Өмнөд Солонгост хүүхдүүдэд яагаад кофе уулгахгүй байхаар болов?

Өмнөд Солонгосын бага, дунд болон ахлах сургуулиудын цайны газарт энэ оноос кофе худалдаалахгүй байхаар болж магадгүй байна.

Тодруулбал өнгөрөгч пүрэв гаригт болсон Эрүүл Мэнд, Нийгмийн Хангамжийн Хорооны Үндэсний Чуулганаар бага, дунд болон ахлах сургуулиудын цайны газарт кофе болон кофейны өндөр агууламжтай бүтээгдэхүүн зарахгүй байхаар болсон тухай саналыг Хоол хүнс, Эмийн аюулгүй байдлын яамнаас дэвшүүлжээ. 

Уг шийдвэрийг Үндэсний Чуулганаар баталвал энэ оны долдугаар сараас эхэлж хэрэгжүүлж эхэлнэ. Кофег томчуудын хэрэглээ гэж үзэж байгаа бөгөөд сургуулиудад худалдахгүй болвол багш нарт зориулсан автомат машины кофег ч гэсэн хураах юм. Саяхан баталсан хуулиар хүүхдүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх калори, кофейны агууламж их, харин илчлэг чанар багатай хүнсний бүтээгдэхүүнийг худалдаанд оруулахгүй байхаар болсон. 

Кёонги аймгийн Чун овогтой багш хэлэхдээ “Автомат машины кофег хүртэл хурааж магадгүй байгааг таашаахгүй байна. Би сургууль дээр кофе ууж байгаа бага ангийн сурагч харж байгаагүй” гэсэн бол Ли овогтой өөр нэгэн багш “Хүүхдүүд кофейнд дуршихаас сэргийлсэн зөв бодлого гэж бодож байна. Гэхдээ зарим талаараа хатуу арга хэмжээ гэж санагдлаа” гэжээ.

Гэхдээ энэ шийдвэрийг дэмжиж байгаа олон хүн байгаа. Өндөр настан Ким Дон Ейн хэлэхдээ “Өнөө үед залуучууд кафед кофе их уух болсон харагддаг. Их сургуульд орохоороо кофе уух болохоор тэрнээс өмнө хэрэглэхгүй байсан нь дээр санагдах юм” хэмээсэн байна.

Эмч нар кофе их уувал зүрхний цохилт түргэсч, толгой эргэн, нойронд асуудал үүсч, цухалдуу болдог бөгөөд хүүхдүүдийн эрүүл мэнд, мэдрэлд нөлөөлж болзошгүй гэж сануулж байна.

 

 

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …