Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Андре Дэ Филип, Италийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн АЧИМИТ Холбооны Ерөнхийлөгч ноён Пеллагата нарыг /2016.10.28 /хүлээн авч уулзлаа. ХХААХҮ сайд П.Сэргэлэн эртний найрсаг, найрамдалт харилцаатай Итали улсын Элчин сайдын яам Монгол Улсад үүд хаалгаа нээсэнд баяр хүргээд хоёр орны хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж шинэ шатанд гаргахад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын хувьд онцгой ач холбогдол өгч ажиллахаа илэрхийллээ.
Талууд уулзалтын үеэр Монгол Улсад хүнсний бүтээгдэхүүн, арьс шир боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг хамтын ажиллагааны чухал асуудлын талаар дэлгэрэнгүй санал солилцлоо. Мөн 2017 онд зохион байгуулагдах Монгол-Италийн Засгийн газар хоорондын комиссын 2 дугаар хуралдааны төлөвлөгөөг гарган хамтран ажиллах талаар дэлгэрэнгүй санал солилцсон юм. Ноён Пеллагата Монголын ноос ноолуурын холбоо, Италийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн АЧИМИТ Холбооны хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд Монгол Улсад Технологийн төв байгуулах төслийг хамтран хэрэгжүүлэх мөн ноос ноолууран бүтээгдэхүүний боловсруулалтын салбарт идэвхтэй хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлснийг ХХААХҮ-ын сайд П.Сэргэлэн нааштайгаар хүлээн авч дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаар тохиролцлоо.Цаашлаад талууд Монголын мэргэжилтэн боловсон хүчин, фермерүүдийг Бүгд Найрамдах Итали Улсын Их дээд сургуулиудад суралцуулах, мэргэжил дээшлүүлэх урт богино хугацааны сургалтад хамруулахад хамтран ажиллахаар тохиролцсон юм.