Засгийн газраас шүүхийн төсөв, шүүгчдийн цалинг хууль зөрчин байж хасах төсвийн төсөл боловсруулаад байна. Байсгээд хөндөгдөж, араасаа ярвигтай үр дагаваруудыг дагуулахаар олны анхааралд ид яригдаж байгаа шүүхийн төсөв, шүүгчдийн цалин тойрсон асуудлаар УИХ-ын гишүүн Х.Баттулгатай цөөн хором ярилцлаа.
– Ирэх жилийн төсөвт шүүгчдийн цалинг хасах төсөл явж байгаа тухайд та ямар байр суурьтай байна вэ?
– Шүүгчдийн цалингийн асуудал бол шинэ сэдэв биш. Миний мэдэхийн жил жилийн улсын төсөв яригдахад сөхөгдөж л байдаг. Шүүхийн шинэтгэл эрчтэй хэрэгжиж байгаа сүүлийн 2-3 жил бүр анхаарал татсан асуудал болсоор ирсэн. Үүнийг нь тойроод баахан шүүмжлэл өрнөөд, мэдэх мэдэхгүй хүмүүс нь улс төржүүлээд, цаашлаад багш эмч нарын цалинтай харьцуулаад явчихдаг. Хэд хэдэн хэвлэлээс шүүгчдийн цалинг хасахыг эсэргүүцсэн холбоодын мэдэгдлийг хэвлэлүүдээс харсан. Хамгийн сүүлд Олон улсын шүүгчдийн холбоо харамсаж буйгаа илэрхийллээ гэсэн зүйл уншлаа. Ардчилал өндөр хөгжсөн,хууль шүүхээ нийгмийнхээ хамгийн үнэ цэнэтэй зүйл гэдгийг мэддэг, мэдэрчихсэн улс орнуудад манайхан шиг өнөө маргаашийн талхны мөнгөний хэмжээнд шүүхээ хардаггүй нь ойлгомжтой. Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс гэж бид их ярьдаг. Тэгвэл түүнийгээ хамгаалуулах шүүхээ ямар төсөв, цалин хөлстэйгээр хараат бусаар ажиллуулахаа бас мэдэж баймаар байгаа юм. Би хувьдаа ардчилсан нэртэй улсын шүүх ингэж уруу дорой, шүүгчид нь ядруу зүдрүү байхын эсрэг бодолтой байна. Ер нь ганц шүүх ч биш, ард иргэдийнхээ халаас руу гараа шургуулж, хоногийн хоолыг нь хугасалж төсөв хийнэ, түүгээр хэмнээд улс орноороо сайн сайхан амьдарна гэдэг шиг хошин зүйл байж болохгүй ээ.
– Шүүхийн шинэтгэл гэж та ярилаа. Ингэхэд та ер нь шүүхийг хэр сайн мэдэх вэ? Итгэдэг үү?
– Итгэдэг үү гэсэн асуулт өөрөө эргэлзээ дагуулж байна шүү дээ.Итгэх ёстой. Итгээд шүүхэд төсөв хуваарилж, шүүгчдийн цалинг нэмэх үү, хасах уу гээд хэл амтай өнөөдөр ярьж байна. Уг нь ингэж хууль тогтоогчид ч ярих эрхгүй. Дэлхийн улс орнууд өндөр цалин хангамжаар хамгийн түрүүнд шүүхээ хангаад, эрх мэдэлтнүүдээс хамгаалалт дархлаатай болгоод авдаг юм билээ. Та нар жишээ мэдэх биз. Сингапурт шүүгчдээ сарын 80 000 долларын цалин өгч, авилгаа таслан зогсоож байж, шударга ёсыг сахиулж чадсан. Энэ нь жилдээ 1 сая долларын цалинтай гэсэн үг. Үр дүн нь яасныг дэлхий харж байна. Тэр оронд хөрөнгөө оруулахад эргэлзэх зүйлгүй. Учир нь шударга шүүхтэй учраас мөнгөн урсгал орж, улс орон тэр хэмжээгээр хөгжсөн нь бодит үнэн юм. Ажиллах хүчин нь гадагшаа гараагүй. Бизнесменүүд нь мөнгөө гадны банкинд хадгалуулаагүй. Тэр улсад үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж, хөрөнгө хүч нь төвлөрөөд аюулгүй байдал нь хангагдаад хөгжлийн гарц аяндаа бий болоод иржээ. Өнөөдөр Монголын шүүгчид 2 сая гаруйхан төгрөгийн цалин аваад ажиллах нь улс орны хөгжилд тушаа тээр болоод байх гажуудал мөн байна уу. Шүүгч нарын цалинг хассан мөнгө нь нэг сумын төвд барих авсаархан барилгын л мөнгө. Одоо бид ийм атгаг ядуу сэтгэлгээнээсээ салах болсон санагдах юм.
Шүүхийн шинэтгэлийн тухайд гэвэл Шүүхийн ерөнхий зөвлөл гэж байгууллага гардаж байгаа гэж ойлгодог. Үндсэн хуулинд байдаг энэ байгууллага урьд өмнө нь байсан байх л даа. Гэхдээ одоогийн бие даан байгуулагдсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн хийж хэрэгжүүлээд байгаа ажлууд нь хүнд хүрч, сонсогдоод байхыг бодоход тэнд ажлаа мэддэг, хийдэг хүмүүс байгаа байх.
Ер нь шүүх ямар байсныг бид мэднэ шүү дээ. Илт өөрчлөгдөж байна. Хамгийн наад зах нь шүүгчдийн нөлөөллийн мэдүүлэг чинь олон хүний гар хөлийг хүлсэн байна. Энэ бол өөрчлөлт. Энэ мэт шинэтгэл олон байна. Мэдээж хийх ажил хийснээс их байгааг бас хэлэх хэрэгтэй.
– Шүүгчид цалингаас өөр орлогогүй, бусад эрхүүдээ ч хуулиар хязгаарлуулдаг юм байна?
– Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй гэдэг. Шүүгчийн алх барьсныхаа төлөө хүн шиг амьдрах эрхүүдийг нь хуулиар хязгаарладаг бол түүнтэй нь дүйцэхүйц хэмжээнд амьдралын баталгаа, нийгмийн асуудал гээд олон зүйл хөндөгдөх нь гарцаагүй.
– Шүүх нээлттэй байхыг та зөв гэж үздэг үү?
– Хууль нь нээлттэй байх ёстой гэвэл нээлттэй байх нь мэдээж. Гэхдээ аль нь нээлттэй явах, үгүйд ялгаа зааг байдаг биз. Хүн бүр шүүх хурлаа зурагтаар дамжуулна гээд гаргаад байдаг болчихвол хүний амь хөнөөсөн хүний үйлдэл дэс дарааллыг та бидний үр хүүхдүүд үзээд өсөх нь ямар билээ, тийм үү? Нийгмийнхээ сэтгэл зүй, төлөвшлийг бас мэдрэх хэрэгтэй байх.
– Таньд гадны улс орны шүүхүүдээр орж сонирхох боломж тохиож байсан уу?
– Гадаад томилолт өвөртлөөд хууль шүүхтэй нь танилцаад явж үзээгүй ээ. Харин энд тэнд явж байхад тухайн орны түүхэн, хамгийн үнэ цэнэтэй барилга байшин нь шүүхийнх, эсхүл хамгийн сүүлийн үеийн загвараар баригдсан ордонтой, харуул хамгаалалт нь сүртэй харагддаг. Тэр нь шүүх эрх мэдэлдээ үзүүлж байгаа хүндэтгэл гэж ойлгогддог.
– Манай зарим шүүхүүд түрээсийн байранд ажилладаг гэж та мэдэх үү?
– Миний мэдэхийн энд тэндэхийн булан тохойд олон жилийн өмнөх байшиндаа яг л тэр хэвээрээ байгаа. Шүүх чинь засаглал гэж яригддаг. Засаглал юм бол, эрх мэдэл юм бол төсөвтэй, цалинтай, байр савтай, орчин нөхцөл нь хангагдсан хүчирхэг байх л ёстой. Харамсалтай нь энэ хэмжээндээ байж чадаж байгаа үгүйг ганц цалингийн асуудлаар ярихад л ойлгомжтой. Тэгэхээр дотор нь ажиллаж байгаа шүүгчдийнхээ цалинг 2 сая гаруйхан болгоход бэрхшээлтэй байдал үүсээд байгаа энэ үед гадаадынхан шиг сүрлэг байр байшин ярих бас ойрын хугацааных биш болох нь.
– Үүнийг хууль тогтоогчид шүүхийг өмнөө бөхийлгөх сонирхол гээд байгаа шүү дээ?
– Оргүй үг биш. Гэхдээ шударга ёс, хүний эрх их ярьдаг улс төрчид гаргасан хуулиа дагах л ёстой. Шүүхийн тухай багц хуулиуд гээд том том зүйл заалттай хуулиудаа өнөөдөр нь баталчихаад, маргааш нь хүчингүй болгуулах гээд цаас бариад гүйгээд байхааргүй хуулийн дархлаа төрд хэрэгтэй юу гэвэл асар их хэрэгтэй
– Цаг гарган ярилцсанд баярлалаа.
Ш.Отгонцэцэг
Эх сурвалж: “Өдрийн сонин” 2015.10.23 №258 /5210/