Тэр эрхэм бол Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Н.Лүндэндорж. Яг үнэндээ сүүлийн жилүүдэд шүүгчийн цалин, шүүхийн шинэтгэл гэх үг бүрийн ард нэр нь, зүс нь, магадгүй заримдаа яс нь ч хавтайдаг байж мэдэх түүнийг би сайн мэдэхгүй л дээ.
Гэхдээ шүүхийн шинэтгэлийн автор, энэ том хувьсгалын ачааны хүндийг үүрсэн гэж төрийн тэргүүний нэр цохсон энэ эрдэмтнийг өнөөдөр Монголын өргөн уудам нутаг, 21 аймгаар тойрч, тархи зүрхээ ард түмэнтэй хуваалцсан зүтгэлийг нь хажуугаас нь харлаа.
Түүнийг шавь нар нь магтаж, зарим улс төрч үзэж чаддаггүй. Ийм л кантраст ихтэй, бичсэн, ярьсан зүйлүүд нь хурц тод, анализ шүүмжлэлтэй, үндэслэгээ нотолгоотой, анх уулзаж ярихад хэг ёг хийсэн яриатай, егөө ёж ихтэй атлаа ухаалаг, эелдэг хүн гэдэг нь ойлгогдсон.
Урт холын томилолтоороо шүүхээр орно, орохдоо элж биш эмэрч тэмтэрч, өнгийж тонгойж харж байж санаа амарна, шүүгчид ажилтнуудтай уулзана, ухаж төнхөж асууна, уншиж байгаа номыг нь нугасаар нь сөхөхөө ч мартахгүй, зөвлөж, захиж, басхүү байсгээд нирхийтэл инээд бэлэглэнэ. Цагдан хорионы өрөөний цонх, хүүхдийн өрөөний тоглоом наадгай, хавтаст хэргийн богцны бат бөх, архивын өрөөний температур, подвал, гарааж, иргэдийн суух, зогсох зай талбай гээд профессор Н.Лүндэндоржийн анхаарлаас ангид нэг ч зүйл шүүхэд үгүй нь тархи эргэмээр санагдана.
Түүний томилолтуудыг дагасан хүн шүүх гэдэг “айл” толгой өвтгөсөн ямар их, нарийн нандин, тоо томшгүй эд эс, эрэлт хэрэгцээ дүүрэн, сахилга хариуцлагын туйл болсон орчин болохыг ягштал ойлгоно.
Ажлын багтайгаа хоол идэх үеэр нэг уулзана. Ажил хэргийн талаар үүрэг даалгавар өгөх нь үгүй. Бүх ажил тогтсон сценариар л явна. Яав ийв гэх үг сонссонгүй. Ажилтан бүр нь хийх ёстойгоо хийгээд, томилолт хөнгөн урсана. Шүүх эрх мэдэл хэмээх засаглалын захиргааны цэмбийсэн даргын хувьд өвөрмөц арга барил, менежменттэй хүн.
Иргэдтэй уулзах их дуртай. Хүн сайн цуглаасай гэж дуугарна. Пиг дүүрэн хүнтэй танхимд хоолой хүртэл урамтай гардаг гээд даруухан инээвхийлэх. Уулзалтаа нэг л үгээр эхэлнэ. “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан шүүхийн шинэтгэл шүүх тойрсон хэдэн хүний асуудал биш. Харин хүн бүрийн, айл гэрийн амин чухал хэрэг. Таны уудаг сүү, иддэг талхны үнэ өртөг, чанар чансаа, цалин пүнлүү шүүхийн шинэтгэлээс шууд хамаардаг. Шүүхийн шинэтгэлийг цаг үргэлж хийдэггүй. Хамрын үзүүрт тулсан, аргагүйдсэн үед хийдэг.Гэвч шүүхийн шинэтгэл нэг л өдөр өргөс авсан мэт хэрэгжиж, бүх шүүгч маргааш нь цэвэр ариун болчихно гэж бодож болохгүй. Шүүхийн шинэтгэл өөрийн гэсэн сорилт, тэмцэл, эсэргүүцэл туулж явдаг” хэмээн ой тойнд ортол ярих. 4 жилийн турш өдрийн бодол, шөнийн зүүд болтлоо “өвчилсөн” шүүхийн шинэтгэлийн 10 үр дүнгээ их зүйл хийсэн гэдэг өнцгөөс огт ярихгүй. Харин шүүхэд итгэх иргэдийн итгэлийг сэргээх хөшүүрэг талаас ярихыг нэвт зөвлөнө. Шүүхийн өөрчлөлт бидэнд сонин биш, яагаад гэвэл бид хийж байгаа зүйлээ мэднэ. Хамгийн гол нь иргэдэд хүргэх гэдгийг дахин дахин онцолно.
Монгол орноор тойрсон түүний яриа шүүхийн шинэтгэлийн цагаан магтаал, хоосон сурталчилгаа байсангүй. Одоогоос 11 жилийн тэртээ шүүхийн 80 жилийн ойн баяр дээр “Шүүх эрх мэдэл хямарлаа, та минь” хэмээн “эсэргүү” илтгэл тавиад, гарч одсон тэрбээр шүүхийн ялзрал, үнэ хүнд нь шалдаа буутал унаж, үгүйрч ядууран авилга хээл хахуульд идэгдсэний улмаас өнөөдрийн шүүхийн шинэтгэлийг эхлүүлсэн тухай шүүгчдийн нүдэн дээр, нүүрийг нь улайтал иргэдэд ярихаасаа эмээсэнгүй. Энэ дуу хоолой 21 аймаг, үндэстэн, ястан даяар хүрсэн. Шүүхийн түүхийг өнгөрсөн, одоо, ирээдүй цаг дээр цаас харалгүй, цагийн хязгааргүй хаанаас нь л бол хаанаас нь ярьж чадах тэрбээр өөрийгөө хувь заяаны эрхээр шүүхтэй холбогдсон гэж ярьсан.
Аймгийн төвийн хамгийн том зааланд иргэдтэй 3,4 цаг уулзалт хийж, биечилж уулзах гэж ээрэх хүмүүсийн урт дараалалд бүслэгдээд, орон нутгийн телевизэд нь ярилцлага өгч, шүүхийн шинэтгэлийг түгээх түүний ярианд заал нам гүм байх нь сүрдэм. Харин Ховд аймагт хэсэг залуучууд улс төр хэмээн хардаж, жаахан шуугих гэхээр нь эвтэйхэн нэг үг хэлээд нам болгож байналээ. Бас л багш хүний эзэмшсэн байх ёстой чадвар, профессор хүний давуу тал харагдана. Ийм болохоор нь иргэд Лүндэндорж дарга аа гэж холоос эхлээд, амжилт хүсье, Лүндээ багш аа хэмээн алга ташилт, эргэн уулзахын ерөөлөөр өндөрлөх нь олонтаа.
Хачирхалтай нь, шүүхийн захиргааны дарга 21 аймгаар явахад шүүгч, ажилтнуудтай нэг ч удаа хаалттай хаалганы цаана уулзах нь нүдэнд өртөөгүй нь миний мөшгисөн, басхүү урам хугарсан “эрэл хайгуул” байсан юм.
Шүүгчидтэй хамаг нарийн ширийн зүйлээ нээлттэй ярих бөгөөд хаа ч очсон Монголын 521 шүүгчээс нэгнийх нь ч нэрийг хольж солилгүй хүндэтгэлтэй харьцахыг нь хэлэхгүй өнгөрч болохгүй. Олон жил шүүгчдийг сонгон шалгаруулж, шилж олж, суух ширээ, өмсөх нөмрөг, барих алх, амь нас, аюулгүй байдлыг нь хангаж хамгаалж байгаа хүн “нэвтэрхий” байх нь арга ч үгүй юм болов уу. Шүүгчийн үс засалт, гадаад төрх, нэрийн хуудас халааслах эсэхийг нь ч хүртэл Н.Лүндэндорж дарга зөвлөж учирлах аж. Харсан ч хараагүй мэт өнгөрч болох, гэвч түүнээс нь өөриймсөг элгэмсүү сэтгэл ханхлах нь илт.
Түүний 21 аймгийг тойрсон аяны турш ажиглагдсан нэг зүйл бол Н.Лүндэндорж профессорыг шүүгч, ажилтнууд нь өөрсдийн удирдагч, лидер, шүүхийн “түүхэн хүн” хэмээн хүлээн зөвшөөрчихсөн явдал нь магтаал бус. “Бидний төлөө дуугардаг, хамгаалдаг, шүүхэд бэрхшээл тохиолдсон үед “За одоо дарга ямар нэг зүйл хийнэ” гэж найддаг, эцэг шиг түшигтэй хүнтэй болсондоо баяртай байдаг” гэж шүүгчид хаа сайгүй дуугарч байна.
Очсон аймаг бүрийн хуульчдад лекц уншлаа. Илтгэх урлаг, уг салбараа мэдэх мэдлэгийн өргөн хоёр нийлэхээр чухамхүү тийм лекц болдог гэдгийг би олж харсан. Лекцэнд суусан шүүгч нар нь прокурор, өмгөөлөгч, хуульчдынхаа өмнө ховор эрдэнэтэй зүйрлэн, хорхой хүргэтэл яриад бэлэглэсэн номнуудыг нь гардаад, цаанаа л нүүр бардам нь илт. Төвөөс ирсэн том дарга нар сүржин гээч хурал хуй, шалгалт хийгээд үүрэгдэж, дүрэмдээд л томилолт өндөрлөдөг болохоор эрдэмтэн даргаараа шүүгч, ажилтнууд бахархах нь зүй.
Ийм нэг гавьяат эрдэмтэн эх орноо нар зөв тойрч, шүүхийн шинэтгэлийг ард түмний сэтгэлд хоногштол тайлбарлан таниуллаа. Энэ аян улсын мөнгө үрж, үнэ хүнд, ашиг хонжоо эрэлхийлсэнгүй. Их сургуулийн танхимд лекц уншихаа хамгийн сайн амралт, тайвшрал гэж ярих дуртай Н.Лүндэндорж профессорыг шүүхийн шинэтгэл ер бусаар эрчилж, хурцалдаг мэт санагдсанаа нуух юун. Иргэдтэй хийх уулзалтууд эсэргүүцэл тэмцэл ихтэй байсан бол ганц нэг аймгаар орж, шүүхээр нь чимээгүйхэн эргэсхийгээд зогсох байсан болов уу. Шүүхэд итгэх иргэдийн итгэл, түүнийг нотолсон гадаад додоодын үнэлгээ энэ эрдэмтний олон жилийн зүтгэлд хугарч нугаршгүй урам зориг өгсөн нь замын уртад танигдав. Монголчуудад ус, агаар мэт хэрэгтэй шил дарсан уулзалтууд, ард олны хүлээлт итгэл дүүрэн холын замд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч бас хүн онож таньдаг хүн юм гэж эрхгүй бодогдов. Одоогоос 4 жилийн өмнө түүнийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар томилуулахгүй гэх хүч хангалттай байсан гэдэг юм билээ. Тэрхүү хэл амыг үл ажран, шүүхийн шинэтгэлийн бодлогоо хэрэгжүүлэх, адармаатай хүчир ажлыг түүнд үүрүүлсэн нь үнэндээ алдсангүй.
ШЕЗ