Х.Уламбаяр: ХАРАА “ҮЛ ХҮРЭХ” ХОМС МУЖ

fГазар нутаг: 42,223 км 2 
Хүн ам: 1,803,000 /2011 он/
Албан ёсны хэл: Араб

Хомс буюу Мухафаза нь Сирийн хамгийн газар нутагтай муж бөгөөд Хомс, Мухаррам-эль-Фаукани, Пальмира, Эр-Растан, Эль-Кусайр, Телль-Калах гэсэн 6 дүүргээс бүрддэг юм байна. Эдгээр дүүргээс хамгийн том нь Пальмира ба хөдөө аж ахуйн хамгийн үржил шим бүхий хөрстэй гэж бичсэн нь харагдсан. Сөргөлдөгчдийн тулалдаан Эр-Растан, Эль-Кусайр гэсэн хоёр дүүрэгт хамгийн “ширүүн” явагдаж байгаа тухай Сирийн төв телевизийн мэдээгээр цацагдах юм билээ.

Мужийн төв Хомс хот нь ниийслэл Дамаскаас хойд зүгт 162 км байрлах бөгөөд далайн түвшнээс дээш 501 м өндөрт өргөгджээ. Улсдаа хэмжээгээрээ гуравт орох энэ муж Сирийн аж үйлдвэрийн гол төв болсоор ирсэн. Хоёр мянган жилийн түүхтэй энэ хотын талаар олон арван домог мэт яриа байдаг. Юутай ч эрт үед Азийг Ойрхи Дорнодтой холбосон хамгийн чухал худалдааны зам оршиж байлаа. Үүнийг та бид “Торгоны зам” гэдгээр нь сайн мэднэ. Ямар сайндаа л “Хомсыг хэн эрхшээлдээ оруулна тэр зүйрлэшгүй тансаг жаргалд умбана” гэж шуналд хөтлөгдөн эмирүүдийн тэмцэл энэ хавьд олонтоо явагдсан аж.

Бусад мужийг бодвол Хомст шашны урсгалын бөөгнөрөл хамгийн ихтэй ба суннит, шийт, христ шүтлэгтэнгүүд хааяа залган амьдардаг. Үүнээс болж өнгөрсөн хугацаанд олон удаа шашин хоорондын мөргөлдөөн гаарч, Засгийн газар цэрэг оруулж байсан удаатай. Хамгийн сонирхолтой нь эдгээр шашны урсгалуудын сүм хийдүүд одоо хэр үлдэн хоцорсон нь ЮНЕСКО-ийн анхааралд өртөх болсон. Гэвч өнөөх хар толботой Иргэний дайн тэдгээр үүхийн ховор дурсгалуудыг үгүй хийсээр байгааг бид бэлэхнээ харж байгаа билээ.

МЭӨ I зууны үеэс энэ газар Селевкидүүд анх суурьшиж, Эмесаны династын үед өөрсдийн нэрээ олж авчээ. Улмаар Византийн ч нөлөө орсон тус газарт VII зууны үеэр Мусалманчууд өөрсдийн “арилашгүй” тод мөрөө үлдээсэн бололтой. Хомс нь бусад Сирийн хотуудын адил Османы эзэнт гүрний эрхшээлд олон арван жилийг үдсэний дараа мөн Францын нөлөөнд дайныг дуустал явсан. Харин 1946 онд “БААС” нам Хомт өөрсдийн хяналтаа тогтоож 2011 оны “Арабын хавар” хүртэл хатуу гараар “барьж” байсан гэдэг.

Хомс хотыг орчин цагт илэрхийлдэг өөр нэг зүйл нь 1979 онд үүсгэн байгуулагдсан “БААС” намын нэрэмжит их сургууль юм. Анагаах ухаан, барилга инженер, дүрслэх урлаг зэрэг хэд хэдэн төрлөөр мэргэжилтэн бэлтгэдэг тус сургууль дайнаас өмнө бүс нутагтаа томоохонд тооцогдож байлаа. Гэвч өнөөдөр энэ сургууль маш хүнд байдалд орсон болохыг тэнд ажиллаж буй манай сурвалжлах багийнхан олж мэдсэн юм.

Өнөөдөр Хомс хот Засгийн газрын цэргүүдийн бүслэлтэд байна. Тухайлбал Б. Ассадын гэр бүлийн дэглэмийг эсэргүүцсэн Сөрөг хүчнийхэн 2010 оны 03 сард Хомст маш хүчтэй бослого дэгдээж, хоёр сарын дараа Дамаск тус хотод цэргээ оруулсан аж. Гэвч одоо хэр бүслэлтээс гараагүй байгаа босогчид армийн эсрэг тэмцэж, дүүрэг гудамж болгонд тулалдаан үргэлжилж байна. Хэзээ дуусахыг нь Аллах л “мэдэх” байх.

Уг нь одоогоос жилийн өмнө Ерөнхийлөгч Б. Ассад нэгэн зарлиг гаргаж Хомст тулалдаж буй босогчдод өршөөл үзүүлэхээ “амласан”. Үүний хүрээнд цөөнгүй тооны сири залуус энгийн амьдралдаа орсон гэх. Гэвч Ассадын ноёрхолын он жилүүдэд талхилагдаж байсан зарим Хомс хотынхон түүний армитай эцсээ хүртэл “үзэлцэж”, түүний гэр бүлийн дэглэм унахааас нааш санаа амрахгүй гэдгээ энэ угжирсан дайнаар илтгэж байгаа бололтой.

Зураглаач А. Билгүүн
Сэтгүүлч Х. Уламбаяр

Эль-Кусайр дүүрэг, Хомс муж, Сири улс

10 цаг 35 минут

2013.09.20

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …