Ер нь хүүхэд бүр гэрийн даалгавар хийх дургүй байдаг гэдэгтэй та санал нийлэх үү? Сурагчид гэрийн даалгавар өгдөг болсон жишиг 20 дугаар зуунаас эхтэй аж.
Сүүлийн жилүүдэд боловсролын салбарт шинэ систем нэвтрүүлж, тэр хэрээр эцэг, эхчүүдийн мэдлэг хоцрогдож, хүүхдийнхээ хичээлд хамтран оролцохдоо харьцангуй хойрго хандах болсон. Тэр нь хүүхдийн сурлагад ч тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа. Үнэхээр багш нарын ур чадвар л хүүхдийн сурлагыг тодорхойлох болсон гэхэд хилсдэхгүй.
Ингэхдээ бие дааж хийх даалгавар буюу гэрийн даалгаварыг маш ихээр нь өгөх болсон талаар эцэг, эхчүүд ярьж байна. Энэ нь нэг талаар хүүхдийн мэдлэг боловсролд чухал ч, нөгөө талаар хүүхдийг залхаах хандлагатай болжээ. Жишээ болгож нийслэлийн ерөнхий боловсролын нэгэн сургуулийн дөрөвдүгээр ангийн гэрийн даалгаварыг товчхон дурдъя л даа. Энэ улирлаар бага ангийн сурагчид нэг сарын хугацаанд амарч байгаа билээ. Энэ хугацаанд тус бүр 208 хуудас бүхий хоёр номыг уншиж, нэг дэвтэр сэтгэгдэл бичнэ. Мөн математикийн 145 бодлого, монгол хэл гэхэд хуулан бичлэг, цээж бичиг тус бүр нэг дэвтэр, дээр нь 100 хэлц үг тус бүрийг тайлбарлаж бичээд өгүүлбэр зохиохдаалгаварууд өгчээ. Эдгээрийг 30 өдөрт хуваагаад үзэхэд нэг өдөрт маш их ачаалал ногдож байгаа юм.
Ийнхүү сурагчдын улирлын “амралт”-ын богино хугацаанд энэ бүхнийг амжуулах гэж бяцхан сурагчид, эцэг, эхчүүд нэлээд асуудал болох нь мэдээж. Ийм хэмжээний даалгавар зуны амралтаараа хийх нь цаг хугацааны хувьд илүү тохиромжтой санагдав.
Австралийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар бага ангийн хүүхдүүдэд гэрийн даалгавар өгөх нь ямар ч ач холбогдолгүй, тэдэнд юу ч үлддэггүй бөгөөд дунд ангийн хүүхдүүдэд тэр нь бага зэрэг нэмэлт мэдлэгийг олгодог болох нь тогтоогджээ. Гэхдээ зарчмын хувьд гэрийн даалгавар хийх нь сурагчид бие даах чадварыг суулгадаг гэдгийг үгүйсгээгүй юм. Түүнчлэн эцэг, эхчүүд хүүхдээ гэрийн даалгавар хий хэмээн шаардаад байвал сурагчид хичээлдээ дургүй болох талтай аж. Мөн бас нэг жишээ сонирхуулахад Английн бага сургуулийн сурагчдад 10-30 минутад хийх гэрийн даалгавар өгдөг гэнэ. Бас нэгэн зүйлийг сонирхуулахад, хүүхэд гэрийн даалгавараа бүгдийг нь, мөн төгс хийх албагүй, түүнийг нь дүнгээр тооцох шаардлагагүй хэмээн олон орны багш, судлаачид дүгнэн хэлсэн байдаг байна.
Уг нь манай эцэг, эх, асран хамгаалагч нар Боловсролын тухай хуулийн 46.1.2-т заасны дагуу боловсролын сургалтын байгууллага, багшийн үйл ажиллагаатай холбогдсон санал, хүсэлт гаргах эрхтэй байдаг. Гэвч ихэнх эцэг, эхчүүд энэ эрхээ мэддэггүй, мэддэг нь хүсдэггүй. Учир нь тэд дараа нь хүүхдээ ямар нэгэн байдлаар дарамт, шахалтанд орох вий хэмээн болгоомжилдог байна. Ер нь иргэд хууль дүрмээ сайтар мэддэггүйгээс иймэрхүү байдлаар ямар ч асуудлыг дуугүй, хэлээ хазаад өнгөрөөх нь элбэг. Ямартай ч багш нар хүүхдээ гэрийн даалгавар хийхийг хүстэл нь тиймсонирхолтой байдлаар даалгавар өгөхийн тулд сэтгэж ажиллах хэрэгтэй байна. Эс бөгөөс хүүхдүүд сургуулиас залхах хандлага нэмэгдсээр байна.
Ингээд эцэст нь би манайд ер нь гэрийн даалгаврын агуулга, хэмжээ, түүнийг гүйцэтгэх хугацаа, хэлбэрийн талаар тогтсон чиглэл байдаг болов уу гэсэн асуулттайгаа үлдлээ.
эх сурвалж: bataar.mn