Б.Мишээл: Хөл хүнд байсан учир Жульеттад тоглож чадаагүй

Энэ удаагийн дугаарын зочноор залуу жүжигчин Б.Мишээлийг урилаа. Тэрээр хамгийн сүүлд “One night” кинонд дүрээ мөнхөлсөн юм.

-Хамгийн сүүлд үзэгчидтэйгээ “One night” киногоор мэндчилснээс хойш багагүй хугацаа өнгөрчээ?
-Кино нээлтээ хийгээд багагүй хугацаа өнгөрсөн байна. Хүмүүс таатай хүлээж авсанд уран бүтээлчийн хувьд баяртай байгаа. Анх надад энэ кинонд тоглох саналыг найруулагч Э.Алдар ах тавьсан.

-Киног үзэхэд дүр дээрээ нэлээд ажилласан харагдсан. Судалгаагаа хэрхэн хийсэн бэ?
-Зохиолоо унших үедээ дүрийнхээ тухай төсөөллийг бий болгосон. Найруулагчтайгаа дүрийнхээ тухай ярилцаж, судалгаагаа хийсэн. Үүнээс гадна кино зураг авалт эхлэхээс долоо хоногийн өмнө ширээний уншлага хийж байж, зураг авалтаа эхэлж байлаа.

–Саяхан шинэ уран бүтээлдээ орсон гэж дуулсан?
-Одоогоор бие даасан уран бүтээл хийж байна. “Orange” энтертайнмэнт, “Nomadia pictures” болон найз, “Мааз” хамтлагийн дуучин, жүжигчин Жанчивтай хамтраад “IP tv”-д орох цуврал контентыг эхлүүлээд, эхний ангийг нь дуус­гаад байна. Жанчив маань өөрөө зохиолоо би­чиж, найрууллаа. Киноныхоо монтажийг хийж дуусгасан. Шинэ өнгө төрх, утга санааг илэрхийлсэн сайхан уран бүтээл болсон. Удахгүй үзэгч­дийн хүртээл болгоно.

–Энэ цувралаас ямар Мишээлийг харах бол?
-Энэ цувралын хувьд олон онцлогтой. Гэхдээ тэр бүхнийг нууц хэвээр үлдээе. Ямар ч байсан их олон дүрд хувирсан учир өөрөөс минь өөр, олон Мишээл үзэгчдийг уйдаахгүй гэдгийг л амлах байна.

-Амаржаад удаагүй байхдаа“Рэкет” кинонд тоглосон. Хүндрэлтэй зүйл гарч
байв уу?

-Хүүгээ таван сартай байхад “Рэкет” кинонд тоглосон. Нялх биетэй учир хүндрэлтэй зүйл олон байсан. Гэхдээ тэр бүхнийг найдвартай, итгэлтэй хүмүүсийн хүчинд даваад гарсан шүү.

–Орой очиход хүү чинь ээжийгээ саначихсан байдаг байсан байх даа?
-Зураг авалттай учир оройтож харих тохиолдол олон байсан. Гэхдээ ажлынхаа дундуур хүүгээ авчруулж хөхүүлдэг байсан учир харьцангуй гайгүй. Хааяа ханиад хүрсэн, бие нь эвгүйрхэхэд чөлөө авснаа эс тооцвол ээж, хүү хоёр ажрахгүй даваад л гарсан.

–Ээж хүн, эхнэр хүн байхын утга учрыг та юу гэж боддог вэ. Та хэр сайн ээж бол?
-Хүний амьдралын утга учир, аз жаргал нь гэр бүл гэж би боддог. Харин түүнийг инээд хөөр, халуун дулаан уур амьсгалтай хэвээр байлгах нь чухал. Би цаг ямагт сайн ээж байхын төлөө хичээдэг. Тиймээс өөрийгөө сайн ээж гэж боддог.

–Багадаа талбайн теннисээр хичээллэдэг байсан гэсэн. Хэр сайн тамирчин байв?
-Багадаа газрын теннисээр хичээллэдэг бай­­сан. Бараг есөн жил хичээллэсэн байх шүү. Их сонирхолтой, өрсөл­дөөнтэй спорт.

–Амжилт гаргаж байв уу?
-Улсын аварга болж байлаа. Үүнээс гадна олон тэмцээнд амжилттай оролцсон.

–Одоо хичээллэдэг үү?
-Газрын теннисээр да­хин хичээллэж амжихгүй л байна. Одоо чөлөөт цагаараа фитнессээр хичээллэж, бассейнд сэлдэг.

–Спортод дуртай бүсгүй яагаад урлагийн замыг, тэр тусмаа жүжигчин болохоор
шийдсэн бэ?

-Өмнө нь хүмүүс надаас энэ асуултыг асууж байгаагүй. Энэ шийдвэрийг би өөрөө гар­га­сан. Ахлах ангиа төгсөх жилээ гэнэт жүжигчин болохоор шийдсэн. Энэ мэргэжлийг сонгосон минь амьдралдаа хийсэн хамгийн зөв алхам байсан гэж бодож байна.

–Таны удамд урлагийн хүн бий юу?
-Манай удамд ур­лагийн хүн огт байдаггүй гэж боддог байлаа. Гэ­тэл саяхан удамд маань урлагийн хүн байдаг байс­ныг мэдсэн. Өвөөгийн маань ээж Буриадын театрын мундаг жүжигчин байсан юм билээ. Тэгэхээр авьяас нь надад нөлөөлсөн болов уу.

-“Дэлхийд дурласан сар” киногоор анх танил болж байсан. Өөрийгөө анх дэлгэцээр харах ямар байсан бэ?
-Б.Баттулга ахынхаа найруулсан “Дэлхийд дурласан сар” кинонд тоглох боломж олдсонд би талархаж явдаг. Учир нь тухайн үед би II дамжааны оюутан байсан. Дөнгөж сургуулийн босго алхсан надад итгэж, гол дүр өгч, урамшуулж, зааж сургаж байсанд нь баярладаг.

–Нээлтээ хийсэн өдөр их сандарсан гэж ярьж байсан?
-Анх кино маань нээлтээ хийх үед догдлол, сандрал, айдастай байсан. Тэр үед киногоо үзээд баярлаж, догдлохын зэрэгцээ алдаа дутагдлаа харж, өөртөө дүгнэлт хийж байсан.

–Таныг үзэгчид дэлгэцийн уран бүтээлээр илүү мэддэг. Театрын жүжигчин болох
бодол бий юу?

-Мэдээж СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгссөн тул театрын уран бүтээлд тоглох боломж олдвол түүнийг алдахгүй гэж боддог. Магадгүй хэзээ нэгэн цагт энэ хүсэл минь биелэх байх.

–Эмэгтэй жүжигчин бүр залуу нас гоо үзэсгэлэнгээ “Ромео Жульетта” жүжгээр мөнхлөхсөн гэж хүсдэг. Таны хувьд Жульеттад тоглох хүсэл бий юу?
-Эмэгтэй жүжигчид Жульетта, эрэгтэй жүжигчид Ромео болохыг хүсдэг. Энэ бол жүжигчин бүрийн дотор нуугдаж байдаг нууцхан хүсэл. Надад ч энэ сайхан боломж тохиосон. Саяхан УДЭТ-т “Ромео, Жульетта” жүж­гийг шинэчилж, тавь­сан. Найруулагч Н.Наранбаатар надад Жульеттагийн дүрд тоглох асар том боломжийг ол­гож, санал тавьсан. Гэвч би тухайн үед гурван сартай жирэмсэн байсан тул саналыг нь хүлээж авч чадаагүй.

–Гайхалтай санал байж ээ?
-Би хэдийгээр жүжиг­чин ч гэсэн, эмэгтэй хүн, эх хүн гэдгээ мартаж болохгүй. Тиймээс хэвлий дэх үрээ нэгдүгээрт тавьсан. Хүүхэд төрүүлнэ гэдэг эмэгтэй хүний хувьд бурхны бэлэг, туйлын аз жаргал шүү дээ.

-Таны мөрөөдөл юу вэ. Мөрөөдлийнхөө төлөө хийсэн хамгийн том алхам гэвэл юуг онцлох вэ?
-Миний хувьд гадаа­дын зах зээлд мэргэж­лээрээ ажиллахыг хүсдэг. Тиймээс өдөр тутамдаа хийж буй алхмууд минь миний эцсийн мөрөөдөл, зорилгод минь  чиглэгдсэн байдаг. Хүн мөрөөдөлтэй, зорилготой байвал амьдрал тэр чигтээ утга учиртай болно гэж боддог доо.

Эх сурвалж:Зууны мэдээ сонин

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …