АНКАРА. /Anadolu/. Турк улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган “цэргийн эргэлт хийхийг оролдсон этгээдүүдэд эмх замбараагүй байдал үүсгэснийх нь төлөө хатуу хариуцлага тооцно. Турк “түрэмгийлэгчдэд” хэзээ ч бууж өгөхгүй” гэв.
Истанбул хот дахь Ататуркийн нисэх онгоцны буудал дээр Ерөнхийлөгч Эрдоган телевизээр шууд мэдэгдэл хийхдээ “энэ бол урван тэрсэлсэн, үймээн самуун дэгдээх гэсэн хэрэг. Гэмт этгээдүүдэд урван тэрсэлнийх нь төлөө хатуу хариуцлага тооцно” гэлээ.
Тэрбээр цааш нь хэлэхдээ “ард түмний сонгосон засгийн газар, ерөнхийлөгч төрийн эрхийг барьсан хэвээр байна. Бид хүлээсэн үүргээ гүйцэтгэсээр байгаа. Бид эцсээ хүртэл энэ үүргээ гүйцэтгэх болно” гэв.
Эрдоган үүний өмнө мэдэгдэл хийхдээ “Туркийн арми доторх жижиг фракц цэргийн эргэлт хийхийг оролдлоо” гэсэн билээ.
Мөн цэргийн эргэлт хийх оролдлогод оролцсон цэргүүдэд тэрбээр анхааруулга өгөн “та нар бол манай улсын цэргүүд. Ард түмэн, эцэг эх болон ахан дүүс рүүгээ буу шагайхыг бид хүлээн зөвшөөрөхгүй. Улс орноо хамгаалуулахын тулд ард түмэн та бүхэнд зэвсэг өгсөн. Хэрвээ энэ зэвсгийг эргүүлээд ард түмэн рүү чиглүүлбэл та бүхнийг хатуу шийтгэх болно” гэжээ.
Цэргүүд Туркийн томоохон хотуудын зам гүүр болон гол гол байгууламжуудыг хяналтдаа авахыг оролдлоо гэсэн мэдээлэлтэй холбоотойгоор баасан гарагийн орой эмх замбараагүй байдал үүсч, улмаар цэргийн нисдэг тэргүүд нийслэл Анкара хотын гол байршлуудад агаараас цохилт өгч, тэсрэх бөмбөг хаяснаар нөхцөл байдал улам хурцадсан байна.
Нүдээр харсан гэрчийн хэлснээр, Туркийн парламентын ордны ойролцоо тэсрэх бөмбөг дэлбэрсний улмаас 12 хүн шархаджээ. Тэдний хоёрынх нь биеийн байдал хүнд байгаа тухай мэдээлэл байна.
Төрийн эргэлт хийхийг оролдсон хүмүүс бол FETO/PDY гэдэг террорист бүлэглэлийнхэн гэж Эрдоган мэдэгдэв. Энэ бүлэглэл нь гурван жилийн өмнө засгийн газрыг түлхэн унагаахыг оролдож байжээ.
Г.Доржханд
montsame.mn