Тэгээд бүсгүй намайг ширтэв. Яг л анх удаагаа харж байгаа юм шиг. Гэвч ард минь, чийдэнгийн цаагуур эргэж буй энэ бүсгүйн гилтэгнэсэн төрхийг мэдрэхдээ, би түүнийг анх удаа харж буйгаа ойлгосон юм. Би тамхи асаалаа. Сандлын нэг хөл дээр тэнцвэрээ олон тухалж авахаасаа өмнө тамхиа шуналтайгаар, удаан гэгч соров. Үдэш бүр чийдэнгийн хажуунаас намайг ийнхүү аждаг мэт тэр зогсоно. Чимээгүйхэн биенээ ширтсээр хэдэн хором өнгөрлөө. Сандлынхаа ганц хөл дээр тэнцвэрээ олон суух би, урт нарийхан гараа чийдэн дээр тавин зогсох тэр. Бүсгүйн гэрэл татуулсан зовхийг хараад “Цэнхэр нохойн нүд” гэж хэлдэг минь бүр дасал болчихсон мэт санагдана.
Чийдэн дээрээс гараа авалгүйгээр тэр:
“Үүнийг, бид хэзээ ч мартахгүй ээ” гэж хэлээд санаа алдаж, “Цэнхэр нохойн нүд. Би энэ үгийг хаа сайгүй бичсэн” гэв.
Тэр босоо толь руу алхав. Дугуй толинд туссан дүр нь намайг ширтэх аж. Ягаан сувдаар бүрсэн бяцхан хайрцгийг онгойлгохдоо ч дүрэлзсэн халуун харцаар намайг цоргисоор байлаа. Тэр хамартаа энгэсэг түрхэж байна. Энгэсэгдэж дуусаад хайрцгаа хаан, босч чийдэнгийн дэргэд очоод: “Хэн нэг нь энэ өрөөг зүүдэлж, нууцыг минь мэдчих вий гэхээс би айж байна” гэв.
Бүсгүй урт туяхан гараа чийдэнгийн илчинд дулаацуулна.
“Чи даардаггүй байх аа” гэхэд нь би: “Заримдаа л…” хэмээн хариулав.
“Чи яг одоо мэдрэх хэрэгтэй” хэмээн бүсгүй зөвлөв.
Би яагаад ганцаараа сандал дээр сууж чаддаггүйгээ тэгэхэд л ойлгосон юм. Зөвхөн хүйтэн л намайг ганцаардуулаад байдаг юм байна шүү дээ. “Би мэдэрч байна. Харин шөнө ийм нам гүм байгаа нь хачин санагдаж байна. Бороо татарчихсан болоод тэр байх л даа”.
Тэр хариу хэлсэнгүй. Дараа нь түүнийг толь руу алхахад би сандлаа эргүүлж, бүсгүй рүү нуруугаа харуулан суув. Түүнийг харалгүйгээр, юу хийж буйг нь би мэдэрч байлаа. Толины өмнө гар нь эвлэгхэн хөдөлж, уруулаа хүрэн улаанаар будаж дуусах хүртлээ энэ шидэт шилний гүнд тусч үзэгдэх ар нурууг минь ширтсээр буй нь мэдрэгдэнэ. Харин би хоосон хана руу ширтэж суухдаа, хэрэв энд толь өлгөөтэй байсан бол тэр альхан хавьд харагдах байсныг төсөөлөв.
“Би чамайг харж байна” гэж бүсгүйд хэллээ.
Толиных нь гүнд, хана ширтэн суугаа намайг харах гэж харцаа хэрхэн өргөхийг би хананаас үзэв. Тэгснээ буцаад л хөхний даруулгаа ширтэн харц буруулж, үг дуугаралгүй суухыг нь ч харлаа.
“Би чамайг харж байна” хэмээн дахин нэг хэлэв.
Одоо тэр хөхний даруулгаа биш намайг ширтэнэ.
“Тийм байх боломжгүй!” гэхэд нь би яагаад гэдгийг асуув.
Тэр хөхний даруулгаа ширтсэн хэвээр: “Яагаад гэвэл чи хана руу харж байна” гэлээ.
Би сандлаа эргүүлж, амандаа тамхи зуув. Намайг толь руу харж байхад тэр чийдэнгийн хажууд оччихсон байлаа. Одоо тэр гараа яг л тахианы далавч мэт дэлгэчихээд чийдэнгийн илчинд ээхэд сүүдэр нь нүүрээ халхална.
“Би ханиад хүрэх гэж байх шиг байна. Энэ ер нь мөсөөр бүтээсэн хот байх аа” хэмээн бүсгүй хэлэв.
Зэсэн шаргал байснаа улаан болж хувирах өөрийнхөө арьсыг хараад тэр гэнэт гунигтай болчихов.
“Ямар нэг арга хэмжээ авах хэрэгтэй” гэж тэр хэлээд хөхний даруулгаасаа эхлэн хувцсаа нэг нэгээр нь тайлж эхэллээ.
“Би хана руу харж байя” гэхэд, тэр: “Үгүй ээ, чи цаашаа эргэсэн ч намайг харна шүү дээ” гэлээ.
Удалгүй тэр бараг л чармай нүцгэн болоход, зэсэн шаргал арьс нь чийдэнгийн илчинд гялалзана.
“Яг л цохиулж гэмтсэн юм шиг гүн хонхорхой дүүрэн энэ л хэвлийг чинь би үргэлж харахыг хүсдэг байсан”.
Түүний нүцгэн төрхний өмнө үг хэлж чадалгүй түгдрэн байтал бүсгүй чийдэнгийн бөмбөлөгт гараа ээн:
“Заримдаа би өөрийгөө төмрөөр хийгдсэн байх гэж боддог” гэв.
Тэгээд хэсэг зуур чимээгүй болов. Гар нь чийдэнгийн бөмбөлөг дээгүүр алгуур хөдөлнө.
“Заримдаа, өөр зүүдэндээ би чамайг музейн нэг буланд байгаа бяцхан хүрэл хөшөө юм уу гэж боддог. Чи даараад байдгийн учир нь тэр ч байж мэдэх юм” гэтэл,
“Заримдаа, унтаж байхад бие минь хөндий хоосон болж, арьс минь хавтгай юм шиг шиг санагдахыг мэдэрдэг. Гэдсэн дотроос хэн нэгэн тогших шиг судсан дундуур цус булгилахад, өөрийнхөө зэс шиг жингэнэх чимээг мэдэрдэг. Юу ч гэмээр юм, цувимал металл шиг л…” гэв.
Тэр чийдэнд улам ойртлоо.
“Би чиний хоолойг сонсох дуртай” гэж би хэлэв.
Харин тэр: “Хэзээ нэгтээ бид биенээ олбол, чи намайг зүүн талаараа унтаж үед хавирган дээр минь чихээ тавьж чагнаарай. Цуурайтахыг чи сонсох болно. Хааяа үүнийг сонсож байгаасай гэж би дандаа хүсдэг.”
Тэр ярьж байгаа шигээ хүчтэй амьсгалах нь сонсогдоно. Сүүлийн хэдэн жилийн турш тэр нэг л янзаараа амьдарч буй ажээ. Түүний амьдралын зорилго “Цэнхэр нохойн нүд” гэсэн энэ үгээр дамжиж, бодит ертөнцөд намайг олох болон хувирсан байна.
“Би шөнө бүр зүүдэнд чинь ирж ‘Цэнхэр нохойн нүд’ гэж хэлдэг залуу байна” хэмээн хэлэх хэн нэгнийг хайж, гудамжинд алхахдаа ч энэ үгийг чанга дуудаж явах болж.
Хэрэв зоогийн газар орвол, захиалга өгөхөөсөө урьтаж, “Цэнхэр нохойн нүд” хэмээн зөөгч эрд хэлээд үзнэ. Гэвч өнөөх нь зүүдэндээ ийм үг хэлж байснаа огт санахгүй байгаа мэт мэхийн ёсолно. Тэгэхээр нь амны алчуур дээр нөгөө үгээ бичиж, бүр ширээн дээр хутгаар сийлж орхидог гэнэ. Зочид буудлууд, зогсоолууд, түм бужигнасан барилгуудын цантсан цонхон дээр тэр долоовор хуруугаараа “Цэнхэр нохойн нүд” гэсэн энэ л үгийг бичиж явна. Нэг удаа тэр эмийн санд ортол, намайг зүүдэлсний дараа өрөөнөөс нь ханхалсантай адилхан үнэр мэдрэх шиг болжээ.
“Тэр ойрхон байгаа байх” гэж бодоод эмийн сангийн дөрвөлжин хээтэй, шинэхэн шалыг ажиглав.
Дараа нь эмийн санч дээр очин:
“Надад ‘Цэнхэр нохойн нүд’ гэж хэлдэг нэг хүнийг би үргэлж зүүдэлдэг” гэвэл, эмийн санч түүний нүд рүү их л хянамгай ширтээд:
“Үнэндээ хатагтай, та яг тийм харцтай юм байна” гэжээ.
“Би түүнийг олох хэрэгтэй байна” гэвэл эмийн санч тэсгэлгүй инээд алдаад, лангууныхаа нөгөө тал руу явчихжээ.
Цэвэрхэн шалыг ажиглаж, өвөрмөц үнэрээр амьсгалсаар байв. Дараа нь бүсгүй цүнхнээсээ хүрэн улаан уруулын будгаа гаргаад шалан дээр “Цэнхэр нохойн нүд” гээд биччихэв.
Энэ үед эмийн санч хүрч ирээд:
“Хатагтай, та шал заваартуулчихлаа” гэж хэлээд нойтон даавуу өгч
“Үүнийгээ цэвэрлэ” гэв.
Тэр үдээс хойшжингоо дөрвөн хөллөөд шал цэвэрлэж, хүмүүс үүдэн дээр шавж, түүнийг галзуурчихаж гэж хэлэх хүртэл нь амандаа “Цэнхэр нохойн нүд” гэдэг үгийг бувтнасаар байсан хэмээн чийдэнгийн хажууд зогсож буй тэр ярив.
Түүнийг ярьж дуусах үед би өрөөний булан дахь сандал дээрээ суусан хэвээр байлаа.
“Энэ үгийг би өдөр бүр санах гэж оролддог. Сэрсэн хойноо, чамайг таниулах энэ үгийг би үргэлж мартчихдаг байсан даа. Харин одоо бол, би маргааш өглөө мартахгүй сэрэх болно оо”.
Харин тэр: “Анх тааралдсан өдрөө л чи энэ үгийг зохиосон шүү дээ” гэлээ.
“Үнсэн саарал нүдийг чинь хараад л энэ үг ороод ирсэн. Гэвч унтаж сэрээд ганц ч удаа санаж байсангүй” хэмээн намайг хэлэхэд, бүсгүй чийдэнгийн ард гараа үрчин, уртаар санаа алдаад:
“Миний бичсэн бүхэн аль хотод байгааг чи ядаж санадаг сан бол” гэв.
Чийдэнгийн гэрэлд гялтганаж байсан шүд нь уруулынхаа цаана нуугдав.
“Би чамд хүрмээр байна” хэмээн намайг дуугарахад, бүсгүй гэрлээс харцаа салгаж, дээш өндийлөө. Яг л гар шигээ, яг л өөр шигээ тийм халуун, дүрэлзсэн харц булангийн сандал дээр ганхан суух намайг ширтэх нь мэдрэгдэнэ.
“Чи хэзээ ч надад ийм үг хэлж байгаагүй юм байна” гэж тэр хэлэв.
“Одоо бол үнэнээсээ хэлж байна” гэж би хариуллаа.
Тэр тамхи асуув. Хуруундаа хавчуулсан тамхины иш минь алга болчихжээ. Би тамхи татаж байснаа мартчихсан байлаа.
“Би энэ үгийг хаана бичсэнээ яагаад санахгүй байгаагаа ойлгохгүй байна” хэмээн бүсгүй хэлэхэд, би:
“Яг л адилхан ийм шалтгаанаар, маргааш би чиний үгийг санахгүй байх” гэхэд тэр гунигтайгаар: “Үгүй ээ, заримдаа тэр ч бас зүүд байсан юм шиг санагддаг” гэлээ.
Би босоод чийдэн рүү алхлаа. Гартаа тамхи, шүдэнз барьсаар түүн рүү дөхөж байна. Түүнд тамхиа сарвайлаа. Бүсгүй уруулаараа тамхийг хазаад асааж өгсөн шүдэнзэнд минь ойртуулав.
“Энэ дэлхийн аль нэг хотын бүх ханан дээр “Цэнхэр нохойн нүд” гэсэн үгс байгаа. Хэрэв би маргааш үүнийг санавал, чамайг олж чадна” гэж би хэллээ.
Тэр дахин толгойгоо өндийхөд уруулын нь завсар цог гялалзана.
“Цэнхэр нохойн нүд” хэмээн тэр хэлээд санаа алдав. Дараа нь хуруун завсар хавчуулсан янжуураа сорсноо гэнэт уулга алдан:
“Энэ л байсан байна шүү дээ, би одоо дулаацаж байна” гэлээ.
Тэр жинхэнээсээ бол хэлээгүй мэт, гэвч хэрэв энэ үгийг цаасан дээр бичсэн бол, намайг чийдэнд ойртонгоо “би дулаацаж…” хэмээн уншихад бүсгүй цаасыг авч эргүүлж тойруулж харснаа “…байна” гэдэг үгийг хэдийн уншчихсан мэт, базаад шал руу чулуудахад тэр хуудас цаас үнс болон бутарч, аажимхан замхрах шиг тийм хайнгадуу хэлэв.
“Тэгвэл сайн л байна. Заримдаа чамайг чийдэнгийн хажууд чичирч зогсохыг харах надад хэцүү байдаг” гэж би хэллээ.
Бид танилцаад нилээд хэдэн жил өнгөрчээ. Заримдаа гадаа хэн нэг нь халбага унагаад биднийг сэрээчихнэ. Бидний нөхөрлөл хамгийн энгийн зүйлсэд хүртэл захирагддагийг бид бага багаар ойлгож эхэлсэн юм. Бидний уулзалт дандаа л өглөө эрт хэн нэг нь халбага унагаснаар төгсөнө.
Яг одоо чийдэнгийн хажуунаас тэр намайг ширтэж байна. Сандлын нэг хөл дээр суугаад үнс шиг нүдтэй үл таних бүсгүйг ширтэн суудаг зүүдэнд минь тэр үргэлж л намайг ингэж ширтдэг юм. Ийм зүүдний нэгэнд би түүнээс
“Чамайг хэн гэдэг вэ?” хэмээн асуухад тэр:
“Би санахгүй байна” гэж хариулсан юм.
“Бид өмнө нь уулзаж байсан юм шиг санагдах юм” гэхэд бүсгүй үл тоосон шинжтэй:
“Би чамайг нэг удаа зүүдэлсэн санагдаж байна, яг л иймэрхүү өрөөнд” гэв. Би түүнд:
“Тийм байна. Би одоо санаж эхэлж байна” гэхэд тэр:
“Хачин юм. Бид өөр зүүдэндээ ч бас уулзсан нь тодорхой байна шүү” гэлээ.
Тэр тамхинаасаа дахин хоёр соров. Харин би нөгөө л янзаараа чийдэн рүү харан, бүсгүйг ширтэн зогсоно. Түүнийг дээрээс доош ажиглахад арьс нь зэсэн өнгөтэй харагдана. Хатуу, хүйтэн металл биш, шаргал, уян зөөлөн зэс шиг харагдана.
“Би чамд хүрмээр байна” гэхэд тэр:
“Чи энэ бүхнийг сүйрүүлэх гээ юү?” гэв.
“Одоо энэ чухал биш ээ. Бид дахин уулзахын тулд дэрээ эргүүлэхэд л болно” гэж хэлээд түүн рүү гараа сунгав.
Тэр хөдөлсөнгүй. Намайг түүнд хүрэхээс өмнө
“Чи энэ бүхнийг сүйрүүлэх гээ юү?” хэмээн тэр дахин хэллээ.
“Чи чийдэнгийн энэ талд гарчихвал, бид хэн ч мэдэхгүй тийм газар сэрчих вий гэхээс айж байна”.
“Одоо энэ чухал биш ээ” хэмээн би өөрийнхөөрөө зүтгэсээр байлаа.
“Бид дэрээ эргүүлбэл дахин уулзах л байх. Даанч чи сэрээд бүхнийг мартах болно” хэмээн бүсгүй хэллээ.
Би буцаад булан руугаа алхав. Харин тэр миний ард, чийдэнгийн илчинд гараа ээсээр хоцорлоо. Сандалдаа хүрч очихоос өмнө ард минь:
“Шөнө дунд би гэнэт сэрээд, дэрний ирмэг хөлийг минь халуу оргиултал орондоо хөрвөөж, үүр цайтал ‘Цэнхэр нохойн нүд’ хэмээн шивнэсээр л байдаг” гэсэн түүний үгс сонсогдов.
Би дахиад л хана ширтэн суув. Эргэж харалгүйгээр:
“Үүр цайж байна” хэмээн хэлэв.
“Цаг хоёр цохиход би сэрэх болно. Буцаж энд иртлээ их л удах байх даа”.
Би хаалга руу явлаа. Хонхон дээр дөнгөж гараа тавьтал:
“Наад хаалга битгий нээ! Хонгил чинь ээдрээтэй зүүдээр дүүрэн” гэх түүний дуу гарав.
“Чи яаж үүнийг мэдэж байгаа юм?” гэвэл тэр:
“Би түрүүхэн тэнд байсан юм. Би унтаж байгаагаа мэдээд буцаад хүрээд ирсэн юм” гэлээ.
Би хаалгыг хагас онгойлголоо. Дахиад жаахан урагшилтал өвс болоод чийглэг хөрсний цэвэр үнэр анхилав. Бүсгүй дахин үг хэллээ. Хаалганы онгорхойгоор гадагш цухуйнгаа би эргэж хараад:
“Энд ямар ч хонгил алга аа. Хөдөө тал үнэртэж байна” гэв. Бүсгүй тэндээс:
“Би наадхыг чинь чамаас илүү мэднэ. Наана чинь нэг бүсгүй хөдөө нутгийг зүүдэлж байгаа учраас л тэр” гэв.
Тэр чийдэнгийн илчинд гараа дулаацуулсан хэвээр, цааш нь:
“Тэр бол үргэлж хөдөө амьдрахыг хүсдэг ч хотоо орхиж чаддаггүй бүсгүй” гэлээ.
Тэр бүсгүйг би урьд нь зүүдэлж байсан мэт санагдана. Хаалганы завсраар хараад, хагас цагийн дараа өглөөний цай уухаар доош буух ёстой юм байна гэдгээ мэдэв.
“Юу ч боллоо гэсэн, би сэрэхийн тулд эндээс явах хэрэгтэй болох нь” хэмээн түүнд хэллээ.
Гадаа салхи исгэрснээ, нам гүм болж, дөнгөж саяхан орон дээрээ хөрвөөсөн хэн нэгний нойрсох дуу сонсдоно. Салхи түр амсхийв. Үнэр ч алга болчихов.
“Маргааш, ханан дээр ‘Цэнхэр нохойн нүд’ гэж бичиж байгаа бүсгүйг олж хараад би чамайг таних болноо” гэв.
Харин тэр хүршгүй, боломжгүйн өмнө бууж өгсөн мэт гунигтай инээмсэглээд:
“Чи өдөр нь юу ч санахгүй дээ” гэлээ.
“Чи бол сэрснийхээ дараа зүүдээ санадаггүй цорын ганц хүн шүү дээ” гэж хэлээд чийдэнгийн гэрлийг гараараа таглахад харанхуйд бүсгүй үзэгдэхгүй болов.
Англи хэлнээс орчуулсан: Нацагдоржийн Энхбаяр