Суран тэлээ /Өгүүллэг /

imagesӨнөөдөр та бүхэндээ Ч. Өлзийням : Суран тэлээ өгүүллэгийг хүргэж байна.

Суран тэлээ

Би тэр хүүг үзэн ядсаар ирсэн. Аав аа ээж ээ гэж дуудах бүр нь намайг тавлаж байгаа мэт санагдан тэр дуу гарсан зүг рүү хөмхий зуун хардаг байлаа. Саная ч гэсэн санаанд орох юу ч үгүй төрөлхийн л энэ газрын төмөр тавагтай хоолноос өөр зүйлд баярлах юмгүй өссөн над шиг хүнд хүйтэн өвлийн жаварнаас илүү хайрдаг үг бол “Ээж ээ, аав аа” гэх үг байлаа. Асрамжийн газрын юм бүхэн намайг бачимдуулна. Гадаа тоглох хүүхдүүд бүгдээрээ аав ээж гэж дууддаггүй байсан бол, эхнээсээ л би ийм үгийг ч мэдэхгүй байсан бол асрамжийн газрын юунд ч тэгтлээ уурлахгүй байх байсан. “Өнчин хүүхдийн төв” гэдэг нэрний учрыг олдог болсноос хойш энэ газрын юм бүхэнд уур хүрэх болсон юм. “ За хоолондоо ороорой” гэх багшийн үг, хаанаас ч юм ирэх тусламжийн цүнх, хичээлийн хэрэгсэл, хэн нэгний нас барахад өгдөг буяны юм гээд авах дуртай үгүйг минь ч асуухгүй цэрэг шиг жагсааж байгаад өгдөг элдэв өглөг бүрт би зэвүү хүрдэг байлаа.

Хэнийг санахаа ч мэдэхгүй хоосон оргиж, хүйт даасан өдрүүдийн дунд дэргэд минь ээждээ эрхэлсэн хүүхэд бүр миний өстөн болдог байв. Асрамжийн газрын ойр байх байрнаас өглөө бүр аав ээжийнхээ гараас хөтлөн гарч ирээд зогсоол дээрх хамгийн үнэтэй машиныг хөлөглөн явдаг тэр хүүгийн юм бүхэн надад зэвүүн. Хажуугаар гарахдаа над руу харж инээхийг нь яана. Яг боож үхмээр. Жаварт хайруулсан чихээ имрэн зогсоход минь тэр ноолууран ороолт малгай өмсөн улаа бутран гарч ирнэ. Олон халаастай хос жинсэн хувцас нь охидуудаас ичдэг болсноос хойш гангалах гэж ядсан миний эрээн цамцны хажууд дэндүү нүнжигтэй. Тэр хүүгийн юм бүхэн новшийн чанартай. Хэнд уурлахаа мэдэхгүй явсан надад ийм өстөн гарч ирсэн нь ч харин аз шүү. Хэзээ нэг цагт түүнийг ганцаараа явах юм бол зодно л гэж боддог байлаа. Аз болоход ахлах сургуульд ороод тэр хүү ганцаараа явдаг болсон юм. Нэг өдөр харанхуй орцонд түүнийг отож байгаад дагз руу нь бүх чадлаараа тоосгоор цохьсондоо хамаг уур гарах шиг болсон. Тэгээд байрандаа эргэж орж ирээд өшөөгөө авсан хүн шиг сэтгэл уужирч нам унтсан байх. Өглөө нь байрны багшийн дуу хонгилд хадаж миний нэрийг дуудах нь тэр. Гай болж өнөөх хүүхэд нас барсан байгаа юм. Харин намайг цохьсон гэдгийг хүн харж л дээ. Ингээд би гэдэг хүн хүүхэд насны төгсгөл дээрээ шоронгийн хүн болсон юм даа.
Хуягийн урдуур хойгуур хэрэх нэг өвөө байх. Зарим өглөө шоронгийн хашаанд байдаг траншейнаас гарч ирэн хоригдлуудад тамхи өгнө. Зарим өдөртөө алга болдог юм бодвол гадуур тамхи энэ тэр хайдаг байх. Тэгсэн хэрнээ өөрөө тамхи татахгүй. Яг хаанаас яах гэж энэ хашаанд ирснийг нь хэн ч үл мэднэ. Шазруунаараа алдартай миний сэтгэлийг энэ өвөө нэг л татаад байв. Арай нэг траншейны өвөөд уярч тэнэгтэх вий дээ. Хуягийг аргалж надад хаяа амттан өгнө. Өмссөн хувцас амьдардаг газрынхаа хаана нь нууж байж тийм цэвэрхэн хадгалдаг юм бол доо. Хаяа нэг надруу харж муухан инээвхийлэх нь харин намайг уурлуулдаггүй нь сонин. Уг нь би гэдэг хүн над руу харж инээмсэглэдэг хүүд өширхөж л энэ тортой хашааны шороог хөдөлгөх болсон биз дээ. Шоронд ирснийх нээрээ хүмүүжээд байгаа юм байх даа. Хатингаршсан гараар траншейны тагаа зөөлөн хажуу тийш болгон гарч ирэх тэр өвөөг харах гэж сүүлдээ бүр хүлээдэг боллоо.
Өвөө гарч ирнэ. Шоронгийн хуяг хөөнө. Тэгэхэд нь тэр өвөө юу ч юм хэлээд л над руу ирэх эрхээ авчихна. Ирээд надад өнөөх л цэв цэвэрхэн хадгалсан амттанаасаа өгнө. Асрамжийн газрын юу юунаас ч илүү өвөөгийн амьдралд би дасч эхлэв. Таарахгүй хэд хоновол үгүйлж эхэлнэ. Тэгээд тэртээд хашааны захад байх траншейны тагийг харуулдана.
Нэг удаа барилга дээр ажиллахаар бидний 10 хоригдол харгалзагчаа дагаад хот руу хөдөллөө. Шоронгийн өндөр хашаанаас гарч их хотынхоо барааг хараад хөөрсөнгүй ээ. Энд миний юу ч байхгүй. Хэн ч намайг хүлээгээгүй. Ажлын хүнд, тэр өдрүүдийн халуунд зүдрээгүй байж, шоронд байхаас илүү гунигтай байх юм. Тун чиг азгүй хүн ээ дээ би. Аав ээж гэж хүнд үнсүүлж үзэлгүй бага насаа өшөө хорслоор дүүрэн өнгөрөөж эцэст нь шоронгийн хаалга татаад одоо байтлаа шоронгоо санаад байна уу даа.
Хотын барилга дээр ажилласан 10 хоног надад шоронд өнгөрөөсөн 15 жилээс минь ч урт санагдаж эгээтэй л уйлалгүй шоронгийн бараагаа харав. Хашаагаар орж ирүүтээ өнөөх өвөөгийн байдаг газар луу харлаа. Яасан эвгүй харагдана вэ. Дээр нь нэг муур хэвтэнэ. Яагаад ч юм миний дотор арзасхийв.
Шорондоо ирээд гурав хонолоо өвөө үзэгддэггүй. Арай ч дээ. Намайг яа гэж байгаа юм бол оо. Ингэхэд би гэдэг хүн шоронг биш траншейны тэр өвөөг санаад байсан юмсанж. Ёстой ялын хугацаанд зовж байгаагүйгээрээ зовж, шаналж байгаагүйгээрээ шаналав. 7 хоног өнгөрөхөд би тэссэнгүй траншейн тийш алхлаа. Очтол тагийг нь ойрд аваагүй шинжтэй. Нээж үзмээр байдаг. Хуягийн дуу тасхийх нь тэр. Буцахаас өөр аргагүй болов.
Хэд хоног бас л өнгөрөв. Траншейны таг онгойсонгүй. Харин өвөөгийн арын хаалгаддаг өнөөх харгалзагч надад нэгэн бичиг авчирч өглөө.

Захидал
Шөнө бүр үнсэж байна гэж зүүдлүүлж ирсэн миний хүү. Ээжийг чинь өнгөрдөг тэр өдөр ухаан санаа галзуурч эмнэлэгт хүргэгдсэнээс хойш хүүгээ хөсөр хаяж ирсэн аавыгаа уучлаарай. Жалганд төөрч нохой шувууны хоол болсон гэж бодсон чамайгаа олон жилийн хойно сургийг нь гаргалаа. Шоронд орсон цагаас чинь хойш аав нь хүүгийнхээ төлөө ажиллаж ирсэн. Ялын чинь хугацаа дуусах хүртэл аавынх нь банкинд хураасан мөнгө гэр хуй авч хүрэлцэх байх. Заавал машин авч унаарай. Хүүгээ гэдсэнд олдоход аав нь хамгийн түрүүнд унаа авч хүүгээ суулгаад давхина гэж бодож ирсэн юм. Миний хүүгийн мөнгө хүрэх байх аа. Хугацаа чинь хэтэрхий урт болохоор аав нь хүүгээ хатуужиг гээд аавтай гэдгийг чинь мэдүүлээгүй юм. Тэр траншейнд аав нь амьдардаггүй ээ. Хүүгийнхээ барааг харах гэж хуягт их мөнгө өгч ордог байлаа. Миний хүү чинь аавтай хүн шүү. Аав нь хүүгээ гарч ирэхээр уулзая. Одооноос эхлээд сэтгэлээ чангалж ирээдүйгээ төлөвлө. Одоо тавхан жил юу байхав. Үгүй тэр алхаж байгааг нь ээ . Яг би шүү. Яахаараа ингэж дуурайдаг байна аа. Аав нь хүүгээ ирэхээр нь үнсэнэ ээ.

Хүн болсоор бараг уйлж үзээгүй миний нүднээс нулимс зоргоороо асгарч байлаа. Би аавтай байж… би аавтай байсан байх нь ээ. Тийм байх аа. Тийм байлгүй дээ. Юу гэж л би аавгүй байхав дээ. Би аавтай байж. Би аавтай байж гэж хашгирахтай минь зэрэгцэн хуягийн “Гэхдээ одоо аав чинь бас байхгүй болсон” гэх дуу чих дэлсэв.
Аав аа та ядаж хүүгээ үнсээд явахгүй яавдаа. Эсвэл хэд сайн ороолгоод өгөхгүй дээ. ААВАА гэж дуудаж ч үзээгүй байхад дахиад орхидог нь юу вэ? Аав аа..ийн ийн…
-Босооч чи. Юу дутлаа гэж архи ууж эхийгээ зовооно вэ?. Хүний дор оруулахгүй гэж хичээж ирсэн амьдрал минь эцэстээ ганц хүүгээрээ агсан тавиулж дуусах нь уу бос гэж байна чамайг би. Бос чи.
Хөнжил хуулан суран тэлээгээр ороолгох аавынхаа дуугаар би сэрлээ.
“Ээ Бурхан минь ямар аймаар зүүд вэ? Аав аа гэж дуудаж ч үзээгүй хүүхэд байдаг гэдгийг төсөөлөлгүй явж, элэг бүтэн, дутах юмгүй амьдралдаа сагаж ирсэн хүү нь одоо л ойлголоо. Аа яа яа…. аймаар зүүд…”

За аав аа. Бослоо. Хүү нь таныгаа дахиж зовоохгүй ээ хараарай. Аав аа, аав за бослоо л доо.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе

  Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл …