Хэт хүйтэн өвлийн улиралд бидний арьс гэмтдэг учир арьс арчилгаа шаардлагатай болдог. Арьс гэмтсэнээр үрчлээ суух, элдэв нөсөө толбо илрэх, хуурайших, батгаших зэрэг үзэгдэл гардаг байна. Ингээд арьсаа эрүүлжүүлж, хөгшрөлт, үрчлээнээс зайлсхийх найман энгийн алхмын талаар танилцуулъя.
1. Ар нуруугаараа унтах-Эргэж хөрвөөн олон янзын байрлалаар унтахад нүүрний болон хүзүү, цээжний арьсанд үрчлээ үүсгэдэг байна. Өөрөөр хэлбэл та ямар байрлалаар ихэвчлэн унтдаг тэр талын арьс илүү үрчлээтэнэ гэсэн үг. Харин ар нуруугаараа буюу дээш харан унтах, хэвтэхэд нүүрний арьсны булчин тайвширч, үрчлээ суухаас сэргийлдэг байна.
2. Загас –Салмон болон бусад төрлийн загасанд арьсанд тэжээл өгөх хангалттай хэмжээний уураг агуулагддаг. Загасны тослог хүчил нь арьсыг тэжээж, залуу толигор байдлыг нь хадгалан, үрчлээ суух эрсдлийг бууруулдаг байна.
3. Онийж харахыг тэвч-Гадаа нэлийсэн цас орсон эсвэл хурц нартай, бүүдгэр гэрэлтэй үед бид онийж хардаг. Ингэхдээ бидний нүүрний булчин нэг л төрлийн үйлдэл хийдэг учир арьс үрчийж эхэлдэг. Хэрвээ та ингэж онийж хардаг бол таны нүүр үрчлээтэхээс яахав. Ингэхээр бүсгүй таньд нарны шил өвөл, зуны аль ч улиралд шаардлагатай болно. Энэ нь нарны хортой тусгалаас үүсэх нүдийг тойрсон үрчлээнээс хамгаална.
4. Нүүрээ ойр ойрхон угаах нь ашигтай бактерийг устгадаг-Бидний бие организм өөрөө өөрийгөө хамгаалах чадвартай байдаг. Үүний нэг адил арьс ч гэсэн өөрийгөө элдэв төрлийн хорноос хамгаалах бактерийг үүсгэдэг байна. Харин бид нүүрээ ойр ойрхон угааснаар энэ хамгаалалтыг үгүй хийж байдаг гэнэ. Үүнийхээ оронд нүүр цэвэрлэх гель, тусгай кремийг хэрэглэж заншаарай
5. С амин дэм-Эрдэмтдийн хийсэн судалгаагаар С амин дэмтэй крем тос нь нарны хэт ягаан туяанаас хамгаалах коллагений үйл ажиллагааг идэвхжүүлдэг байна. Үүнээс гадна хар батга, нөсөө толбыг бууруулж, арьсны өнгийг сэргээдэг.
6. Буурцаг арьсны ашигтай түнш-Буурцаг нь хүний арьсны гэмтлийг арилгаж, хамгаалах ашигтай бүтээгдэхүүн. Нарны хэт ягаан туяанаас хамгаалах хамгийн шилдэг арга нь буурцагны маск, буурцагны сүү байдаг гэнэ. Энэ төрлийн бүтээгдэхүүн нь арьсыг тайвшруулж, үрчлээ үүсэхээс сэргийлдэг.
7. Эрхэмсэг бүсгүй та кофегоо какаогоор солихыг хичээгээрэй-Какаонд хоёр төрлийн антиоксидант өндөр тунгаар агуулагддаг болохыг /эпикатехин, катехин/ эрдэмтэд тогтоосон байна. Үүнээс гадна цусны эргэлтийг сайжруулж, арьсны эд эсийг сэргээдэг гэнэ. Амттай энэ төрлийн бүтээгдэхүүн нь хүний биед агуулагдах шингэний хэмжээг нэмэгдүүлдэг тул арьсанд чийгшил өгдөг байна.
8. Энгийн дүрмийг санаарай-Та аль болох удаан хугацаанд залуу, эрүүл арьсаа хадгалахыг хүсч байгаа бол:
-Нарны шууд тусгалаас аль болох зайлсхийгээрэй. Нарны шууд тусгал, хэт ягаан туяа нь арьсыг гүн цочролд оруулдаг.
-Нарны хамгаалалтын тос, кремийг хэрэглэж заншаарай
-Тамхи татахгүй байх. Тамхи татсанаар арьс хурдан хөгширч, цагаан батга үүсдэг
-Чийгшүүлэгч маск, тос хэрэглэж заншаарай.