Ши Жиньпинд “хугацаагүй” бүрэн эрх олгожээ

БНХАУ-ын 13 дахь удаагийн сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын анхдугаар хурал үргэлжилж байна.

3000 орчим төлөөлөгч оролцож буй чуулганд ядуурлыг арилгах, байгаль орчныг хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх, үйлдвэрлэл, эрчим хүч, тээврийн салбарын бүтцийг шинэчлэх зэрэг өргөн хүрээний асуудлыг хөндөж байгаа. Энэ сарын 5-20-ны өдрийн хооронд үргэлжилж буй тус хурлаар өчигдөр тус улсын үндсэн хуульд заасан төрийн тэргүүний дахин сонгогдох тоонд тавьсан хязгаарыг цуцаллаа.

Үндсэн хуульд өмнө нь нэг хүнийг БНХАУ-ын ерөнхийлөгчөөр хоёроос дээш удаа сонгохыг хориглодог байв. Тэгвэл шинэ нэмэлтийг баталснаар уг хязгаарлалт байхгүй болж байна. Төлөөлөгчдийн санал хураалтад оролцсоноос хоёр төлөөлөгч татгалзаж, гурван төлөөлөгч түдгэлзэж, үлдсэн гишүүд нь бүгд дэмжсэн аж.

Нэг хүнийг хоёроос дээш удаа сонгохгүй байх хязгаарлалт нь Мао Зэдун шиг тахин шүтэгдсэн удирдагчийг дахин гаргахгүйн тулд Дэн Сяопиний санаачилгаар 1980-аад оноос эхлэн бий болсон гэдэг. Одоогийн дарга Ши Жиньпин 2012 онд төрийн тэргүүнээр сонгогдож, 2017 оны 10-р сард хоёр дахиа сонгогдон бүрэн эрхээ сунгасан.

Одоо тэрээр 2023 он хүртэл ажиллах юм. 20 гаруй заалтад нь нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж буй үндсэн хуулиа шинэчилснээр Ши Жиньпин цаашид насаараа Хятад орныг удирдах замаа нээж байна. Үүнээс гадна Ши Жиньпиний Хятадын онцлогтой социалист хөгжлийн онолыг үндсэн хуулинд оруулж байгаа юм.

ХКН-ын дүрэмд өөрчлөлт оруулах тухай асуудал бүр өмнө шийдэгдсэн бөгөөд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлаар баталсан нь бэлгэдлийн шинжтэй үйл явц хэмээн олон улсын шинжээчид хэлж байгаа. Ши Жиньпин 2017 оны 10-р сард болсон ХКН-ын их хурлын үеэр өөрийн залгалжлагчийг нэрлэх ёстой байв. Харин тэрээр хэнийг ч залгамжлагчаар нэрлээгүй билээ.

Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын энэ удаагийн чуулганаар хөндөх бас нэг чухал асуудал бол авлигын эсрэг тэмцэх байгууллагыг байгуулахтай холбогдуулж, үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал аж. Одоогоор энэхүү асуудлыг Хятадын Коммунист намын Төв хорооны сахилга батыг хянах асуудлаарх хэлтэс хариуцан ажилладаг байна.

Энэ нь төрийн бие даасан байгууллага бус, намын ажил ажээ. Тиймээс үүнийг хуулиар баталгаажуулснаар төрийн байгууллагын бүтцэд Хяналтын зөвлөл хэмээх шинэ байгууллагыг оруулахаар болжээ. Ингээд тус байгууллага бие даан мөрдөх ажиллагааг явуулж, дараад нь прокурорын газарт хэргийг шилжүүлэх эрхтэй болно.

 


Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …