ОХУ-ын Москва хот дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас ОХУ дахь монголчуудад зориулж сэрэмжлүүлэг гаргалаа. Сири, Иракийн нутаг дэвсгэрт үүсээд буй “Исламын улс” бүлэглэл саяхан Францын нийслэл Парис хотод цуврал халдлага үйлдэж 200 орчим хүний аминд хүрээд байгаа бөгөөд АНУ-ын нийслэл Вашингтон хотод халдлага үйлдэнэ хэмээн заналхийлсэн юм. Гэсэн ч “Исламын улс” өөрсдийнх нь эсрэг үйл ажиллагаа явуулж буй бүхий л оронд террорист халдлага зохион байгуулна гэж мэдэгдсэн бөгөөд ОХУ-ын нийслэл Москва хотод халдлага зохион байгуулах гэж азаар ОХУ-ын дотоодыг хамгаалахынханд баригдсан юм. Нөгөө талаас ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Сирид байгаа манай цэргийн нисэх хүчин ажлаа эрс эрчимжүүлэх хэрэгтэй” хэмээн мэдэгдэж “Исламын улс”-ын эсрэг цэргийн ажиллагаагаа эрчимжүүлэх болсонтой холбогдуулан “Исламын улс” бүлэглэлийнхэн Москвад дахин халдахаар санаархах нь дамжиггүй юм. Тиймээс Монголын Элчин сайдын яам ОХУ дахь өөрийн иргэддээ сэрэмжлүүлэг гаргасан болов уу. Юутай ч, сэрэмжлүүлэгт “Олон хүн цугласан газраар аль болох явахгүй байх, томоохон супермаркет, кинотеатр, цэнгэлдэх хүрээлэн болон олон хүн цугладаг газраар бага үйлчлүүлэхийг зөвлөжээ”. Учир нь террорист халдлага дайралт гол төлөв олон хүн цугларсан газар үйлдэгддэг бөгөөд саяхан “Исламын улс” бүлэглэлийн дайчид Парис хотын нэгэн томоохон театрыг 100 гаруй үзэгчдийн хамт барьцаалан авч, өвдөг сөгдөөлөн нэг бүрчлэн толгойд нь буудсаныг эх сурвалжууд мэдээлж байсан юм.
Э.Төгс