэмжлэлт төлөөлөгч, аймгийн Засаг даргын орлогч, Улсын харцага Мишкагийн Батжаргал, аймгийн ЗДТГ-ын дарга Б. Лхагвасүрэн, Төрийн сангийн хэлтсийн дарга Гүрсүрэн нар хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Л-ийг үзэл бодлоор нь ялгаварлан дарамталж улмаар бүлэглэн зодож хүндээр гэмтээжээ.
Одоогоор Л-ийн биеийн байдал хүндэвтэр тархины хүнд хэлбэрийн доргилт, зөөлийн эдийн няцралт, нуруу нугасны гэмтэл оноштойгоор аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байна” гэсэн байна.
Энэ талаар эргэж мэдээлнэ.
Г.Эрдэм
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл
