Энэтхэгийн зүүн хойд хэсэгт оршдог Ассам мужид үүссэн үерийн улмаас 26 хүн амь үрэгдээд байгаа тухай тус мужийн засаг захиргааны төлөөлөгч лхагва гарагт мэдээлснийг “Синьхуа” агентлаг уламжлав.
Нийт 144 тосгоны мянга мянган хүн үерийн улмаас хохирол амсаад байгаа бөгөөд хүчтэй аадар бороо орсноос тус мужийн долоон дүүрэг үерт автаад байгаагаас Каримганж болон Хайлаканди дүүргүүд хамгийн их хохирол амсаад байгаа ажээ.
Орон нутгийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, амиа алдагсдын тоо 31 хүрсэн байна. Бисуанат болон Каримганж дүүрэгт үерийн усанд зам, далан хийгээд дэд бүтцийн бусад байгууламж сүйдээд байгаагийн зэрэгцээ тус мужид нийт 457 га тариалангийн талбай усанд автаад байгаа аж.
“Нутгийн хойд хэсгийн алслагдсан бүс нутгуудаар маш хүчтэй аадар бороо пүрэв гарагаас эхлэн ням гараг хүртэл үргэлжлэн орох төлөвтэй байна” гэж тус улсын цаг уурын албанаас ард иргэддээ анхааруулаад байгаа юм байна.