Умард Солонгосын эргэн тойрны нөхцөл байдлыг хэлэлцэхээр ирэх 12 дугаар сард Бээжин хотод гурван талын уулзалт зохион байгуулахыг Хятад улс Япон болон Өмнөд Солонгост санал болгожээ. Энэ тухай “Киодо” агентлаг мэдээлэв.
Гурван талын уулзалтад Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар оролцох төлөвтэй байна.
“Киодо” агентлагийн мэдээлснээр, Хятадын эрх баригчид Умард Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулахтай холбоотой үйл явцад үзүүлэх нөлөөгөө бэхжүүлэх бодолтой байгаагийн сацуу АНУ болон Хятад улсын хооронд худалдааны сөргөлдөөн газар авч байгаа энэ үед Өмнөд Солонгос болон Япон улстай ойр харилцаатайгаа батлан харуулахыг зорьж байгаа аж.