Их Британи Улс 700 кг цөмийн хаягдлыг АНУ руу явуулахаар тохиролцож байгаа талаар Ройтерс мэдээллээ. Тодруулбал, Вашингтон хотноо болж буй Цөмийн аюулгүй байдлын олон улсын чуулга уулзалтын үеэр Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон цөмийн хаягдал солилцох гэрээ хэлцэл хийгдэж байгаа талаар мэдэгдсэн байна. Гэрээний нөхцөлийн хувьд 700 кг цөмийн хаягдлын оронд АНУ Европ руу өөр төрлийн цөмийн хаягдал өгөх бөгөөд энэ нь хавдрын эсрэг эм бэлдмэл гаргахад ашиглах гэнэ.
Тэрбээр хэлэхдээ “Тодорхой тохиролцооны үндсэн дээр АНУ болон Европын атомын эрчим хүчний хороотой зөвшилцөж хийж байгаа. Бидэнд аль алинд нь ашигтай. Зарим төрлийн хавдартай тэмцэх эм бэлдмэл гаргаж авахад туслах юм” гэжээ. Хоёр өдөр чуулж байгаа цөмийн аюулгүй байдлын олон улсын хуралд дэлхийн 50 гаруй орны удирдагчид оролцож байгаа бөгөөд Монгол Улс ч оролцох билээ.
Хурлын үеэр Их Британи болон АНУ цөмийн салбарын аюулгүй байдлын талаар хамтарсан сургалт ирэх жил зохион байгуулахаа зарласан. Учир нь саяхан Брюсселд амиа золиослон бөмбөг дэлбэлсэн халдлага болсон нь Белгийн цөмийн бүст халдах зорилготой байсан талаар Белгийн DH сонин мэдээлсэн юм.
эх сурвалж: time.mn