Арабын орнуудад христианчууд болоод христосын сүмүүд халдлагад өртлөө хэмээн өрнийнхөн эмзэглэдэг ээ. Гэм нь тэд эвлэршгүй хоёр шашны эвлэрлийг ерөөдөг. Эвлэрэхгүй бол тусламжаа зогсоолоо гэж заналхийлдэг. 2013 оны 7-8 дугаар сард Египетэд болж өнгөрсөн цуст явдал бол улс төрийн гэхээсээ ердөө л шашны хурц мөргөлдөөн. Исламистууд ба бусад нь гэж хуваагдсаны гор гарч байгаа нь тэр.
“2013.07.03”-тай зэрэгцээд тэр тэмцэл дахин дэгдсэн. Тэр үед Мурсийг авч хаялаа хэмээн цэргийнхэн рүү бус, христианчууд руу өнгөлзөж, халдаж дайрсан хэрэг гарсан. Египетэд үймээд бужигнаад эхэлмэгц цагийн аясыг хүлээн суусан исламистууд, салафитууд христосын сүмүүд рүү халдаж, нураан сүйтгэж, галдан шатаадаг. Зандалчлах гэдэг зүйл ангитай гэмт хэрэг Египетэд тоогоо алдсан. Би шашны мөргөлдөөнөөр авч ярьж байна. Лалын ахан дүүс нь исламизм, панисламизм, кутбизм, жихад, антисионизмыг үзэл суртлаа болгосон, Лал бүхнийг шийднэ гээд дүрэмдээ биччихсэн тул дүрмийнхээ дагуу ажилласан байхад юун зандалчлах гэмт хэрэг вэ.
Хүн амын 10 гаруй хувь нь христианчууд, тэд ардчилсан замаар сонгогдсон анхны ардчилсан Ерөнхийлөгч Мурсийг гараад ирэхэд хамгийн их түгшсэн. Түүний үг хэл, үйл хөдлөлийг сэтгэл түгшин ажиж сонсож суусан. Лалын, лалжсан, лаллаг төр-улсыг хэрхэн цогцлуулж эхэлж байгааг гутралын нүдээр чухам христианчууд л харсан. Христиан–копт Адель Хаким Ширани ийн өчиж байна.
-Улс орныг хоёр хуваая гэх хүмүүс бий. Тэд христиан, мусульман хоёр хоорондоо дайсагналцаж, түүгээр нь далимдуулан христосын сүмүүдийг шатааж байх хүсэлтэй.
-Эд бол харгис хүмүүс, үнэхээр маш харгис, тэдэнд буу зэвсэг бий. Бид бол үнэхээр номхон хүлцэнгүй, энх тайванч хүмүүс, бид бол алуурчид биш гэдгийг бүх дэлхий мэдээсэй. Бид бол энх тайванч үндэстэн.
-Ерөнхийлөгчийг долоодугаар сарын 3-нд зайлуулсны маргааш нь л Египет даяар олон сүм дугана халдлагад өртөж, тоногдож, бурхан шүтээн нь доромжлогдсон. Бид энэ хэрэгт юуны өмнө “Лалын ахан дүүс”-ийг хардаж байгаа.
-Олон шашинт Египетэд шашны бүх төлөөлөл орсон Ардчилсан Засгийн газар эмхлэн байгуулахын төлөө тэвчээр заан хүлээцтэй хандаач хэмээн АНУ, бусад улс орнууд цэргийнхнийг уриалан дуудаж байгаа шүү дээ!
Христиан–копт Магди Эмад ярьж байна.
-Нөхцөл байдал хурцдахын хэрээр христосын сүмүүд, христосын ба төрийн институциуд руу халдан довтлох явдал ихэсдэг.
-“Лалын ахан дүүс” юу хийж байгааг би ер ойлгохгүй байна. Манай эх орныг бүтээн байгуулахын төлөө, эвлэрэхийн төлөө, улстөрийн зохицуулалт эрэлхийлэхийн төлөө бид тэдэнтэй хамтран ажиллахыг чин сэтгэлээсээ хүсч байна. Гэтэл энэ бүхэн ямар ч үр дүнгүй өнгөрлөө.
Египетийн христиан цөөнхийн төлөөлөгч Сильвия Луискандер ярьж байна.
-Хүчирхийлэл яриа хэлэлцээнд байраа тавьж өгөх ёстой.
-Олон янзын үзэл бодол, олон янзын шашин шүтлэг байхаас би айхгүй байна. Хүн болгонд л өөрийн итгэл үнэмшил гэж байдаг.
-Хэрэв Та өөрийн үзэл бодлоо яриад над дээр хүрээд ирж болно, тэгэхдээ надад түүнийгээ итгүүл, үнэмшүүл!
-Харин над руу бүү халд, энэ чинь иргэншээгүй балмад явдал!
-Иргэншсэн байдал гэдэг бол халдлага хийснээрээ байдаггүй юм. Тархин дэх сэтгэлгээ, өөрчлөлт шинэчлэлд байдаг юм!.
Арабын хавр-аар Хосни Мубаракийг зайлуулсны дараахнаас египетийн коптууд үндсэндээ дайны байдалд шилжсэн юм. Коптууд руу халдах, алах явдал тогтмолжсон. Нэг долоо хоногийн дотор 15 христиан алагдаж, 200 гаруй нь шархадсан, нэг шөнө (жишээ нь 2013.08.22-ны шөнө) христианчуудын 52 сүм, мөргөлийн газар шатсан мэдээ хэвлэлд гарах нь энүүхэнд. Синайд ч мөн христосын сүмийг устгаж, католик лам нар алагдаж байна. Тус улсын 8-10 сая христиан 60-70 сая мусульманыхаа дарамтад байнга байна. Лалын нийгэмд өөр шашин, өөр шүтлэг байх ёсгүй гээд мусульманчуудынх нь бараг тал нь итгэчихсэн.
Христосын шашны нэг сайтад бичсэнээр бол, христиан айл өрхийн балчир нялхас мусульман болж өсч торних ёстой гэнэ. Христиан хүний өмч рүү халдчихсан байхад “Аллах тэг гэсэн” гээд заачихад ялгүй. Христианчуудын сүм төдийгүй тэдний эмнэлэг, эмийн сан, гэр байшин, хашаа, дэлгүүр, машин руу халдах, тонох, шатаах явдал бараг хэвийн үзэгдэл болох дөхсөн. Гэвч нөгөө эртний египетчүүдийн удам болох коптууд нь лалаас хамаагүй өмнөх шашин-копт, үнэн алдартны шашнаасаа татгалздаггүй, энэ л хэлмэгдлийнх нь гол шалтгаан болох аж.
Антихристиан хүчирхийлэл хэрээс хэтэрч, нийгмийг эрс түгшээсэн тул Түр Засгийн газраас хууль боловсруулжээ. Шашнаар шалтгаалан хүчирхийлэл үйлдвэл эрүүгийн хариуцлага тооцох тухай хууль.
Энэ хуулиар бол улс төрийн намууд шашны агуулгатай лоозон хэрэглэж болохгүй, шашны мөргөл хийж байгаа газарт жагсаал цуглаан давхцуулан хийж болохгүй гэж заасан ба шашин сүм хийдийн барилга барих асуудал ч журамлагджээ. Сүм мечеть босгохдоо эрх тэгш байя гэсэн христианчуудын өнийн хүсэл биелэх болж байх шиг. Христианчуудыг ялгаварлан гадуурхахаа зогсоохыг хуульчлахыг 39 жилийн тэртээ санал болгож байсан ч 30 гаруй жил Мубаракийн дэглэм үл хэрэгсээд өнгөрчээ.
Ер нь Мубаракийг буруутгах ял зэмийн дотор христианчуудын гомдол нэмэгдэж орох төлөвтэй.
Коптын сүм барих нь Египетийн төрийн аюулгүй байдалд заналхийлэх аюул мэт асуудлыг хурцатгасан байжээ. Шинэ сүм барих нь бүү хэл, гадна талын өнгөн засал хийхэд ч хүртэл Ерөнхийлөгчөөс зөвшөөрөл авдаг журам тогтоожээ. Сүм барина гэж төлөвлөсөн мужийн губернатор нь цагдаа, аюулаас хамгаалахынхантай ярьж асуудлыг хүндрүүлэн дараа нь Ерөнхийлөгчид өргөн барьдаг журам хэвшүүлчихсэн байв. Улсын аюулгүй байдлаар шалтаглан Мубаракийн дэглэм иргэний эрх, эрх чөлөөг хязгаарлан, тэдний үг хэлэх, эвлэлдэн нэгдэх эрхийг хязгаарласан хууль мөрдүүлж байв. Анвар Садат алагдсан нь шашны буруу болж таарсан ба энэ аллагын дараа шашны цөөнх рүү илт хялалзаж эхэлжээ. Зөвхөн лалын улс хэмээн Египетийг үзэж байснаас христианчуудын эрх ихээхэн зөрчигдөв. Лалын хууль тогтоомжоос Үндсэн хуульдаа оруулснаар энэ улсад албан ёсны шашин нь лал, түүний хууль зүйн эх сурвалж нь лалын эрх зүй болж хувирчээ.
Ийнхүү 8-10 сая египет коптууд (үндсэн иргэд нь шүү дээ) багтах шингэх газаргүй болохын эхийг Мубарак тавьчихсан, Лалын ахан дүүс тэр бодлогыг нь итгэлтэйгээр үргэлжлүүлсэн болж таарч байна. Христиан цөөнхийн шашин шүтэх эрх, ерөөсөө иргэний эрх нь Египетийн лаллаг онцгойрлын сүүдэрт ад шоо болон олон жилийг өнгөрөөсөн. Аль нэг шашныг төрийн шашин болгох нь эрт орой хэзээ нэгэн цагт бүтэлгүйтлээр дуусдагийн сонгодог сургамж нь Египет орон өөрөө юм. Үндсэн хуулийнх нь 2 дугаар заалт болох ислам бол төрийн шашин мөн, араб хэл бол төрийн хэл мөн, хууль тогтоомжийн гол эх сурвалж нь лалын хууль зүй (шариат) мөн гэсэн заалтыг аль Мубаракийн үед мөрдөж байсан болж таарлаа. Энэ заалт олон юмны чөдөр тушаа болж байлаа. Улс төрийн реформ, ардчилалд хамгийн том саад нь энэ заалт. Цаашлаад үндэсний эв нэгдэлд тун халгаатай. Коптууд улс орныхоо бүрэн эрхт гишүүн нь гэсэн итгэлгүй болно. Нэгэнт л цаана нь шариат байгаа юм бол шейх, мулла нар хуулийг яаж ч тайлбарлаж, завхруулж болно.
Иргэний эрх, шударга ёс гэдэг бол хөгжил дэвшлийн үндэс, дэлхийн иргэншлийн нэг гол үзүүлэлт, гэтэл Египетэд шашнаар нь гадуурхаад цөөнхөө хэн ч биш болгочихсон. Египетийн христианчуудын удирдагч Пап III Шенуда бараг 20-иод жил хууль өргөн барих гэж хөөцөлдөөд тэр нь бүтээгүй, нас нь гүйцээгүй. Парламентэд цөөнхи христианчууд төлөөлөлтэй байя, коптуудад онцгой статус эдлүүлье гэж тэр хуулинд заачихсан байж. Христиан охидыг хулгайлж мусульман эрчүүдтэй хүчээр гэрлүүлдэгийг болиулах гээд бараагүй. Христианчуудын гомдол хуулиас гадуур үлдэнэ. Энэ мэт исламистууд нь эрх баригчидтайгаа албан бусаар үгсчихсэн юм уу гэмээр байдал Мубаракийн үед бүр норм болчихсон байв.
Ерөөсөө харьцуулалт хийгээд үзэж болно. Миний ажигласнаар Египетэд мечеть сүмээсээ хавьгүй их. Зөвхөн Каирт гэхэд л 4000 мечеть ажилладаг гэх статистик бий. Орон сууны хорооллоо барихаасаа өмнө мечетээ заавал барина. Дараа нь орон сууцаа. Христосын сүмүүд нь дан хуучны барилга, өнгө зүс муутай, том том мечетийн дэргэд ёстой жолдоно. Мечеть барихдаа уран барилгын талаас нь бус, дэлхий дээрх хамгийн аугаа их, бүх шашнаас дээгүүрх шашны сүр хүчийг харуулахыг зорино. Коптууд сүм барих гэж төрийн хүнд суртлыг туулна. Гадаад үзэмж, бэлгэдэл, шашны онцлогийг нь төр хянана. Хамаг учир байдлаа төрдөө тайлбарлана.
Шашны зөрчлөөс болж хүчирхийлэл гарах аваас “өөрсдөө шийд” гэсэн зарчим ноёлно. Хөөрхий христианчууд цөөхүүлээ тул хана мөргөнө. Коптын асуудлыг ухаалгаар шийдсэн тохиолдол ер байхгүй. Ухаалаг шийдүүлэхийн тулд ихээхэн өртөг төлнө. Лам хуваргаа алуулж, сүмээ шатаалгаж байж л шинэ сүм барих зөвшөөрөл олж авах жишээтэй. Шашин солино гэдэг ойлголт ислам дээр байхгүй.
Харин мусульман биш хүн лалд оръё гэвэл уриалгахан дэмжээд өгнө. Христиан, мусульман хоёр египет гэрлэнэ гэж гонж, тийм гэрлэлт юм уу, дурлал үхэл хагацал, шашны мөргөлдөөнөөр дуусна. Америкийн Pew Research хэмээх судалгааны төв 2010 оны 12 дугаар сард египетийн мусульманчуудын дунд социологийн судалгаа явуулж үзтэл хэрэв мусульман хүн христосын шашинд элсвэл цаазаар авсугай хэмээн санал өгөгсдийн 84 хувь үзсэн байв. Энэ чинь Тахрирын хувьсгалаас өмнөх тайван үеийн судалгаа шүү дээ.
Олхонуд Д.Баярхүү
(Судлаач проф)