Газрын тосны арвин нөөцтэй Венесуэл улс 40 хоногийн цахилгааны хязгаарлалт хийжээ. Тус улсын Засгийн газар цахилгаанаа хэмнэхийн тулд төрийн албан хаагчдыг долоо хоногт ердөө хоёр өдөр ажиллуулах шийдвэрт хүрсэн тухай CNN агентлаг мэдээллээ. Венесуал улс тог цахилгаангүйн улмаас хүнд нөхцөл байдалд ороод байгаа нь ийнхүү ажлын өдрийн тоог бууруулахад хүргэжээ. Улс тэр чигтээ харанхуйлж, иргэдийн хөргөгчин дэх хоол хүнс муудаж, зурагт радио ч үзэх нь ховордоод байгаа гэнэ. “Бид ингэж амьдарч чадахгүй. Венесуэлийн иргэд үүнээс дээр амьдрал хүртэх эрхтэй” хэмээн иргэд бухимдлаа илэрхийлж байна.
Венесуалын иргэд 40 хоног цахилгааны хязгаарлалт хийнэ гэсэн Засгийн газрын шийдвэрийг байдлыг дордуулах алхам гэж үзэж байна. “Манай улс өнгөрсөн сараас эхлэн өглөө хоёр цаг, өдөр хоёр цаг цахилгааны хязгаарлалт хийх болсон. Гэвч одооноос энэ нь дөрвөн цаг болж нэмэгдлээ” гэж хотын захад амьдардаг Диаз хэмээх эр бухимдангуй ярьжээ.
Т.Маралмаа
эх сурвалж: eagle.mn