Сүүлийн нэг сар аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга нар, сургалт эрхэлсэн офицеруудын “Заах арга зүйн цугларалт” зохион байгуулах гэж нойртой/гүй, хагас бүтэн/сайнгүй ажиллав. Үр дүнд нь цугларалт амжилттай боллоо.
Нүүрномоор ойрд орсонгүй, гэтэл гадаа хүйтрэхийн хэрээр утааны асуудал уламжлал болон босож иржээ. Нөгөө л ид шидтэй зуух, гэрийн дулаалга, цахилгаан станцын өргөтгөл, сайжруулсан нүүрс гэсэн улиг болсон зүйлсээ давтаж ярьсаар сууна. Харин өнөөдөр нүүрномноос инженер Ж.Золжаргалын “Утаа ба бодит байдал” гэсэн нэртэй нийтлэл олж уншлаа. Утааны талаар бараг бүгдийг бичсэн байна. Инженер хүн болохоор судалгаа, дүгнэлт сайн хийжээ.
Нэгэнт утаатай тэмцэх нь нийтийн ариун үүрэг болтлоо ноцтой түвшинд хүрсэн тул өчүүхэн хүн би бээр өөрийн хувь нэмэрийг оруулж бодол санаагаа та бүхэнтэй хуваалцахаар шийдмой. Миний санаа бол тийм ч нарийн бус тун энгийн юм.
Ж.Золжаргалын нийтлэлд бичсэнээр бол манай төр засаг энэ жил 200 тэрбум төгрөгийг утаа бууруулахад зориулан зарцуулах ажээ. Хэрвээ энэ үнэн болоод надад ийм хэмжээний мөнгө байсан бол эхний жил Улаанбаатар хотын баруун чиглэлд хоёр урсгалтай, урсгал нь 4 эгнээ бүхий 50 км урт хурдны зам барина. Энэ зам нь Таван шарын автобусны буудлаас хотын баруун зүгт 50 км хүртэл шууд үргэлжлэх бөгөөд замдаа ямар нэгэн зогсоол байхгүй, автомашин огт зогсолтгүйгээр өндөр хурдтай явж өнгөрөхөөр бодож, тооцоолж хийх юм. Хурдны зам дээр хамгийн доод тал нь 100 км/цаг хурдтай давхих ба ийм хурдаар 50 км зайг ямар ч автомашин 30 минут л багтааж туулж чадна. Тэртээ тэргүй Таван шараас Талбай орох гэж 60 минут(эсвэл Офицерын ордоноос талбай хүртэл) түгжирч буй манайханд энэ бол тун бага хугацаа юм.
Үлдсэн мөнгийг 50 км-ийн зайд баригдах хорооллын дэд бүтцэд зарцуулаад газар олголтыг зохион байгуулалттай хийгээд өгвөл хүмүүс аяндаа хотоос гарч эхлэнэ. За тэгээд дараа жил нь хотын зүүн чиглэлд 50 км урт хурдны зам, тэрний дараа жил урд чиглэлд 50 км урт хурдны замуудыг тус тус бариад явбал асуудал ч огт өөрөөр яригдаад явах учиртай. Мөнгө үлдвэл байшин, дэлгүүр, үйлчилгээний төв барихад шаардлагатай дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй гэж бодож байна.
Ингэж хурдны замууд барьснаар ямар үр дүн, өөрчлөлт гарах бэ? Хамгийн эхлээд хотын буюу Богдхан уулын баруун, зүүн, урд хэсгийн 50 км-ийн радиуст байгаа газар /одоо ямар ч үнэ цэнэгүй, эргэлтэд ороогүй байгаа/ газар жинхэнэ утгаараа эргэлтэд орж, ашиглагдаж эхлэнэ. Тэр хэмжээгээр хот тэлэх ба дагаад төвлөрөл багасана. Мөн газрын үнэ хямдраад ирэхээр байрны үнэ, ханш ч гэсэн дагаад бууна. Хүмүүс хурдны замаар 30 минутын хугацаанд хотын төвд ороод ирэх боломжтойг мэдвэл аяндаа хотын зах руу автоматаар нүүж эхлэнэ.
Төрөөс дэд бүтцийг барьж байгуулахад дэмжлэг үзүүлэхэд л байшин, барилга барих бол асуудалгүй гэж бодож байна. Бүр 20 сая төгрөгөөр маш дулаахан амины байшин бариад амьдарч эхэлсэн гэж байна. Хүмүүсийн нүүдлийг дагаад олон тооны автомашин хотоос гарах тул тэр хэмжээгээр автомашины түгжрэл буурч, уур бухимдал багасана. За тэгэхээр миний өгөөд байгаа санааг ажил болгохын тулд мэргэжлийн инженерүүд нарийн тооцоо, судалгаа бүхий төсөл боловсруулаад зураг, дизайн хийвэл хүмүүст хүрэх нь улам хялбар болох байх.
Хэрвээ үнэхээр утаа, түгжирэл, төвлөрөл гурвыг нэг амьсгаагаар шийдэе гэвэл жил бүр ийм хэмжээний хөрөнгө зарцуулаад бодит үр дүнг харах боломжтой гэж үзэж байна. Нээрээ сүүлийн үед ингэж угаартаж, өмхий угаараар утуулж байснаас ямарч үнээр хамаагүй цэвэр агаар амьсгалах сонирхолтой хүмүүсийн тоо улам нэмэгдэх хандлагатай байгааг та бүхэн анзаарч байгаа л байх. Уул нь тун энгийн санаа шүү тээ.
Эх сурвалж: Р.Энхболд