Өнөөдөр Өмнөд Солонгост өвлийн Олимп эхэллээ.
Олимпын хүрээнд хоёр Солонгосын харилцаа ямар төвшинд байх нь олон улсын анхаарлыг татаж байна. Ямартай ч нээлтийн ёслолд нэг тугийн дор жагсах, хоккейн эмэгтэйчүүдийн хамтарсан баг байгуулах гэх мэт харилцаагаа сайжруулах хэд хэдэн зүйлийг хийхээр төлөвлөсөн.
Хойд Солонгосын хувьд удирдагч Ким Жөн Уны хамгийн бага дүү, улсынхаа чухал бодлогуудын ард байдаг хэмээгддэг Ким Ёо Жон Пёончаны Олимпод ахыгаа төлөөлөн оролцож байна. Үүний сацуу Парламентын болон төрийн ёслолын тэргүүний алба хашдаг Ким Ёон Нам 23 төлөөлөгчийн хамт Өмнөд Солонгосыг зорьсон.
Хойд Солонгос Ким Ёо Жоноор улсаа төлөөлүүлж байгаа нь ухаалаг алхам болсон гэж үзэх шинжээчид бий. Солонгос судлаач, доктор Леонид Петров “Залуу Ким улсаа төлөөлж байгаа нь стратегийн зөв бодлоготой, зөв хэрэг боллоо” хэмээсэн.
Австралийн Ази, Номхон далайн орнууд судлалын сургуулиас хэрэв Ким Жөн Ун Өмнөд Солонгосыг зоривол хүний эрхийг зөрчсөн гэх мэт хэд хэдэн хэргээр баривчлагдах магадлалтай талаар news.com.au-д хэлжээ. Үүнээс үзвэл Хойд Солонгосын удирдагч охин дүүдээ ихээхэн итгэл хүлээлгэдгийг харж болох юм.
Ким Ёо Жон улс орондоо өндөр боловсролтой гэж үнэлэгддэг. Гадны зочид төлөөлөгчид, өндөр албан тушаалтнуудтай уулзаж, дипломат үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг. Ахынхаа уулзалтуудад дагалдан явдаг. Өнгөрсөн жил ах нь түүнийг эрх баригч намын төв хорооны бодлого гаргах улс төрийн товчооны ээлжит гишүүнээр томилсон байна.