Э.Дэлгэрцэцэг: “Дуу оруулагч-жүжигчин мэргэжилдээ дуртай ч гэсэн дэлгэцэнд гарах юмсан” гэсэн нууцхан хүслийг минь сонссон юм шиг “Давхар цагаан шугам” кинонд тоглох санал ирсэн

MNB-ийн цоо шинэ бүтээл Прокурорын байгууллага үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойд зориулан бүтээсэн “Давхар цагаан шугам” онц сонирхолтой телевизийн олон ангит уран сайхны киноны гол дүр Нийслэлийн хяналтын прокурор Цэлмэгийн дүрийг бүтээсэн МҮОНРТ-ийн Кино, орчуулгын нэвтрүүлгийн албаны дуу оруулагч-жүжигчин Эрдэнэбилэгийн Дэлгэрцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр МҮОНРТ-ийн “Өдөр өдрийн нар” 60 ангит уран сайхны кино, “Хүрэлдэй: Их хааны элч”, “Нэг биений хоёр зүрх” зэрэг уран сайхны киноны гол дүрд тоглосноос гадна “Итгэл”, “Говийн домог”, “2000” зэрэг монголын уран сайхны киноны эмэгтэй гол дүрд ам барьж, дуу оруулсан.

Мөн түүний дуу оруулсан олон зуун орчуулгын бүтээлээс жишээ татвал МҮОНТ-ийн орчуулгын бүтээл үзэгчдийн дунд “тэсрэлт” хийсэн “Бурхан багш” олон ангит киноны Сиддартын төрсөн эх Махамаяа хатан болон эхнэр Яшодара гүнжид дуу оруулсан юм.

-Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Танай удамд урлагийн хүмүүс байв уу. Хүүхэд нас тань хэрхэн өнгөрсөн бэ?

-MNB.mn сайтын уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргэе. Манай ээжийн аав, ээж хоёр Цэргийн ансамбльд ажилладаг байсан. Эмээ маань уртын дуучин Л.Лхам-Орлом, өвөө маань хоор дуучин, ёочинчин Ж.Тэрбиш. Аав, ээж хоёр ажил ихтэй би эмээ, өвөөгөө л дагаж өссөн. Бага нас минь тоглолтын ард тайзан дээр дуулж, хөгжим тоглож, бүжиглэж буй ах, эгч нарыг харж биширч өссөн. Тэр дундаас бүжигчин эгч нарыг хараад том болоод ийм л мэргэжилтэй болно гэж боддог байлаа. Цэцэрлэгт байх үеэсээ л бүжгийн тоглолт, тэмцээнд орсон. Ингээд бодохоор миний зүрх сэтгэлийг урлагтай салшгүй холбосон хүн бол өвөө, эмээ хоёр минь.

Дараа нь би дунд ангиасаа зураач, загвар зохион бүтээгч болох хүсэлд автсан. Надад таван настайгаасаа хойш одоог хүртэл найзалж байгаа арван эмэгтэй найз бий. Бид “Free beat” гэдэг охидын бүжгийн хамтлагтай байсан. Энэ дундаас урлагийн хүн болсон нь би, мөн Ц.Хүсэлбаатар ах, гавьяат жүжигчин С.Өлзийхүү эгчийн охин мисс, жүжигчин Х.Баярмаа. Арван жилийн сурагч байхдаа манай хамтлагийнхан хошин урлагийн “Өнгөт инээд” продакшны тоглолтод бүжиглэдэг байлаа. Тоглолттой өдөр болгон 18:00 гэж тоглолт руу гаа очно. Шөнө 22:00 цагт тоглолт дуусаад гэр лүүгээ харина. Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин, бүжиг дэглээч Г.Ган-Очир багш биднийг удирддаг байсан.

Дуртай зүйлээ хийгээд дүүрэн үзэгчтэй тайзан дээр гардаг болохоор бөөн баяр. Мөн  цалин авна. Цалин буусан өдөр тор дүүрэн хүнс барьчихсан гэртээ орно. Өөрөө цалин орлоготой болохоор аав, ээжээсээ байнга мөнгө авахгүйгээр хэрэгцээгээ болгочихдог байсан. Тэр үеэс л жүжигчний мэргэжилд дурлаж, жүжигчин больё гэж шийдсэн. Гол нь миний хийж үзэхийг хүсдэг бүх ажил мэргэжлийг жүжигчин хүнд цогцоор нь хийх юм байна гэдгийг мэдсэн. Тухайн үед Үндэсний телевиз маань “MBDC” бүжгийн контент гаргасан даа. Манай хамтлаг тэр шоунд оролцоод финалд үлдсэн дөрвөн хамтлагийн цор ганц эмэгтэй хамтлаг болж байлаа.

-Таны хань мөн жүжигчин юм билээ. Нэг ангийн оюутнууд байсан уу. Танд сэтгэлээ хэрхэн илчилж байв?

-Манай хүнийг Б.Баттогтох гэдэг. Арван жилд байх даа манай “Давхар цагаан шугам” киноны Ерөнхий найруулагч Н.Чингис ахын кинонд жижиг дүрд тоглож байсан юм билээ. Сургуулиа төгсөөд дөрвөн найзын тухай өгүүлдэг “Найз” кинонд гол дүрд тоглосон. Дараа нь “Эмоци” продакшнд ажилласан, “Шөнө дундын яриа”, “Онцгой эрх” зэрэг кинонд тоглосон.

Би 2007 онд нийслэлийн 23 дугаар сургуулийг төгсөөд Соёл урлагийн их сургуулийн жүжигчний ангид элсэж, 2011 онд Монгол Улсын ардын жүжигчин Ж.Лхамхүү багшийн удирдлага дор төгссөн. Ханьтайгаа нэгдүгээр курсээсээ үерхээд, гэр бүл болсон. Тухайн үед манай найзууд чи СУИС-д сурах гэж элссэн юм уу нөхөрт гарах гэж орсон юм уу гээд шоолдог байсан (инээв). Бид хоёр ангидаа хонь, чоно хоёр байлаа. Манай ангийнхан “хамгийн хонь, чоно хоёр нь хоорондоо үерхээд, гэр бүл болчихдог” гэж гайхдаг.

СУИС-ийн оюутнууд чинь өглөөнөөс орой хүртэл хичээл, дасгалтай сургууль дээрээ өнждөг. Тэгэхээр гадуур болзох зав чөлөө нээх гардаггүй байлаа. Гэхдээ манай хүн хэчнээн хүйтэн өдөр байсан ч, өөрөө өдөржин хичээл, дасгал хийгээд ядарсан ч орой болгон хамт алхаж гэрт минь хүргэж өгдөг байсан. Би ч гэсэн автобус унаа, таксинд суугаад харьж болохоор байсан ч болзох цаг зав ерөөсөө гардаггүй байсан болохоор цуг алхаад л, замдаа юм яриад гэртээ хүргүүлдэг байсан. Уг нь СУИС-иас Жуков хүртэл нэлээн зайтай шүү дээ. Гэтэл хамт алхахаар зам хурдан дуусчихдаг байсан. 

Бүх л зүйлд сайн муу тал гэж байдаг даа. Урлагийн хүмүүсийн хувьд сайн тал нь гэр бүлийн хоёр ижил мэргэжилтэй болохоор бие биенээ ойлгодог. Нэг сцен, богинохон зураг авалт байлаа ч жүжигчнээс асар их бэлтгэл, цаг хугацаа, энерги хүч шаарддаг. Үүнийг өөр мэргэжлийн хүн төдийлөн ойлгохгүй. Харин бид хоёрын хувьд хэн хэн нь мэднэ.

-МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч, дуу оруулагч-жүжигчдийн дуу хоолой үзэгчдэд найз нөхөд, дотнын нэгнийх нь мэт ээнэгшин хоногшсон байдаг. Мөн энэ албанаас төрөн гарсан жүжигчид (Н.Ялалт, А.Баттүшиг, Д.Энхбаяр, Т.Бархүү, “Тусгай салаа”-ны Дэндэвт тоглосон Т.Эрдэнэбаяр, “Наран мандах нутаг”-ийн Шил Ганбаад тоглосон Ш.Батболд) Монголын кино урлагт гялалзаж байна. Энэ нэр хүндтэй, хүнд албаны нэг эд эс болсон түүхээ хуваалцаач?

-Намайг их сургуулиа төгсдөг жил МҮОНРТ эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнуудын тухай “Өдөр өдрийн нар” 60 ангит уран сайхны киноны проб зарлаж, СУИС-ийн төгсөх курсийн оюутнуудыг шалгасан. Бид ангиараа шалгуулаад одоо “Монголын мэдээ” сувагт нэвтрүүлэгчээр ажиллаж байгаа манай ангийн Ч.Энхзул болон жүжигчин Э.Чинзориг бид гурав тэнцсэн. Улсынхаа хамгийн ууган том, телевизийн олон ангит кинонд тэнцчихлээ гээд бөөн баяр болсон. Энхзул бид хоёр гол дүрд тоглосон. Ингэж анх MNB-тэйгээ холбогдсон. Кинонд тоглосны дараа соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Гомбын Золжаргал ах телевизэд ажилд орох маш том гүүр болсон. Над руу нэг өдөр утсаар яриад чи кинонд тоглоогүй зав чөлөөтэй байгаа бол телевиз дээр ирээд манай Кино, орчуулгын нэвтрүүлгийн албанд шалгуулчих гэж хэлсэн. Шалгуулсны ард Урлагийн гавьяат зүтгэлтэн Дармаа ах(Ж.Дарамсүрэн), дууны найруулагч Л.Сүрэнхорлоо эгч маань угтаж авсан. Ж.Дарамсүрэн ах надад “Битгий их жүжиглэ. Тухайн дүрээ хар, мэдэр. Үнэн бай. Тэр мэдрэмж чинь зөв байвал хоолойны чинь өнгө зөв гарна. Үг чинь аяндаа урсаад л явчихна” гэж хэлснийг байнга санаж явдаг. Тэр цаг мөчөөс хойш энэ албандаа, дуу оруулагч-жүжигчин мэргэжилдээ дурлаж, хайртай болсон. Учир нь өдөр бүр өөр өөр дүр дээр ажилладаг сонирхолтой, амттай ажил. Энэ сайхан албанд ажиллах замыг минь чиглүүлж өгсөн Г.Золжаргал ахдаа маш их баярладаг.

Дуу оруулагч-жүжигчнээр жүжигчний мэргэжлээр сурч төгссөн хүн л ажиллана. Урлагт үг хэл маш чухал. Маш их мэдрэмж, чадвар шаарддаг ажил. Эфирийн царай, төрхгүй, чадвар муутай жүжигчид микрофоны ард буюу “далд фронт”-д ажилладаг гэсэн ташаа ойлголт зарим хүнд байдаг. Чиний түрүү хэлсэн уран бүтээлчид энэ өрөөнд ажиллаж байхдаа дэлхийн олон орны хамгийн шилдэг гэсэн кинонуудад дуу оруулсан. Тэр дуу оруулалтуудаа хийж байхдаа суралцаж, өдөр бүр тексттэй ажиллаж, хэл амаа зүгшрүүлэх дасгал хийдэг. Үүний давуу тал нь диалоги буюу харилцан яриа тал дээр илүү гүнзгий мэргэшдэг.

Бусад албаныхан бид нарыг байнга л инээж байдаг. Бараг уурладаггүй хүмүүс гэж хэлдэг. Энэ нь ч үнэн. Саяхан соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртэж, төрдөө үнсүүлсэн нэвтрүүлэгч Н.Баярмаа болон Д.Цовоо, дуу оруулагч Д.Хишигдэлгэр эгч нар маань надад анх зааж зөвлөж байсан. Юу ч мэдэхгүй хүүхэд орж ирэхэд цааш түлхэхгүйгээр сургаад авахын төлөө л явдаг алба. Зөвхөн надтай гэлтгүй хүн бүртэй л тэгж тулж ажилладаг. Нэг хүн доод тал нь 3-8 дүрд дуу оруулдаг. Эмэгтэй хүнтэй холбогдолтой кино биш л бол эрэгтэй дүр илүү давамгай байдаг болохоор эрчүүд маань илүү ачаалалтай ажилладаг. 14-өөс доош насны эрэгтэй дүрд эмэгтэйчүүд дуу оруулдаг. Олон дүрд дуу оруулдаг болохоор заримдаа өөрөө өөртэйгөө харьцана. Манай албанд дуу оруулагч-жүжигчдээс гадна нэрт орчуулагч, дууны найруулагч нар, 16 мм, кино фондныхон гээд сайхан сайхан хүмүүс бий.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …