Өнгөрсөн мягмар гарагт Киргизийн Дээд шүүх хуралдаж, тус улсын Парламентын сөрөг хүчний намын тэргүүн асан Омурбек Текебаевт 8 жилийн хорих ял оногдуулсан доод шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Шүүхийн тогтоолд дурдсанаар, тус улсын Эрүүгийн хуулийн Авлигатай холбоотой зүйл заалтыг зөрчиж, гэм буруу нь нотлогдсон тул түүнд 8 жилийн хорих ял оногдуулж, түүний хөрөнгийг нь хураан авахыг тушаажээ.
Шүүх хэргийг дахин нягталж үзэхдээ түүний ялыг хөнгөлж, хорих ялыг нь 4,5 жил болгон өөрчилж, төрийн албан тушаал эрхлэх эрхийг 3 жилээр хязгаарласан байна.
Текебаевын хувьд Оросын бизнес эрхлэгч Леонид Маевский гэгчээс 1 сая ам.доллар авч, улсын өмчит “Альфа-телеком” компанийн хувьцааг худалдан авахад туслахаа амласан гэх хэрэгт энэ оны эхээр баривчлагдан, шалгагдаж байсан ажээ. Тэрээр амлалтаа биелүүлээгүйн зэрэгцээ Оросын иргэний мөнгийг нь ч буцааж өгөөгүй байна.
Уг хэрэгт Текебаевтай хамт Онцгой байдлын газрын дарга, БНСУ-д элчин сайдаар ажиллаж байсан Дуйшонкул Чотонов гэгч бас шалгагдаж байсан бөгөөд мөн түүнтэй ижил төрлийн ял авчээ.