Бурхан багшийн шарил эрдэнэ ба Монгол

  Улс орон бүр өөрийн гэсэн түүх, үнэт зүйлтэй. Үнэт зүйл бол тухай үндэстэн хийгээд улсын оршин тогтнохын үндэс юм. Түүний нэг нь Бурхан багшийн шарил эрдэнэ (Ratna-эрдэнэ, Шарирам, Сарира-шарил, үлдэс) билээ. Бид өөрсдийн ҮНЭТ ЭРДЭНЭ болоод Соёлын тухай дахин өгүүлэхийн урд дэлхий дахин энэхүү нандин шүтээндээ хэрхэн ханддаг тухай товч өгүүлье.

681c3817-5a37-4355-baff-5e5c29cc3cce (1)Дэлхий ба Бурхан багшийншарилууд

 Бурхан багшийн таалал болсон газар буюу Кушинагар

МЭӨ 453 онд Бурхан багш таалал болжээ. Түүний дагалдагч шавь Кушинагарт зандан модоор хайлуулан (чандарлан) оршоожээ. Энэ үед нэгэн шавь нь уухилан гашуудаж, эс тэвчээд улаан галын дунд гараа хийн, өчүүхэн хэсгийг авч хоцорсныг ”Галд үл шатагдагч” хэмээн онцлон бичих болжээ. Ийнхүү хайлсны хойно Бурхан багшийн бие цогцсоос маш олон тооны эрдэнийн тунгалаг үрлүүд үлдсэн бөгөөд тэр бүгдэд зориулан маш олон суварга бүтээжээ.

Өнөөдөр энэхүү Бурхан багшийн шарилын эрдэнийн үйлдвэрийг ”Галд үл шатагдан үлдсэн шүд” хийгээд эрдэнийн шарил (эрдэнийн тунгалаг үрлүүдийг хэлж буй) хэмээн хоёр хуваан тахиж байна.

Эрдэнийн шарилууд дэлхийн 24 улсад хадгалагддаг. АНУ, Афганистан, Орос, Япон, Бангладеш, Бутан, Бирм, Кампучи, Энэтхэг, Индонези, Кашмир, Солонгос, Лаос, Малайз, Монгол, Непал, Пакистан, Перс, Сингапур, Шри Ланка, Тайланд, Төвд, Вьетнам гэх мэтчилэн Ази Европын том жижиг, хөгжингүй буурай, Бурхны шашинтай болоод Христийн, Лалын шашинтай эртний түүхтэй бүх улсад тусгайлан сүм барьж, тахиж тавиглан, шүтэж биширч байна.

Харин энэ дунд одоогоор найман газар Бурхан багшийн шүд буюу ”Галд үл шатагдагч шарил эрдэнэ”-ийг хадгалдаг.

81079a46-cf8a-4b1e-bec8-b085ba31b9dc

Шри Ланка. Канди бурхан багшийн шүдний сүм

1.Энэтхэг. Нагаржунаконда музей

2.БНХАУ. Бээжин. Бадачу цэцэрлэг. Лингуан сүм

3.Шри Ланка. Канди бурхан багшийн шүдний сүм

4.БНХАУ. Шандун муж. Баошиан сүм.

5.Япон. Камакура. Шари-ден сүм

6.Сингапур. Бурханы багшийн шүдний сүм музей

7.Тайвань. Каосюин хийд. Бурхны дурсгалын цогцолбор

8.АНУ. Калифорни. Роузмийдийн Лу уулын сүм

Харин энэхүү жагсаалтын есд буюу хамгийн сүүлд Монгол Улс орох юм. Яагаад гэвэл энэхүү өөрсдийн үнэт эрдэнийн тухай судалгааг 2011 онд эхлүүлж, тухай үеийн Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамны сайд Ё.Отгонбаярын хичээл зүтгэлээр Монгол Улсын хосгүй үнэтийн жагсаалтанд бүртгэгдсэн бөгөөд өдгөө Богд хааны ордон музейд хадгалагдаж байна. Мөн Монголын бурханы шашинтнуудын дунд эрдэнийн шарилууд ч хэд хэд хадгалагдаж буй.

Бид энэхүү судалгааг монгол хэлээр хэвлүүлсний хойно тусгайлан сүм барьж, тахиж тавиглахын хамт англи хэлээр орчуулан, дэлхийн бусад орны бурханы шашинтан болоод эргэлчин мөргөлчид, тэр дундаа эртний түүхт Монгол үндэстний оройн дээд шүтээн болгох учиртай юм. Ингээд Монголтой холбоотой түүхийг эргэн сөхье.

Бурхан багшийн шүд ба Монгол

721e744d-846a-484b-a8f4-4dd13ae8c866

Хамгийн анх Бурхан багшийн шүдийг Монголд хэрхэн авчирсан тухай Марко Поло мэдээлжээ.

Итали хэлнээс орчуулсан түүний бүрэн тэмдэглэлд ”Хубилай хаан Шри Ланка улс руу худалдааны экспедици явуулж, зарлиг илгээжээ. Танай улсад хадгалагдаж буй Бурхны шарил нь манай улсад байваас зохистой тул явуул. Эс тэгвээс цэрэг хөдөлгөн байлдан эзэлж, хүчээр авна гэсэн утгатай захиа илгээжээ. Ингээд экспедици ажлаа амжилттай бүтээж, Адам (Бурхан багшийг ингэж нэрлэсэн байдаг)-ын шүд болон үс, хаш аяга тэргүүтнийг авчирсан бөгөөд энэхүү баярт үйл явдлыг тохиолдуулан олон хоногийн найр хурим хийсэн” гэж.

Үүний хойно Өндөр гэгээний намтар болоод Эрдэнэзуу хийдийн түүхийн холбогдолтой маш олон сурвалжуудад ”Халхын Автай сайн хаан III Далай лам Содномжамцтай уулзсан бөгөөд Галд үл шатагдагч шарил эрдэнэ, Пагмадүв бурхны чулуун хөрөг сэлт нарийн нандин шүтээн залж, Эрдэнэ зуу хийдийг байгуулжээ. Эрдэнэ хэмээх нь чухамдаа эрхий хурууны чинээ галд үл шатагдагч эрдэнийн шарил” хэмээн онцлон дурдсан байдаг. Энэ тухай түүхийг хожуухан нь болсон Галдан бошигтын учиртай холбон ярих нь ч бий. Нарийн учрыг түүхийн ном зохиолд бичиж үлдээлгүй машид чандлан нууцалжээ.

02f0628e-6471-4a8f-aa02-db9f85bd7ac9

Харин Богд хааны ордон музейд ирсэн түүх бол ихээхэн сонирхолтой бөгөөд тодорхой. 1925 оноос эхэлнэ. Богд хааны ордон тухайн үеийн Коминтерний төлөөлөгч, энэхтэг судлаач И.М.Тубянскийн санаачлагаар Монгол Улсын анхны музей болгон зохион байгуулагдаж, улсынхаа ховор нандин бүхнийг олж цуглуулах ажил хийж эхэлжээ. Энэ цагаас 11 жилийн дараа буюу 1936 онд Монгол Улсын Ерөнхий сайд П.Гэндэн Мосфильм-ийн киночдыг авчран Эрдэнэзуугийн цамыг кино хальсанд авч үлдэхийн тулд дахин нэг гаргажээ. Тэр жил анх удаа нэг жилд хоёр дахь удаагаа цам харайсан хэмээн хууччуул дурсдаг. Энэ үед Эрдэнэзуу хийдийг хамаарч байсан алтан ургийн тойд лам нартай уулзан, “Тун удахгүй Бурхны шашин устана. Юу авч үлдэх вэ?” гэхэд тэдгээр тойд “Монголын бурхны шашин энэхүү галд үл шатагдагч бурхан багшийн эрдэнийн шарилаар мандсан. Үүнийг хадгалж авч үлдвэл хожмоо дахин сэргэх юуны магад” хэмээн өгсний дагуу тухай үеийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Өлзий-Очироор дамжуулан дагавар бичиг бичүүлж, Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга Л.Дэндэвт хүргүүлэн хадгалуулснаар Богд хааны ордон музейд иржээ.

2011 он буюу Богд хаант Монгол улсын 100 жилийн ойг тохиолдуулан Богд хааны ордон музейд дэглэж байсан ”Богд хааны үнэт эрдэнэс” сэдэвчилсэн үзэсгэлэнг зохион байгуулахын үест Ажаа гэгээнд үзүүлэн, санал зөвлөгөө авсан юм. Ажаа гэгээн бол БНХАУ-ын Бурхны шашны нийгэмлэгийн тэргүүн байхдаа тухайн шүтээнд хамгийн ойр явсан монгол үндэстний цорын ганц лам. 1960-аад онд Гандан хийдийн лам ”Уран” Данзан (1915-2006) гуай Бээжин хотын бурхан багшийн сүмийн сэргээн засварлалтын ажилд уригдан оролцож байсан юм. Ингээд Ажаа гэгээн “Энэ шүтээнийг ариун сайхнаар хадгалж яваарай. Монгол түмний нандин шүтээн юм” хэмээн хэлсний дагууд, судалж, сурвалжлах ажлыг зогсолтгүй хийсээр байгаа бөгөөд Төрийн тэргүүн, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар удаа дараа ирж, мөргөн адис жанлавыг нь хүртэж байснаас өнөөг хүртэл нийтэд ил болгоогүй байна.

ССАЖЯ-ы сайд асан Ц.Оюунгэрэл болон БСШУЯ-ы сайд Лу.Гантөмөр хэмээх хоёрын хоёр соёлын сайдтай нигуурдан уулзаж, энэхүү шүтээний тухай болоод, тусгай зориулсан сүм дуган барих, улмаар дэлхийн монголчуудын нэгэн нандин шүтээн, итгэл үнэмшил, аялал жуулчлалын нэгэн төв болгох хүсэлтэйгээ илэрхийлсэн ч амжилт олоогүй л байна.

Ямартай ч нэгэн сайн өдөр энэхүү хүсэл мөрөөдөл биелнэ хэмээн найдаж байна.

Хол газарт одож, эрдэм ном сургааль соёл хүртэн ирсэн болоод, төрийн жолоо түшиж, тамга атгаж суугаа хүнд сануулга хийгээд үлгэр болох болов уу? хэмээн Ажаа гэгээний дурсамжийн доторх Бурхан багшийн шүдийг хэрхэн Бирмд аялуулан, мөргөл тавьж, цагийг тохи¬нуулсан түүхээс хэсэглэн авч хамтатган хүргэе.

Бурхан багшийн үлдэсийг дагалдан аялсан нь

354038a1-980d-4bd3-a696-cfbbae7c1c03

Алтангэрэл сударт “Сарира бол номлолыг ажиглаж, Самадид орж, мэргэнд хүрэхийн үр” гэсэн байна. Тэр нь үнэхээр жир бус бөгөөд ялж төгс нөгчихүй буюу. Нийтийн тооллын III зуунд, Ашоки хаан Буддагийн Сарирасыг( үлдэс ) хаан төрийг нь барьж байсан Энэтхэг даяарын 84.000 бунханд хадгалжээ. Тэдгээр нь мөнхөд хэрэглэж болохоор үлдэж, тийнхүү хүн төрөлхтөнд ашгаа өгч байх болно хэмээн найджээ. Түүхийн жаргал, зовлон хүмүүний явдлын үйлийн үрийн улмаас тун олонгүй Сарирас байдаг гэх боловч, тэдгээр нь жинхэнэ үлдэс үү, хуурамч уу хэлэхэд хэцүү л дээ. Үүнд, Бээжингийн алдарт мөргөлийн Найман шүтээний нэг болох Бадачу парк болон Шри-Ланкад байгаа Бурхан багшийн шүд ерөнхийдөө жинхэнэ нь гэж хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Бүр тодруулж хэлбэл энэ сарирас буюу үлдэс нь Бурхан багшийн шүд юм. 1955 онд Сарирас Бирмээр аялсан бөгөөд Банчин Богдын найз нөхөр гэвш лхарамба Шаравжамц болон миний бие дагалдаж явсан билээ.

1994 оны дөрөвдүгээр сард, Бирмийн цэргийн дэглэмийн хүсэлт урилгаар, Хятадын Буддистуудын Холбоо Сарирасыг үзүүлэхээр төлөөлөгчдөө илгээсэн юм. Төлөөлөгчийн гишүүн болсондоо, Буддагийн үлдэсийг дагалдан аялах болсондоо би хязгааргүй баярлаж байлаа.

Мэдэгдэл авсан даруйдаа гадаадад айлчлал хийхийн өмнө болдог бэлтгэл хуралд оролцохоор Бээжин рүү яарав. 1992 оны дөрөвдүгээр сард ардчилсан сонгуулийг цэргийнхэн хүчингүй болгож, Бирмд улс төрийн байдал тогтворгүй болсныг мэдлээ. Бирмийн засгийн газар Үлдсийг аялуулснаар байдлыг тогтворжуулж, нийгмийг тохижуулна хэмээн найджээ. Тэд бас Үлдэс нь манай төлөөлөгчийн зардлыг төлөхөөс хамаагүй илүү их хандив цуглуулна хэмээн итгэж байж. Тийнхүү улс орных нь эдийн засгийн муу байдлаас хамаарахгүйгээр тэд улс төрийн байдалдаа ашгийг эрж, урьжээ.

Хятад болон Бирмийн албаныхан айлчлалын зөвшөөрөл бичигт гарын үсэг зурахад бид байлцлаа. Хурал асар ёсолмол, дэлгэмэл байдалд, шашныг нам хэрхэн хүндэлж, талтай байгааг харуулах гэсэн хундага тулгалт, цэнгүүн мэт болов.

Үлдэс алтадсан зургаа орчим тохой өндөр суварга дээр гэрэлтэн байх агаад үнэт чулуугаар бүрхмэл ажээ. Тэр Бээжингийн баруун өндөрлөгийн Бадачу цэцэрлэгт хүрээлэнд, Лин Гуан сүмд (Бурханлаг гэрлийн сүм) Шагжамуни Бурхан багшийн алтан хөшөөний өмнө залгаастай байдаг юм. Энэ айлчлалд зориулж, шүдийг залсан багахан суваргыг алтан бадамлянхуа цэцэг дээр, олонд харагдахаар, хөдлөж байхаар тусгайлан байрлуулжээ. Биднийг Хятадаас мордохоос өмнө Бээжин дэх Гуанжиси Сүмд Үлдэсд зориулсан үдэх ёслол хийхийг Бээжин дэх Буддистууд ба Хятадын Буддист Холбооныхон хүсэмжилжээ. Тийн боловч хүсэлтийг засгийн газраас “Хүлээн авах боломжгүй” гэж үзээд хөрөнгөтний мухар сүсэг хэмээн үл хэрэгсэв. Тэгтэл үдэх ёслолд том лам нар, маш олон иргэд ирсэн байлаа. Биднийг ном уншихад цуглаад байсан хоёр зуу гаруй хүн танхимд орж ирээд, гэнэт сөхрөн “Бурхан багшийн шүднээс гэрэл цацарч байна” гэж дуу тавин мөргөв. Би шүдний эсрэг байрлалд зогсож байсан учир гэрлийг харж чадсангүй.

Маргааш нь хэдийгээр зэвсэг агссан цагдаагийнхан онгоцны буудал руу дагалдахаар хүлээж байсан ч Гуанжиси сүмээс мордохын өмнө богино ёслол үйлдэв. Биднийг дуусаад явах болоход дахин гайхамшиг боллоо. Эхлээд үлдэстэй суваргын амсрын өнгө огцом тод улаан болов, тэгээд бүдгэрэв. Үлдэсээс гарч байсан цагаан гэрлийн бүдэг туяа нь ус ууршуулагчаас гарч байгаа уур шиг харагдаж байв. Бид нам болж ”Гэрэл гарч байна, гэрэл гарч байна… Юу болж байна аа?” гэж шивнэлдлээ. Хэдэн хормын дараа цагаан гэрэл өнгө орж, ногооноос улаан, хөх, шар руу аажмаар шилжиж, тэгээд улам улмаар үлдэс рүү ойртох нь замхарч буй солонго адил байлаа. Бид алгаа хамтатгаад, юу болохыг хүлээтэл гэнэт хэн нэгэн бидний өмнө орж, түр халхлаатав. Түүнийг өнгөрөхөд гэрэл үзэгдэхгүй болсон байлаа. Би ганцаараа байгаагүй, бид бүгд тэр гайхамшгийг харсан. Гэхдээ энэ бол итгэхийн аргагүй зүйл байсан юм. Бүх зүйл хоёр хором хүрэхгүй хугацаанд болж өнгөрсөн бөгөөд юу харсан үзснээ мэдэж ойлгоход хангалттай байв. Би энэ үзэгдлийг хэзээ ч мартахгүй. Энэ үед болсон бүхнийг бодож зогсохдоо, итгэлээр дүүрэн байгаагаа мэдэрсэн бөгөөд тэрхүү биеэр харж мэдэрсэн завшааныхаа төлөө баярын нулимс ургахад бэлэн байв.

Үзэж харсандаа сэтгэл хөдөлсөн минь онгоцны буудал явахад төдийгүй Япон хүртэл нисэх урт замын туж эзэмдэж байлаа. Биднийг хүрэлцэн ирэхэд гайхамшигтай сайхан өдөр тохиож, Бирмийн сүсэгтнүүд Үлдэсийг хүлээн онгоцны буудал дээр мянга мянгаараа угтлаа. Онгоцноос буунгуут халуун дотноор хүлээн авч, хүн бүрт улбар шар цэцгийн хэлхээ зүүж өгөв. Олонх хүн баяр ёслолын хувцсаа өмсөж, нутаг орныхоо хуваргыг дагалдан ирсэн байлаа. Тэд Түвэдийн хуваргуудаас огт өөр харагдана, бараан гүргэм нөмрөгтэй, бараг л хар хүрэн өнгийн эрхи барьсан, хөл нүцгэн. Дөрөвдүгээр сард халуун айхтар тул Буддын дүрсээр чимэглэсэн дэвүүрээр сэвж сэрүүцнэ. Бүхий л юм Түвэдийнхээс ондоо аж.

Бирмийн шашны төлөөлөгчид болон засгийн газрын албаны хүмүүс Үлдэсийг болгоомжтойгоор, амьд цэцгээр бүрхсэн, сайхан чимэглэсэн тавцан дээр залан, ёслол Бирмийн залбирлын аялгуу болж залбирлаар хөгжин өрнөлөө. Угтах ёслол өндөрлөх үес, Үлдэсийг асрын дор, алтадмал болоод улаанаар өнгөлсөн, нэлдээ цэцэг унжуулсан нь хөшиг мэт харагдах урт намхан тэрэг дээрх асрын дор байрлуулж, гоёмсог өмсгөлт заанд хөллөсөн байв. Хуваргууд, сүсэгтэн олон зам дагуу Гурван эрдэнийг өргөн хүндэлсэн дуу дуурсгаж байлаа. Янгонд тэр өдөр бүх хүн ажилдаа явалгүй амарсан гэж сүүлд нь мэдсэн юм. Зам дагуух бунхад, оршин суух иргэдийн сууц, тосгодыг өнгөрөн явсаар, хүмүүс сунан мөргөж, цэцэг өргөж, цувааг угтуулан замын усаар чийглэж байв. Хүн бүрийн царайд баяр баяслын инээмсэглэл тодорч, шашин мөргөлийн ая аялгуу хотоор нэг дуурсч үнэхээрийн тааламжтай баяр ёслол боллоо. Алга ташилт, мөргөл, мэхийн хүндэтгэх бирмчүүдийн дундуур цуваа цаг гаруй явсаар, Каба Ае Цацад хүрэхэд албан ёсны угтах ажиллагаа болов. Каба Ае нь Замбуулингийн Амгалан Цацыг бэлгэдэх бөгөөд Тхиримигалар Каба Ае өндөрлөгт 1955 онд буддистуудын чуулганд зориулж бүтээгдсэн, гучин дөрвөн метр өндөр бурхан нь сууриараа гучин дөрвөн метр ажээ. Зам тийм хол ч ёслолын заанууд удаан хөдөлсөөр, Үлдэсийг том танхимд удирдан оруулж, өндөрт залав. Дээд хуваргууд, бид, мөн Бирмийн хуврагууд Үлдэсийн нэг талд өвдөглөн суугаад гурвантаа мөргөв. Бирмийн улс төрийн удирдагч, генерал Кхин Ниунт орж ирэн эхлээд Үлдэст, дараа нь Бирмийн том хуваргууд болон манай төлөөлөгчид мөргөв. Би уламжлалын ялгаа зөрөөг харж, ажиглаж явлаа. Кхин Ниунт явсны дараа хүмүүс дотогшлон Үлдэсийг үзэж, мөн чөлөөтэй болж босон явах боллоо. Маш их сэтгэл хөдөлгөсөн ёслол байсан юм. Амьдрал бол тогтонги зүйл биш амьдралын эд зүйл бас тогтонги биш. Би Жаяг Гэгээний хэлсэн зарим үгийг бодлоо. “Хүний болоод нийгмийн тухайн хүчинтэй байдал нь гэрэл мэт, хуудас цаас мэт жин бага, хааш л бол хааш хялбар хийсэх авч нийгүүлсэл нь алтан ялтас бөгөөд хэдэн зуун жил оршуулж далдалсан ч гэрэлтсээр байна” гэж тэрбээр хэлсэн юм.

Хотуудад хүн олонтой, Буддын хөшөөдтэй том хөшөө дурсгал, цац бурхан, сүмтэй, олонх нь алтан навчаар бүрмэл байсан нь хүмүүс худалдаж авч, суварга болон хөшөөнд тавьсан нь тэр ажээ. Үлдэсийг улс орон даяар залж үзүүлэхийн тулд Бирмийн Батлан Хамгаалах Яам манай төлөөлөгчдөд зориулж жижигхэн онгоц гаргаж өгөв. Маш хуучин онгоц бөгөөд цонх нь айхтар шар өнгөтэй , тоос тортог ба он жилийн өнгөр суусан тул би байгалийн сайхныг арайхийн харж явав. Нисгэгч сав л хийвэл цаас уу, зураг уу нэг юм харан жолоо үйлдэж, шугамаар зураас зурж, харваас тайван бус явж байлаа. Бид Швэмавдав цац бунханг үзэхээр Баго-д зочлов. Алтан Бурхан цац нь анх VIII зуунд баригдсан бөгөөд 23 метрийн өндөрт заларсан ч, намайг харахад 114 метрийн өндөрт мэт байв. Энэ газар гоёмсог сувгаар хязгааргүй хүрээлэгдсэн, тэдгээрийн зарим нь нурж унахдаа хүрсэн, заримыг нь шинэчилж засварлажээ. Энэ нь туйлын ариун газар байлаа. Шашны том их сургуулиар ороход зуны амралттай байсан ч 600-аад оюутан байхыг бодоход энэ сургууль маш том, 6000 оюутантай ч байж магадгүй. Тэд тун амгалан тайван элгэмсүү ажээ. Түвэдийн хийдүүд ийш тийш хурдлах хуваргаар дүүрэн, мөргөлийн аялгуу дуусч, сүсэгтнүүд ч аялгуулан уншиж, залбирал үйлдэж, жуулчид ч бас хөлхөлдөнө. Бирмд харин бүх юм нам тайван, шувуудын жиргээг хаана ч сонсож болохоор байлаа. Явахынхаа өмнө улс төр, шашны удирдлагатай уулзаж ярилцав. Заримынх нь эрч хүч, эрдэм мэдлэг надад гүн сэтгэгдэл төрүүлсэн бөгөөд зарим нь тэдний бидэнд хэлснээр бол Буддын сургаалын олон номыг цээжээр мэдэх ажээ.

Бирмд дөч гаруй хоног байж Янгоноос бусад олон газраар Үлдэсийг залахад дагалдан явав. Хаана ч очсон биднийг халуун дотноор хүлээн авч, Үлдэс олны сэтгэлийг эзэмдэж байсан юм. Хүмүүс, хөгшин залуу хэн боловч хүндэтгэлээ илэрхийлэхээр ирж байлаа.

Эх сурвалж: Gereg.mn

Санал болгох мэдээ

Египетийн фараон Тутанкамуны дүрийг сэргээжээ

МЭӨ 1332-1323 оны хооронд амьдарч, 19 насалсан Египетийн фараон Тутанкамуны амьдрал, үхэл олон хүний анхаарлыг …