Хөхний сүүгээ шинээр нь хадгалж хүүхдээ угжих хэд хэдэн арга байдаг. Үүнд:
- Өрөөний хэмд /25 градусаас илүүгүй/ – 6 цаг
- Мөстэй саванд – 24 цаг хүртэл
- Хөргөгчинд /4 градусаас бага хэмд/ – 5 өдөр хүртэл. Хөргөгчний хамгийн хүйтэн хэсэг буюу хойд хэсэгт мах, өндөр, түүхий хүнсний зүйлсээс хол хадгалах.
- Хөлдөөгчинд – 2 долоо хоног
Хөхүүл үедээ ажилдаа эргэн орсон бол хөхний сүүгээ сааж, зөв хадгалж сурах нь зайлшгүй шаардлагатай. Ингэснээр хөхний сүү ширгэхээс зайлсхийж, таныг байхгүйд ч хүүхэд сүүгээр дамжуулан шаардлагатай амин дэм, эрдэс бодисоо авсаар байна.
Хөхний сүүг хэрхэн хадгалах нь, та хэр богино хугацаанд түүнийг ашиглахаас хамаардаг. Хэрвээ та ойрын хэдэн өдрийн дотор ашиглах бол хөлдөөснөөс хөргөгчинд хадгалах нь илүү дээр. Учир нь сүүг хөлдөөхөд түүнд агуулагддаг халдварын эсрэг зарим бодисууд устдаг байна. Гэхдээ хөлдөөсөн хөхний сүү ямар ч тохиолдолд хүүхдийн хуурай сүүнээс илүү эрүүл сонголт байдаг.
Хөхний сүүгээ хөлдөөх эсвэл хөргөгчинд хадгалах бол дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй.
- Ариутгасан сав ашиглах. Шилэн сав хүйтэнд хагарах, цуурах эрсдэлтэй тул хүнсний зориулалтын хуванцар сав эсвэл хөхний сүү хадгалахад тусгайлан зориулагдсан нэг удаагийн уутнууд ашиглаж болно.
- Сүү хадгалж буй саван дээрээ хэзээ саасан сүү болохыг тэмдэглэж байх.
- Хөх саадаг хэрэгслээ байнга цэвэр байлгах. Халуун савантай усаар цэвэрлэж, ариутгаж байх.
- Хөхөө саах болон сүүгээ савлахын өмнө гараа заавал угаах.
Тухайн өдөртөө саасан сүүгээ нэг саванд дээр нь нэмж хадгалж болно. Сүүг тодорхой хугацаанд хадгалахад сүү дотроо салж, тунадас үүсдэг. Энэ нь хэвийн үзэгдэл бөгөөд хүүхдээ угжихын өмнө сэгсрэхэд л хангалттай. Хөргөгчинд хадгалсан сүүг халуун усанд савтай нь дүрж бүлээсгэн хүүхдэдээ өгнө.
Хэрвээ сүүгээ хөлдөөхөөр шийдсэн бол сүүгээ саасан даруй хөлдөөгчинд хийх хэрэгтэй. Сүү хөлдөхдөө тэлдэг учраас саваа дүүртэл хийх хэрэггүй. Хөлдөөсөн сүүг шинэ саасан сүүтэй хольж болдог. Ингэхийн тулд хөлдөөсөн сүүгээ дор хаяж нэг цагийн өмнө хөлдөөгчнөөс гаргаж, гэсгээсэн байх шаардлагатай.
Хөлдөөсөн сүүг гэсгээх хамгийн зөв арга нь сүүгээ хөлдөөгчнөөс гаргаж, хөргөгчинд хийх юм. Ингэж гэсгээсэн сүүг хөргөгчинд 12 цаг хүртэл хугацаанд хадгалах боломжтой. Нэгэнд гэссэн сүүг дахин хөлдөөж болохгүй.
Сүүг гэсгээх эсвэл халаахдаа богино долгионы зуух ашиглаж болохгүй. Яаралтай сүүгээ гэсгээх шаардлагатай болсон үед сүүтэй саваа эхлээд хүйтэн дараа нь бүлээн гоожиж буй усан доор барих, эсвэл савтай бүлээн усанд хийх хэрэгтэй. Сүүг гэссэн даруйд нь шууд хэрэглэх ёстой байдаг.
Эх сурвалж: www.babycenter.com