Пакистаны баруун өмнөд нутгийн Балучистан мужийн Пишин дүүрэгт байрладаг охидын хоёр сургуульд мягмар гарагийн шөнө гал тавьсан байна гэж орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд лхагва гарагт мэдээлэв.
Дээрх сургуулиуд нь өдрийн цагаар хичээллэдэг тул халдлагын үеэр хэн нэгэн хүний амь эрсдээгүй байна.
Цагдаагийн ажилтнуудын мэдээлснээр, нэр нь үл мэдэгдэх босогчид сургууль доторх тавилгуудыг шатааж, гал тавьсныхаа дараа хэргийн газраас зугтаасан аж. Одоогийн байдлаар аль нэг террорист бүлэглэл уг халдлагыг үйлдсэн тухайгаа албан ёсоор зарлаагүй байгаа юм.
Сүүлийн хэдэн хоногт Пакистаны боловсролын байгууллагуудад халдсан хоёр дахь томоохон халдлагын нэг энэ болж байна. Өнгөрсөн баасан гарагийн өглөө мөн нэр нь үл мэдэгдэх этгээдүүд тус улсын хойд нутгийн Гилгит Балтистан бүсийн 12 сургуульд гал тавьсан хэрэг гарчээ.