ОУВС-гийн удирдах захирал Кристин Лагард дэлхий нийтийн эдийн засгийн хамтын ажиллагааны төлөөх шинэ санаачилгыг гаргаж, ирээдүй хойч үедээ захидал хүргүүлжээ. Тус нээлттэй захидал нь ОУВС-гийн “Санхүү ба Хөгжил” сэтгүүлийн тусгай дугаарт нийтлэгдсэнийг орчуулан хүргэж байна.
Хүндэт нөхдөө, Би та бүхэнтэй бидний хамтдаа бүтээсэн түүхийн талаар болон ирээдүйн талаар өөрийн бодлоо хуваалцъя. 75 жилийн тэртээ 40 гаруй улсын төлөөлөгчид чуулж, дэлхийн эдийн засгийн шинэ дүрмийн талаар хэлэлцэж, баталсан юм. Тухайн үед их халуун зун болж байсан тул Нью Хемпширийн уулсын дундах Бреттон Вудсын амралтын газарт тэд чуулсан. Оролцогчдын дийлэнх нь Дэлхийн II дайны хор уршиг оршин тогтносоор байсан улсуудаас иржээ.
Тэд аймшигт зөрчилдөөнд хүргэж байсан алдаагаа давтахгүй гэж хурлын үеэр амласан байдаг. Учир нь дайнаас өмнөх үед улс орнууд хамтарч ажиллах биш, харин ч бүр протекционист бодлого баримталж байсан нь Их Хямралыг газар авч, гүнзгийрэхэд хүргэжээ. Үр дүнд нь асар том ажилгүйчүүдийн эгнээ үүсч, маш их уур, хилэн бий болсон. Энэ нь ауторитар дэглэм, түрэмгийлэл, дайны үр, үндэс болсон юм.
Бреттон Вудсын чуулган нь улс орнууд өөр хоорондоо, бие биендээ тусалдаг дэлхийн эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ эрин үеийг эхлүүлсэн. Нэгдмэл болох нь тэдний ашиг сонирхолд нийцтэй болох нь ч батлагдсан. Ийнхүү төлөөлөгчид Олон Улсын Валютын Сангийн суурийг тавьснаар түүний үндсэн 3 үүргийг тодорхойлж өгчээ. Тэдгээр нь, олон улсын мөнгө, валютын хамтын ажиллагааг дэмжих, эдийн засгийн өсөлт болон худалдааг хөгжүүлэх, хөгжил цэцэглэлтэд сөргөөр нөлөөлөх бодлоготой тэмцэх юм.
Түүнээс хойш дэлхийн эдийн засаг үндсээрээ өөрчлөгдсөн бөгөөд 75 жилийн туршид ОУВС бүрэн эрхээ хэрэгжүүлэн, тэдгээр өөрчлөлтүүдэд дасан зохицсоор ирсэн. Өдгөө ОУВС нь өндөр түвшний бодлогын зөвлөгөө болон техникийн туслалцаа өгөх, институтуудын чадавхийг бэхжүүлэх сургалт зохион байгуулах, хямралд орсон орнуудад бодлогын шаардлагатай алхмуудыг хийж, санхүүгийн дэмжлэг үзүүлж өөрчлөгдөх орон зайг олгох, хүмүүсийн амьжиргааны түвшинг нэмэгдүүлэх, сайжруулах илүү сайн бодлого боловсруулах зэргээр 189 гишүүддээ “мөнгө, ухаан, сэтгэл” зарчмаар үйлчлэв.
Бреттон Вудсын чуулганд оролцож байсан төлөөлөгчид зорилгодоо хүрч чадсан уу? Маргаангүй, чадсан. Өнөөдөр, ихэнх хүмүүс эрүүл энх, урт удаан, илүү сайн сайхан амьдарч байна. Улс орнуудын худалдаа тэлж, нэгэндээ хурдан хөгжихөд нь тусалж, илүү их ажлын байр бий болгож, орлогыг нь нэмэгдүүллээ. Бага орлоготой орнуудад худалдаа тэлснээр ердийн өрхийн гуравны хоёрынх нь, харин өндөр хөгжилтэй орнуудын дөрөвний нэг орчмынх нь хэрэглээний зардлыг багасгасан төдийгүй дэлхий даяар 1 тэрбум гаруй хүн ядуурлаас ангижрав.
Үүний зэрэгцээ түүнээс ч олон хүн ядууралд нэрвэгдэж, боломж нь улам хязгаарлагдсаар байна. Тэдний дунд залуу үеийнхэн ихээхэн хувийг эзлэх боллоо. Орлого багатай ихэнх орнууд 2030 он гэхэд Тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэхэд хүндрэлтэй тулгарч, шинэ үеийнхэн өөрсдийнхөө чадамж, боломжоороо амжилтанд хүрэх нь багассаар байна. Ядуурал, тэгш бус байдал, шинэ технологи нь уур хилэн, дургүйцлийг өдөөж, авилга нь институтад итгэх итгэлийг үгүй хийхэд хүргэлээ.
Энэ бүх өөрчлөлтүүд нь нэг талыг баримтлахад хүргэж, сэтгэл хөдлөлөөр хандах хандлагыг бий болгож байна. Энэ нь сүйрлийн зам гэдгийг түүх бидэнд харуулсан. Улмаар, “Уур бухимдлын эрин үе” рүү чиглүүлж, их хямралын дараах шиг олон улсын итгэлцэл, хамтын ажиллагаа нурж магадгүй юм.
Боломжийг бий болгох нь
Гэсэн хэдий ч энэхүү дистопи нөхцөл байдлаас өөр зам байхгүй гэж би итгэхгүй байна. Харин ч эсрэгээрээ “Ухамсрын эрин үе” -ийг бий болгох үүрэг, хариуцлага бидэнд ногдож байгаа гэдэгт би итгэдэг бөгөөд үүнийг бүтээх зүрх зоригтой байх хэрэгтэй. Машин, орон сууц, үйлдвэр зэргийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр ашиглах боломжтой ба эмэгтэйчүүд эрчүүдтэй ижил боломж, цалин хүртэх эрхтэй. Инноваци, шинэ бүтээлүүд бүгдэд илүү сайн, сайхан боломжуудыг бий болгож чадна гэдэгт би итгэдэг.
Энэ төсөөллийг бид хэрхэн бодитой болгож болох вэ?
Хариулт нь миний хэлдгээр, “шинэ мултилатерализм”-д оршино. Үүнийг амьдрах ухаан гэж хэлж ч болох юм. Энэ нь эдийн засгийн боломж бололцоог илүү өргөн хүрээнд хуваалцах гэсэн үг бөгөөд ингэснээр, залуучууд хаа ч байсан амжилтанд хүрэх, хувь нэмэрээ оруулах боломжтой болно. Өөрөөр хэлбэл улс орнуудын засгийн газрууд болон институтууд нь нийтийн сайн сайхны төлөө зүтгэж, дэлхийн хэмжээний сорилтуудыг даван туулахын тулд хамтран ажиллах тухай юм.
Юуг өөрчлөх хэрэгтэй вэ?
Юуны түрүүнд, бодлого боловсруулагчид хүмүүсийг гэртээ, эх орондоо ч амжилтанд хүрч болох нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Чанартай боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, дэд бүтцийн хүртээмж буюу тэр дундаа боломжоос хоцорч үлдсэн нэгэнд хүрэх хүртээмжийг бий болгож, илүү өргөн хүрээний боломжийг бий болгоход төсвийн бодлого нь маш чухал нөлөөтэй. Нэлээдгүй орнуудын хувьд энэ нь залуучууд, эмэгтэйчүүдэд онцгой анхаарал хандуулж, хүрэх тухай юм.
Үүнд мөн тэгш бус байдлыг арилгах асуудал ч хамааралтай. Дахин хэлэхэд, төсвийн бодлого нь тухайн улсын онцлогт тохирсон татварын арга хэмжээ, шатлалын тогтолцоог бий болгосноор нийгмийн хамгааллын сүлжээг бэхжүүлэх, технологийн өөрчлөлт, даяаршлын үр дүнд үүссэн тэгш бус байдлыг бууруулахад голлох үүрэгтэй. Төв банкууд инфляци буюу ядуу иргэдийн хамгийн том дайснаас сэргийлэх хэрэгтэй. Бодлого зохицуулагчид 10 жилийн өмнө санхүүгийн хямралд хүргэсэн санхүүгийн эрсдэлээс олон нийтийг хамгаалах ёстой.
Бодлогын ийм арга хэмжээ нь итгэл, найдварыг бий болгож, эдийн засгийн үр ашгийн шударга бус хуваарилалтын талаарх ойлголтыг даван туулахад тусална.
Олон улсын түвшинд бид хил дамнасан орон зайг илүү өргөн хүрээтэй болгох хэрэгтэй. Энд худалдаа маш чухал байр суурь эзэлнэ. Олон арван жилийн турш улс орнуудын гадаад худалдааг хөгжүүлж, хилийг нээлттэй болгосон нь технологид дамжин нэвтэрч, бүтээмжийг нэмэгдүүлж, өндөр цалинтай сая, сая шинэ ажлын байр бий болгосон гэдгийг бид мэднэ. Үүний зэрэгцээ худалдааны тогтолцоонд гажуудал үүсч, хүн бүрт ашигтай байж чадаагүй учраас шинэчлэгдэх шаардлагатай байгаа.
Өөр нэг сорилт бол олон улсын татварын тогтолцоо юм. Олон улсын компаниуд татвараа шударгаар төлдөг байх ёстой. Олон улсад аж ахуйн нэгжийн татварыг шинэчлэн өөрчлөхгүй бол, улс орнуудын татварын орлого тасарч ард иргэд, дэд бүтэц зэрэг чухал шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтыг хийж чадахгүйд хүрнэ.
Эдгээр нь миний харж буй сорилтуудын зарим нь бөгөөд үлдсэн 2 сорилт нь, дараагийн үе буюу залуучууд та бүхний дэлхий нийтийн анхааралд авчирж чадсан сорилтууд юм.
Эхнийх нь манай гаригийн ирээдүйд заналхийлж буй уур амьсгалын өөрчлөлтийг би онцолж байна. Калифорнийн ойн түймрээс эхлээд Мозамбикт болсон трофикийн шуурганы сөрөг үр нөлөөг та анзаарч байсан байх. Эдийн засгийн ногоон бодлого нь энэхүү аюул заналыг шийдвэрлэхэд тусалж чадна. Өөрөөр хэлбэл, байгаль орчны төлөвлөгөө байхгүй бол эдийн засгийн төлөвлөгөө байхгүй гэсэн үг.
Залуучуудын анхаарч байгаа өөр нэг асуудал бол авилга юм. Та үүнийг шударга бус гэж харж байгаа, үнэхээр ч тийм. Дэлхий нийтийн авилгаас үүдэлтэй зардал жилд 1.5-аас 2.0 триллион ам.долларт хүрээд байна. Энд авилга, хээл хахуулиас үүдэлтэй нийгмийн бусад зардал багтаагүй. Тиймээс бид илүү сайн, хүчирхэг эдийн засгийг бий болгохын тулд авилга гэх “хорт хавдар”-ыг эмчлэх ёстой.
Бреттон Вудсын анхны чуулга уулзалт дээр, АНУ-ын Сангийн сайд Хенри Моргенто: “Хөгжил цэцэглэлтэд тогтсон хил хязгаар гэж байхгүй … Хөгжил цэцэглэлт нь энх тайвантай ижил бөгөөд хуваагдашгүй. Бид үүнийг хаа нэгтээ тарааж, аз гэж бодож эсвэл бусдын зардлаар эдлэх боломжгүй юм” гэж хэлж байв.
Өнгөрсөн 75 жилийн туршид бидэнд тулгарч байсан сорилтуудын жагсаалтыг харвал шантармаар их аж. Гэхдээ Нью Хемпширт болсон уулзалтын үеэр тулгарч байсан сорилтуудын жагсаалттай харьцуулахад тийм ч их биш юм. Дэлхийн эдийн засгийн хамтын ажиллагааны талаарх хүчин чармайлтаа шинэчлэх цаг болсон гэж миний бие үзэж байна. Ингэснээр, хөгжил цэцэглэлтэд хүрч, цөөнхийн бус нийтийн аз жаргал, амгалан тайван байдлыг бий болгож чадна.
Хүндэтгэсэн,
Кристин Лагард