АНУ-аас орогнол хүрэхээр тус улсыг чиглэн яваа Төв Америкийн орнуудын дүрвэгсдийн цувааны эхний хэсэг Мехико хотод иржээ.
Гэмт хэргийн бүлэглэлүүдийн хүчирхийлэл, санхүүгийн бэрхшээл зэрэг шалтгааны улмаас эх орноо орхин дүрвэсэн 1000 гаруй дүрвэгч Мехико хотод ирж, спортын цогцолборт толгой хорогдож байна.
Мексикийн Засгийн газрын зүгээс тэднийг орогнуулах байр гаргаж өгч, эрүүл мэндийн тусламж үзүүлж, хоол хүнсээр хангаж байгаа ажээ.
Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дүрвэгсдийг хүлээн авахгүй гэдгээ мэдэгдэж, Мексикийн хил рүү хэдэн мянган цэрэг илгээх тушаал буулгасан билээ.
Дүрвэгсэд Гондурасын Сан Педро Сула хотоос хөдөлж, дөрвөн долоо хоногийн дараа АНУ-ын Техас муж улсаас 805 км зайтай Мехико хотод хүрэлцэн иржээ.
“Бид Америк мөрөөдлөө биелүүлэхийн тулд тус улсыг зорин явна. Бид бурханд итгэдэг учраас ямар ч нөхцөл байдлыг даван гарч АНУ-д хүрэх болно” гэж зургаан настай хүүгийнхээ хамт Сан Педро Сула хотоос хөдөлсөн гэж нэгэн дүрвэгч хэллээ.
Эдгээр дүрвэгчээс гадна Төв Америкийн орнуудын хэдэн мянган дүрвэгч Мексикийн Веракруз, Пуэбла, Чьяпас мужид явж байгаа тухай орон нутгийн хэвлэлийнхэн мэдээлжээ.