Инфляцийн өсөлт, эдийн засгийн хямралтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ өссөөр байгаа энэ үед захын түцнээс 50 төгрөгөөр худалдаад авчих зүйл үнэндээ байхгүй болжээ. Хамгийн багадаа зуун төгрөгтэй байж гэмээнэ ганц ширхэг бохь л худалдаж авч хүчрэх нь. Харин миний халаасанд байгаа 50 төгрөгөнд ирэх ганц зүйл нь ус. Өөрөөр хэлбэл, одоогоор монголчуудын хэн нэгэн нь цангаад үхчихээгүй болохоор усны үнэ цэнийг бууруулж ганц ширхэг бохиноос ч хямдхан мэт үзэх болж. Гэтэл өдөр бүр дэлхий дээр 25-30 мянган хүн хоолой давах дусал усгүйн улмаас хорвоог орхиж байна. Тэр хүмүүсийн хувьд ус ямар их үнэ цэнэтэй байсныг үгээр илэрхийлэмгүй юм.
ДЭМБ-аас 2030 он гэхэд дэлхийн нийт хүн амын гуравны нэг хувьд л ундны ус хүрэлцэнэ гэсэн статистик судалгаа гаргажээ. Үүнээс харвал 15 жилийн дараа хүн төрөлхтөн уснаас болж одоо байгаагаасаа илүү хор хохирлыг амсах нь. Харин монголчууд бидний хувьд энэ асуудал хэдийнэ хаяанд ирснийг Олон улсын шинжээчдийн гаргасан судалгаа харуулж байна. Тэд манай Нийслэлийг ердөө хоёрхон жилийн дараа буюу 2017 он гэхэд цэвэр усны хомсдолд орно хэмээн үзсэнийг үгүйсгэх аргагүй юм. Учир нь бид хэрэглээнийхээ бараг 90 хувьд нь цэвэр усны ганц эх үүсвэр болох газрын гүний усыг ашигладаг төдийгүй Монгол улсын хүн амын талаас илүү хувь нь ирж суурьшсан Улаанбаатар хот өдөрт 160-аад мянган шоо метр ус хэрэглэдэг. Энэ нь байх ёстой хэмжээнээс хэтэрсэн хэрэглээ юм.
Гэр хороололд нэг литр усыг нэг төгрөгөөр, орон сууцны айлд 32 мөнгөөр үнэлж байгаа нь эргээд замбараагүй хэрэглээнд нөлөөлж буй. Усыг шавхагдашгүй мэт санаж, хайр гамгүй ханддаг нь бидний нэг өдрийн хэрэглээнээс л ажиглагддаг. Өнөөдөр манай улсын орон сууцанд амьдардаг нэг өрх дэлхийн жишгээс 4 дахин их буюу дунджаар 200 литр ус хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Тэд сарын усны хэрэглээндээ дунджаар 5000 орчим төгрөг төлдөг гэсэн тооцоолол гарсан байна. Өөрөөр хэлбэл, орон сууцныхан нэг тонн ус хэрэглээд хариуд нь ердөө 3200 төгрөг төлдөг болохоор ёстой л “Үнэгүй юм үнэгүй л байдаг” гэдэг сэтгэлгээгээр ханддаг биз. Харин гэр хорооллын иргэд худагнаас ус зөөдөг болохоор хэрэглээндээ арай хяналттай ханддаг. Дээрээс нь хоол унднаас авхуулаад машинаа угаахдаа хүртэл цэвэр ус ашигладаг нь усны хомсдолд нөлөөлөх чухал хүчин зүйлсийн нэг. Уул уурхайн компаниуд ашиг орлогоо бодож усыг хайр гамгүй хэрэглэж, өч төчнөөн гол горхи “үгүй болгосныг” энд дурдах нь илүүц биз. Хэрэв бид ийм хэтэрсэн хэрэглээгээ танахгүй явсаар байвал нэг л өдөр Шинэ Зеландын Токелау арлынхан шиг ердөө долоохон хоногийн цэвэр усны нөөцтөй үлдсэнээ дэлхий дахинд зарлан тусламж гуйх аюул нүүрлэхгүй гэх баталгаа алга. Нөгөө талаас, дэлхий дээрх нийт усны ердөө ганц хувийг эзэлдэг цэвэр усыг зөвхөн ундандаа хэрэглэх олон улсын жишгийг дагах цаг нэгэнт иржээ. Энэ нь ахуйн хэрэглээнээс гарсан бохир ус буюу “саарал ус”-ыг цэвэршүүлж дахин хэрэглэх тогтолцоо юм. Үүнийг машин угаалгын газар, ногоон байгууламж, цэцэрлэгжилтэд түлхүү ашигладаг бөгөөд усны нөөцийг ч нэмэгдүүлэх эерэг талтай. Усаа гаднаас импортолж буй Сингапур улс л гэхэд усыг ийм аргаар томоохон сургууль, эмнэлэг, зочид буудал, орон сууцандаа сүүлийн арван жилд өргөн хэрэглэж байна.
Дээр дурдсанчлан бид яаравчлахгүй бол нэг л өдөр усгүй болох нь. Хүн усгүйгээр долоо хоног ч амьдарч чадахгүй гэдгийг та бид мэднэ.Тиймээс энэхүү аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд хүн бүр ухамсартай, хэмнэлттэй хэрэглээг чухалчлах нь зүйтэй. Нөгөө талаас усны ач холбогдол, үнэ цэнийг хүмүүст, тэр дундаа ирээдүй хойч болсон залуучуудад таниулан сурталчлах ажлыг төр засгийн бодлогын түвшинд аваачих хэрэгтэй. Түүнчлэн ард түмний амьдралын төвшинтэй уялдуулан сайтар судалсны эцэст усны үнийг тодорхой хэмжээгээр нэмбэл зохино. Тэгж гэмээнэ бид ганц ширхэг бохины үнэнд ч хүрэхгүй байгаа усны үнэ цэнийг мэдэрч, гамнаж сурах юм.