Өнгөрсөн хугацаанд бага насны хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн талаар мэдээлэл ар араасаа цуварч нийгмийг цочроогоод байна. Улмаар гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох арга хэмжээний талаар шийдвэр гаргах түвшинд анхаарал хандуулж байгаа гэх боловч хүчирхийллийг бууруулах, хохирогчийг аюулгүй байдлын хамгаалалтад авах нэг цэгийн үйлчилгээ, түр хамгаалах байрны хангамж хүрэлцээ бага байгаа юм. Энэхүү сэдвийн хүрээнд Нийслэлийн цагдаагийн газрын харьяа, Түр хамгаалах байранд очиж тэдний явуулж буй үйл ажиллагаа, чиг үүргийн талаар сурвалжиллаа.
-НИЙСЛЭЛИЙН ТҮР ХАМГААЛАХ БАЙРАНД ОРОН НУТГААС ХОХИРОГЧИД ИРЖ ҮЙЛЧЛҮҮЛЖ БАЙНА-
Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын аюулгүй байдлыг хангах үүднээс түр хамгаалах байрны хаяг нууцлалтай байдаг аж. Тус төв нь 2014 онд байгуулагдсан бөгөөд энэ оны эхний 9 сард нийт 160 гаруй иргэн хүлээн авч тусламж үзүүлээд байна. Өнөөдрийн байдлаар тус төвд хүчирхийллийн хохирогч болсон 10 орчим иргэн байрлаж байгаа ба хөдөө орон нутгаас ирсэн иргэд ч мөн байв. Учир нь зарим аймгуудад хохирогч хүлээж авах төв байдаггүй.
Нийслэлийн түр хамгаалах байрны дэргэд 107 дугаарын утас 24 цагийн турш ажиллаж, хүчирхийллийн дуудлага мэдээлэл хүлээн авдаг. Түүнчлэн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдэд эрхзүйн мэдээлэл, сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг.
Хүчирхийллийн дуудлага мэдээлэл хүлээн авсан цагдаа, хохирогчоос аюулын зэргийн үнэлгээ авах ба өндөр эрсдэлтэй гарсан хохирогчийг түр хамгаалах байранд авч ирдэг байна. Харин дунд ба өндөр үнэлгээтэй гарсан хүүхдүүдийг эцэг эх асран хамгаалагчаас хамааралгүйгээр нэн даруй хамгаалалтад авч түр хамгаалах байранд хүргэж өгдөг.
Түр хамгаалах байранд ирсэн иргэдийг хоол хүнс, ахуйн хэрэглээний эд зүйлсээр хангахаас гадна сэтгэлзүйн болон эрхзүйн зөвлөгөө мэдээлэл, эмнэлгийн тусламж үйлчилгээ үнэ төлбөргүй үзүүлэн ажилладаг. Түүнээс гадна хохирогчийн амьдран суух харьяа дүүргийн хамтарсан багийнхантай харилцаж, шаардлагатай тохиолдолд орон байраар хангах, гэртэй болгох, ажилд зуучлах, мэргэжлийн сургалтад хамруулах гэх мэтээр хохирогчийг нөхөн сэргээх, цаашдаа хүчирхийллээс ангид хараат бус амьдрахад нь туслах бүхий л арга ажиллагааг явуулдаг байна.
Хамгаалах байранд ирсэн иргэд 10-30 хоног байрлах ба энэ хугацаанд тэднийг сургалтад хамруулж, хувь хүний сэтгэлзүйг өөрчлөх тал дээр түлхүү ажилладаг. Улмаар сургалтад хамрагдсан иргэд түр хамгаалах байрнаас гарахдаа амьдралд итгэх сайн сайханд тэмүүлэх сэтгэлтэй болдог гэдгийг тус төвийн мэргэжилтнүүд хэлж байв. Нөгөө талаас хүчирхийлэгчийг зан үйл өөрчлөх албадан сургалтад хамруулахаар хуульчилж өгсөн нь хүчирхийллийг давтагдуулахгүй байхыг зорьжээ.
-АЙМАГ, ДҮҮРЭГ БҮРТ ТҮР ХАМГААЛАХ БАЙР ШААРДЛАГАТАЙ Ч, УЛСЫН ХЭМЖЭЭНД ЕРДӨӨ 13 ТӨВ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ-
Гэвч өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний хүртээмж бага. Тусламж туслалцаа хэрэгтэй маш олон хохирогч байдаг ч эдгээр иргэдийг бүгдийг хүлээн авах хангалттай байр байдаггүй. Холбогдох албаны эх сурвалжаас авсан мэдээллээс үзэхэд, улсын хэмжээнд энэ чиглэлд ажилладаг ердөө 15 төв бий. Тодруулбал, түр хамгаалах байр 10, нэг цэгийн үйлчилгээний төв 5 байна. Эдгээрээс 2 түр хамгаалах байр нь санхүүжилтгүйн улмаас үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа ба нийслэлийн хэмжээнд, хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээ нийлээд 6 төв үйл ажиллагаа явуулж байна. Харин хөдөө орон нутагт нэг цэгийн үйлчилгээ болон түр хамгаалах байр хангалтгүй. Нийт 21 аймгийн 12 аймагт түр хамгаалах байр болон нэг цэгийн үйлчилгээний төв ажилладаг аж. Харин Архангай, Баян-Өлгий, Дархан-Уул, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Увс, Хөвсгөл зэрэг аймгуудад хүчирхийллийн хохирогчид дэмжлэг үзүүлэх, хүлээн авах төв огт байдаггүй.
Гэтэл, өнгөрөгч хоёрдугаар сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай шинэ хуульд аймаг, дүүрэг бүрт гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг аюулгүй байдлын хамгаалалтад авах төвтэй байна гэж зааснаас гадна энэ төвүүдийг байгуулах тухай нарийвчлан оруулсан байдаг. Тодруулбал, тус хуулийн 18, 19-р зүйлд, Аймгийн засаг дарга, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын чиг үүрэгт, хөтөлбөр гаргаж, санхүүгийн зардлыг төсөвт суулгаж нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байр байгуулах, хэрэгжилтэд хяналт тавин ажиллахыг хуульчилж өгсөн байна. Тиймээс аймаг дүүргийн засаг дарга нарын санаачилгаар нэг цэгийн үйлчилгээ, түр хамгаалах байрыг байгуулах нь гэр бүлийн хүчирхийллийг бууруулахад нөлөөлөх эхний алхам юм.
Гэтэл өнөөдөр хүчирхийллийн гэмт хэргийг эрт шатанд нь илрүүлэхэд туслах, мэдээлэх үүрэг хүлээсэн нийгмийн ажилтан, багш, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар, хөршүүдийн оролцоо дутмаг байгаагаас хэрэг үйлдэгдсэн хойноо илэрч цагдаагийн байгууллагад ирж байна. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг цагдаагийн байгууллага дан ганцаараа тэмцсээр өнөөдрийг хүрээд байгаа нь учир дутагталтай байгаа юм.