Миний үзэг нэгтэй, зовлон жаргал нэгтэй анд нөхөд минь та нартаа хандаж хэлэх үг надад байна. Бид амаргүй замыг туулж, хэцүүхэн цаг үед хамтдаа амьдарч байна. Сэтгүүлч мэргэжлээ би сэтгэл зүрхэнд өгсөн “торгууль” гэж санадаг. Та нар минь дандаа бусдын төлөө зүтгэсэн атлаа бусдын өмнөөс буруутаж ирсэн юм гэдгийг хамтдаа туулж буй цаг үеэрээ би мэднээ. Хэн нэгэн ядуухан охинд гэр байр өгөхийг шаардаж, өмнөөс нь гуйлга гуйж чаддаг атлаа өөрсдөө гэр оронгүй байр хашаахан түрээслээд л амьдардаг шүү дээ. Олны өмнө төрийн сайдыг чичрүүлж идсэн уусан мөнгийг нь хардаж сэрдэж “загнах” атлаа оройдоо автобусны мөнгөгүй л алхаад харьдаг биз дээ. “Багш нарын цалинг нэм” гэж шаардах атлаа өөрсдийнхөө цалинг нэмүүлэх талаар даргадаа хэдэн үг хэлчихэж чадахгүй цалингаас цалингийн хооронд гүйж л явдаг биш үү. Гэлээ гээд бид ялархаагүй.
Дуртай ажлаа орхиод явчихалгүй өдөржин мэдээ хайж, өрөөл бусдад загнуулан чичүүлж, цаг үедээ, нийгэмдээ зодуулж яваа шүү дээ. Бидний аз жаргал хэвлэн нийтлэх эрх чөлөөнд бий гэдгийг бид бүгдээрээ мэднэ. Ядуу байг ээ хамаагүй, хүссэн нийтлэлээ л бичиж байя. Дорой буурай, өнгө гундуу явсан ч нэгнийхээ бичсэн сайхан нийтлэл, нэвтрүүлгийг хараад дотор хайлчих шиг л болдог тийм хүмүүс шүү дээ бид.
Сэтгүүлч найз нар аа, ганц л юм гуйя. Хэвлэлийн эрх чөлөө гээчийг жинхэнэ утгаар нь олж авья. Миний бэлтгэж нэвтрүүлдэг” Цензургүй сурвалжлага-Монгол дахь Мүүн ажиллагаа” нэвтрүүлгийг С1 ТВ гаргасангүй. Энэ бол хэвлэлийн эрх чөлөө хэрхэн баглаатай байгааг харуулж байгаа хэрэг шүү. Гурван жилийн өмнө би “Шонхор” ТВ -гээ хаалгахад тэсээд өнгөрсөн. Одоо чадахгүй нь ээ… Хамтдаа хэвлэлийн эрх чөлөөг хайя. Заавал олж авья. Надад туслаач…..
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан